Дэд хурандаа О.Одонбаатар: Чингэлтэй дүүргийг камержуулснаар хэрэг, зөрчил 48.6 хувиар буурсан
ЦЕГ-ын Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа О.Одонбаатараас камержуулалтын талаар тодрууллаа.
-Цагдаагийн байгууллагаас тодорхой цэгүүдэд камер суурилуулах ажлыг эхлүүлсэн гэж дууллаа. Энэ талаар тодруулаач?
-Цагдаагийн байгууллагаас “Ногоон бүс” төслийг 2022 онд санаачлан хэрэгжүүлж, эхний ээлжид Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран дүүргийн I, II, III, XII хороодын камержуулах цэгийн техник эдийн засгийн үндэслэл тооцоо судалгааг гаргасан. Ингээд 477.6 сая төгрөгийн зардлаар 225 цэгт 553 ширхэг теле хяналтын камер суурилуулснаар тухайн нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл 48.6 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарсан.
Одоо Чингэлтэй дүүргийн хувьд хамгийн анхны бүрэн теле камержсан дүүрэг болох зорилтыг тавин өнөөдрийн байдлаар 13 хороонд 1050 теле камерыг шинээр байршуулсан гэсэн дүн мэдээ ирүүлсэн байна.
-Камерын тусламжтайгаар гэмт хэргийг илрүүлэх ажиллагаа хэр явагдаж байна вэ?
-Дэлхий даяар та биднйи аюулгүй байдлыг хангаж ажилладаг нийт нэг тэрбум гаруй хяналтын камер ажиллаж байна. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх үр дүнтэй аргуудын нэг бол мэдээж теле хяналтын камерын техник, хэрэгсэл, хяналтын нэгдсэн систем юм.
Тодорхой нэг жишээ дурдвал 2023 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд үйлдэгдсэн хүнийг санаатай алах гэмт хэргийг тус дүүргийн теле камерын “Ногоон бүс”-ийн тусламжтайгаар шуурхай илрүүлсэн. Энэ мэт маш олон гэмт хэрэг, сураггүй алга болсон хүн, тээврийн хэрэгслийг олж байгаа жишээнүүд байна. Гэвч улсын хэмжээнд теле камержуулах шаардлагатай 60 мянга орчим цэг байгаа. Үүнийг бүрэн хийж дууссаны дараа энэ ажлын үр дүн буюу иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлийн илрүүлэлт ахих юм.
–Дорноговь аймагт 13 настай охин амиа алдсан хэргийг илрүүлэхэд камер ямар шаардлагатайг олон нийт харсан. Бусад аймаг орон нутагт энэ төрлийн ажлууд хэр өрнөж байна вэ?
-“Ногоон бүс” төслийн хүрээнд өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 12.3 тэрбум төгрөгийн зардлаар 157 баг, хорооны нутагт 5649 хяналтын камерыг байршуулах ажил хийгдэж байна. Үүнээс нийслэлийн хэмжээнд 4.8 тэрбум төгрөгөөр 1372 цэгт 3116 цэгт байршуулахаар ажиллаж байна. Гэвч энэ нь төсөв хөрөнгөний хүрэлцээгүй байдлаас шалтгаалан улсын хэмжээнд нийт теле камержуулалтын 10 хувьд хүрэхгүй байна. Үүнийг нэмэгдүүлэхээр цагдаагийн байгуулагаас орон нутгийн удирдлагатай нягт хамтран ажиллаж байгаа. Жишээлбэл, Ховд аймгийн ИТХ-аас ирэх онд аймгийн хэмжээнд бүрэн камержуулах ажилд зориулан 5.4 тэрбум төгрөгийг шийдвэрлээд байгаа сайн жишээнүүд байна.
Дорноговь аймгийн хувьд энэ онд 731.6 сая төгрөгөөр камер тавих санал хүргүүлсэн боловч 146 сая төгрөгөөр шийдээд байсан. Дээрх харамсалтай гэмт хэрэг гарсны улмаас 1.5 тэрбум төгрөгөөр аймгийн хэмжээнд бүрэн теле камержуулах болсон талаар нутгийн удирдлагуудаас мэдээлэл хийсэн байсан.
Б.ЗАЯА
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Зочин [66.181.187.132] 2023-12-09 17:33:31
Зөв хэнэггүй байвал гэгээрч матрэкс болдог