Л.Болдхүү: Хувь хүний мэдээллийг зөвшөөрөлгүйгээр ашигласан, бусдад тараасан тохиолдолд торгох, зорчих эрх хасах, хорих хүртэл ял эдлүүлэхээр хуульд заасан

Aдмин / Хууль

Хүний эрхийн үндэсний комиссын Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн референт Л.Болдхүүтэй Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хэрэгжилт хийгээд хуультай холбогдуулан иргэдээс ирдэг гомдол, саналын талаар ярилцлаа.


-Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль хэзээ батлагдсан юм бэ?

-Цахим хөгжлийг төгөлдөржүүлэх хүрээнд Цахим хөгжлийн багц хуулиуд 2021 оны арванхоёрдугаар 17-ны өдөр УИХ-аас баталсан. Үүнд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай зэрэг таван хууль орсны нэг нь Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль юм. Энэ хууль маань 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөгдөж эхэлсэн. Мөн энэ хуультай холбогдуулан Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд өөрчлөлт оруулж, өмнө батлагдсан байсан Хувь хүний нууцын тухай хуулийг хүчингүй болгосон. Өмнөх хуулиар хувь хүн өөрөө нууцаа хамгаалдаг байсан бол шинээр батлагдсан хуулиар хамгаалдаг болсон. Шинэ хуулиар хувь хүний мэдээллийг ашиглах, цуглуулах, боловсруулах, аюулгүй байдлыг хангах цогц харилцааг зохицуулж байна.

-Тус хуулийн онцлог, гол чухал заалтууд нь юу вэ?

-Хүний хувийн мэдээллийг зөвхөн тухайн мэдээллийн эзний зөвшөөрлөөр, эсхүл хуульд заасан үндэслэлээр ашиглаж, цуглуулж, боловсруулж болдог болсон. Мөн нэр томьёонуудыг тодорхойлж өгсөн. Хүний хувийн мэдээлэл гэдэгт хүний эмзэг мэдээлэл, өөрийн болон эцэг, эхийн нэр, оршин суугаа хаяг, төрсөн он, сар, иргэний бүртгэлийн боловсрол, хөрөнгө, өмчлөл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох боломжтой бусад мэдээлэл орно гээд хуульчилчихсан.

Мөн хүний эмзэг мэдээлэл гэж үндэс угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэндийн болон захидал харилцаа, генетик болон биометр мэдээлэл, тоон гарын үсгийн түлхүүр, ял эдэлж байгаа болон эдэлж байсан эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжааг хэлнэ гээд зааж өгсөн. Үүнээс гадна цахим тодорхойлогч гэж ойлголт байгаа. Тэр нь цахим орчин, мэдээллийн системд нэвтрэх нэр, цахим шуудан, нийгмийн сүлжээн дэх мэдээллийг хэлж байгаа юм. Энэ дээр дурдсан бүхий л нууцыг хамгаалах харилцааг зохицуулж өгснөөрөө онцлог. Хамгийн чухал нь эдгээр мэдээллүүдийг эзнийх нь зөвшөөрлөөр л авч болно.

-Гар утасны дугаар хувь хүний нууцад хамаарах уу?

-Орно. Энэ бол хувийн мэдээлэл шүү дээ.

-Хүний мэдээллийг зөвшөөрөлгүйгээр шууд авах боломжтой субьект бий юу?

-Төрийн байгууллагууд хуульд заасан үндэслэлийн дагуу хүний мэдээллийг авдаг. Бид хурууныхаа хээг өгдөг шүү дээ. Ажил олгогч, ажилтан хоёр хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа зайлшгүй хувь хүний мэдээллийг авах шаардлагатай болно. Гэхдээ авах мэдээлэл нь хамгийн бага хэмжээнд байх ёстой гэсэн зарчим үйлчилнэ. Ямар зорилгоор авч байгаа юм. Яг түүндээ л чиглэсэн байх ёстой. Түүнээс биш зорилгоосоо илүү мэдээлэл шаардах эрхгүй. Хувь хүн ч өгөхгүй байх эрхтэй.

-Авсан мэдээллээ цааш нь дамжуулахгүй байх үүргийг мэдээлэл авсан тал хариуцах уу?

-Тэгнэ. Мэдээлэл авсан тал гэдгийг хуульдаа мэдээлэл хариуцагч гэж байгаа юм. Мэдээлэл хариуцагч тухайн мэдээллийг яг авсан зорилгынхоо дагуу ашиглана. Ашиглаад дууссан бол устгах үүрэгтэй. Гэхдээ зарим устгагдахгүй мэдээллүүд бий. Жишээлбэл, банк, тендертэй холбоотой мэдээлэл үүнд хамаарна.

-Цагдаагийн байгууллага, цагдаа мэдээлэл хариуцагчаас иргэний мэдээллийг шаардаж авах эрхтэй юу?

-Тэгж болно. Энэ хуулийн нэг зохицуулалт нь таны мэдээллийг эрх бүхий байгууллага авсан бол тэр тухай мэдээлэл танд ирэх ёстой. Таны мэдээллийг цагдаа, АТГ, Төрийн албаны зөвлөл ч гэдэг юм уу байгууллагууд авсан бол танд тэр даруй нь мэдээлэл хариуцагч мэдэгдэх үүрэгтэй.

-Мэдээлэл хариуцагч хүний хувийн мэдээллийг задруулсан, дамжуулсан бол ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Зөрчлийн тухай хуулийн 6.27 зүйл дээр мэдээллийн эзнээс хуульд заасан үндэслэл болон анх зөвшөөрөл авсан зорилгоос өөр зорилгоор хүний хувийн мэдээллийг ашигласан бол иргэнийг 500 нэгж, хуулийн этгээдийг 5000 нэгжээр торгоно зэргээр тодорхой заасан. Мөн Эрүүгийн хууль дээр ч хувь хүний мэдээллийг өөрийнх нь зөвшөөрөлгүй задруулсан бол торгох, зорчих эрхийг хязгаарлах зэргээр зохицуулж өгсөн. Үүнээс гадна хүндрүүлэх бүрэлдэхүүн нь энэ төрлийн гэмт хэргийг харилцаа холбоо, цахим сүлжээ ашиглаж хийсэн, албан үүргээ гүйцэтгэх явцад олж авсан мэдээллээ задруулсан бол торгох болон хорих ял хүртэл эдлүүлэхээр тодорхой зааж өгсөн байгаа. Зөвшөөрөлгүйгээр бичлэг хийх, гэрэл зураг авч, түүнийгээ тараасан бол бас нийтэд тустай ажил хийлгэх, хорих ял шийтгэхээр тусгасан.

-Энэ хууль мөрдөгдөж эхлээд хоёр жил болж байна. Хэрэгжилт хэр байгаа вэ. Иргэдээс ямар, ямар гомдол, саналууд түлхүү ирж байна вэ?

-Хуулийн дагуу ХЭҮК-т Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтэс 2022 оны хоёрдугаар хагаст байгуулагдсан. Энэ хугацаанд нийтдээ 48 гомдол, мэдээлэл ирсэн. Үүний дагуу 10 шаардлага, найман зөвлөмж хүргүүлсэн. Ангилаад үзэхээр хэд хэдэн салбарт асуудлууд байна. Тухайлбал, банк санхүүгийн салбар. Банк үйлчлүүлэгчийнхээ мэдээллийг хууль бусаар ашигласан тохиолдол гарсан. Тухайн банкны ажилтнууд ажлын цагаар хоорондоо яриад үйлчилгээ үзүүлэхгүй байсныг иргэн зургийг нь аваад цахим орчинд нийтэлсэн. Харин тухайн иргэнийг банкны ажилтнууд маш хурдан олсон. Учир нь царай таньдаг хяналтын камераа шүүгээд тухайн хүнийг таньж олоод хувийн мэдээллийг нь хууль бусаар ашиглаж, утсаар нь холбогдож тухайн зургаа устгахыг шаардсан байгаа юм. Мөн камерын хяналттай холбоотой гомдол, мэдээлэл нэлээд ирж байгаа. Хяналтын камерын ажилтнууд элдэв бичлэгийг найз нөхдөдөө дамжуулдаг, цахим орчинд нийтэлдэг зэрэг асуудал бий. Ер нь байнга камерыг хүн хянадд, үзээд сууж байгаа чинь өөрөө хүний эрхийн зөрчил. Шаардлагатай үедээ л эргүүлж шүүдэг байх хэрэгтэй. Дээрээс нь зээлийн мэдээллийн санд чанаргүй зээлдэгчийн мэдээлэл зургаан жил хадгалагддаг. Банк санхүүгийн салбар тогтвортой байхын тулд ийм хязгаарлалт байх ёстой. Гэхдээ зургаан жил арай урт хугацаа юу гэдгийг ХЭҮК-оос энэ жил “Хүний эрх ба технологи” сэдвийн дор хийх олон нийтийн хянал шалгалтынхаа явцад судлахаар болсон.

-Сонгууль дөхөхөөр улс төрийн намууд судалгаа авах нэрийдлээр хүмүүс рүү их утасддаг. Хувь хүний утасны дугаарыг намууд яаж олж аваад байна вэ. Энэ төрлийн гомдлууд ирж байна уу?

-Хууль хэрэгжиж эхэлснээс хойш анхны сонгууль нь одоо л болох гэж байна. Тийм болохоор сонгуультай холбоотой гомдол хараахан ирээгүй. Гэхдээ судалгааны байгууллагууд хувь хүнээс зөвшөөрлөө аваад хийж болно. Дээрээс нь мэдээлэл хариуцагч нь тухайн хүний утасны дугаарыг ямар, ямар газруудад өгснөө тэр дор нь мэдэгдэж байх үүргээ биелүүлэх хэрэгтэй. Хэрэв ингэвэл ямар нэгэн асуудал байхгүй. Харин сонгогчдын мэдээллийг хороо, багийн нийгмийн ажилтнууд тараадаг гэсэн яриа байдаг ч нотлогдсон зүйл байхгүй.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:52

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:51

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

Хил хязгаар нь олдохгүй мэдээлэл. [66.181.184.209] 2024-04-12 23:48:40

Уг нь бол хүний тухай мэдээлэл нууц байх ёстой. Даан ч Монголын орчинд энэ бол харьцангүй ба тодорхойгүй зүйл. Ер нь хүний тухай мэдээлэл бүрдүүлж цуглуулж эхлэхээс асуудал үүснэ. Хөл толгой нь олдохгүй.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.