Фумио Кашидагийн Засгийн газрын нэр хүнд өсжээ
Японы Ерөнхий сайд Фумио Кишидагийн Засгийн газрын иргэдийн дундах нэр хүнд дэмжлэг өнгөрсөн сард түүхэн доод цэгтээ хүрч унаад байсан. Тэгвэл АНУ-д амжилттай албан айлчлал хэрэгжүүлээд ирснийх нь дараахан “Киодо ньюз” агентлагаас явуулсан санал асуулгын дүнгээр Засгийн газрынх нь рейтинг сарын өмнөхөөсөө 3.7 нэгж хувиар буюу харьцангуй чамлалттай өссөн дүн гарсныг Японы хэвлэлүүд мэдээлж байна. Фумио Кишидагийн тэргүүлдэг эрх баригч Либерал ардчилсан намын санхүүжилтийн асуудлаас болж түүхэн доод үзүүлэлт рүү уруудаад байсан Засгийн газрын рейтинг 23.8 хувь болж нэмэгдсэн юм байна.
"Киодо" мэдээллийн агентлагаас утсаар явуулсан энэ асуулга судалгаанд оролцсон хүмүүсийн 93.3 хувь нь Либерал ардчилсан намыг дээрх улстөрийн санхүүжилттэй холбоотой хэрэг явдлыг мөрдөн шалгаж бүрэн цэгцэлсэн гэж итгэж байна гэдэг хариулт өгсөн нь энэ өсөлтөд гол нөлөөлсөн байна.
Харин асуулгад оролцсон хүмүүсийн 78.4 хувь нь намынх нь нэр хүндийг ихээхэн доголдуулсан энэ асуудлаар намын дарга Фумио Кишидад ямарваа нэг хариуцлага тооцохгүй гэсэн эрх баригч намын шийдвэрт дургүйцлээ илэрхийлжээ.
Өнгөрсөн оны сүүлчээр ил болсон энэ асуудал гэхдээ авлигын сүлжээ яг хэзээ, яаж эхэлсэн, 2022 оны дөрөвдүгээр сард Абэ Шинзо энэ асуудлыг зогсоохыг тушаасан байтал яагаад дахин сэргэсэн зэрэг олон асуудал нь өнөө хэр бүрэн ил тод болоогүй, учир битүүлэг хэвээрээ байгаа юм байна. Либерал ардчилсан нам 39 гишүүндээ, түүний дотор Абэ Шинзо агсны тэргүүлж байсан гол том фракцын хоёр гишүүнд намаас хөөх шийтгэл ногдуулсан. Харин сая судалгаанд хамрагдсан иргэдийн 65.5 хувь нь энэ шийтгэл хөнгөдсөн гэж үзэж байгаагаа мэдүүлжээ.
Ерөнхий сайд Фумио Кишидаг АНУ-д албан ёсны айлчлал хийж, аюулгүй байдлын хоёр талт эвсэл байгуулах асуудлаар тохиролцоонд хүрч, мөн Конгресст үг хэлсэн үйл явдлаас хэдхэн өдрийн дараа энэ санал асуулгыг явуулсан байна. Тиймдээ ч судалгаанд оролцогчдын олонх буюу 56.6 хувь нь энэ дээд түвшний айлчлалыг нааштай үнэлсэн бол 36.8 хувь нь сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.
Фумио Кишидагийн ойр шадар хамтран зүтгэгчид АНУ-д амжилттай хэрэгжүүлсэн Ерөнхий сайдынх нь айлчлал Засгийн газрын нэр хүндийг өсгөж, ирэх есдүгээр сард намын даргын бүрэн эрх дуусахаас өмнө парламентын доод танхим-Төлөөлөгчдийн танхимыг татан буулгаж ээлжит бус сонгууль зарлахад нь дэм болно гэдэг хүлээлттэй байсан юм байна.
Фумио Кишида парламентыг татан буулгахгүй нөхцөлд одоогийн парламентын доод танхимын бүрэн эрхийн 4 жилийн хугацаа 2025 оны 10 дугаар сард дуусах учиртай. Гэсэн хэдий ч Фумио Кишидагийн Засгийн газрын рейтинг, эрсдэлт түвшин гэж тооцогддог 30 хувийн заагт хүрэхгүй байгаа нь асуудал дагуулсан хэвээр байгааг ажиглагч, тоймчид тэмдэглэж байна.
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:26
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:26
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.