ПАРИС-2024: Олимпын наадмын 10 дахь өдрийн тойм мэдээ

Aдмин / Спорт

Өчигдөр буюу даваа гарагт Олимпын тамирчид спортын 9 төрөлд 20 багц медалийн төлөө өрсөлдлөө.



Балтийн тамирчид хүрлийн төлөө



Латви улсын сагсанбөмбөгчид Токиогийн Олимпод гаргасан гайхамшигт амжилтаа давтаж, 3×3 сагсан бөмбөгийн төрөлд алтан медаль авах зорилго тавьсан боловч түүнийгээ биелүүлж чадсангүй. Хагас шигшээд тэд талбайн эзэн Францын багт 14:21 харьцаагаар, Литвийн сагсанбөмбөгчид нидерландчуудад 9:20 харьцаагаар тус тус хожигдлоо. Ингээд Балтийн хоёр баг хоорондоо хүрэл медалийн төлөө тоглоход Литвийн тамирчид 21:18 харьцаагаар өмнөх Олимпын аваргуудыг давамгайлсан байна.



Шөнө орой болсон финалын тоглолтод талбайн эзэд Нидерландын багт нэмэлт цагт 18:17 харьцаагаар хожигдсоноор мөнгөн медаль хүртлээ.



3×3 сагсан бөмбөгийн төрөлд Олимпын аварга солигдлоо. АНУ-ын баг хагас шигшээд испани бүсгүйчүүдэд 16:18 харьцаагаар хожигдсоныхоо дараа Канадын багийг ялснаар хүрэл медаль хүртсэн байна. Даваа гарагийн орой Испани-Германы багуудын хооронд шигшээ тоглолт болж, герман бүсгүйчүүд 17:16 харьцаагаар ялж, Олимпын аваргаар шалгарлаа.



Хөл бөмбөг. Испани, Франц хоёр финалд шалгарлаа



Олимпын наадмын хөл бөмбөгийн тэмцээн шувтрах дөхөж байна. Даваа гарагт болсон эхний хагас шигшээ тоглолтод Испанийн багийн хаалганд мароккочууд 11 м-ийн торгуулийн цохилтоор гоол оруулсан боловч испаничууд хоёрдугаар үед хоёр гоол оруулснаар 2:1 харьцаагаар хожиж, Олимпын наадмын финалд шалгарлаа.



Өмнөх Токиогийн Олимпод испаничууд финалын тоглолтын нэмэлт цагт Бразилын шигшээд хожигдож байсан юм. Харин энэ удаад финалд ялалт байгуулж чадваас Европын АШТ ба Олимпын тоглолтод дараалан аваргалж, Испанийн хөл бөмбөгийн сүр хүчийг харуулсан гайхамшигт амжилт болно.



Даваа гарагийн орой талбайн эзэн Францын баг Египетийг 3:1 харьцаагаар ялснаар финалд шалгарч Испанийн багтай тоглохоор боллоо.



Шинэ Бубкагийн шинэ рекорд



Шведийн тамирчин Арманд “Мондо” Дуплантис тулгууртай харайлтын төрөлд гайхамшигт амжилтыг үзүүлж, 6 м 25 см-ийн өндөр дээгүүр харайснаар дэлхийн болон Олимпын дээд амжилтуудыг зэрэг тогтоолоо.



АНУ-д төрж өссөн, өдгөө 24 настай Дуплантис 2020 онд Украины домогт тамирчин Сергей Бубкагийн тогтоосон 6 м 14 см гэсэн рекорд амжилтыг эвдсэн юм. Энэ амжилтыг 26 жилийн турш хэн ч шинэчилж чадаагүй байсан бөгөөд хэзээ ч шинэчлэгдэхгүй хэмээн хүмүүс боддог байлаа.



Дуплантисын дараа хоёрдугаар байрт АНУ-ын тамирчин Сэм Кендрикс, гуравдугаарт Грекийн Эммануил Каралис нар оржээ.



Дуплантис нь С.Бубкагийн арга барилыг дууриаж, дэлхийн рекордыг нэг дор олон см-ээр бус харин ганц ганц см-ээр ахиулсаар байна. Ингэх нь Дуплантист санхүүгийн хувьд ашигтай тусдаг хэмээн зарим хүн ярьдаг.



Дугуйн тусгай зам дээр британичууд ялж эхэллээ



Даваа гарагт дугуйн тусгай замын уралдаанууд эхэлж, Их Британийн эмэгтэй дугуйчид багийн ойрын зайн уралдаанд Шинэ Зеландын багийг ялснаар дугуйн трекийн төрөлд эхний алтан медалийг хүртлээ. Их Британи бол “дугуйн спортын гол гүрнүүд”-ийн нэг бөгөөд Токиогийн Олимпоос Британийн эрэгтэй, эмэгтэй дугуйчид 3 алт, 3 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн юм.



Мөн өдөр гүйлтийн тамирчин бүсгүй Кили Хожкинсон 800 м-ийн зайн гүйлтэд өрсөлдөгчдөөсөө хэдхэн метрийн өмнө барианд орсноор алтан медаль хүртсэнээр Британийн хөгжөөн дэмжигчдийг баярлууллаа.



Албан ёсны бус медалийн хүснэгтэд жагсааснаар Хятад ба АНУ-ын багууд 21 ба 20 алтан медальтайгаар тэргүүлж, удаад нь 13 алтан медаль авсан Австралийн баг тамирчид, 12 алттай зохион байгуулагч орны баг бичигдэж байна.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ


Сэтгэгдэл

иргэн [103.57.94.13] 2024-08-06 17:25:42

бид Чингисийн монгол гэж цээжээ дэлдэж байгаад нэг мэдэхэд энэ дэлхийн хамгийн сул дорой үндэстэн болчихож


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.