Дэд бүтэц, эрчим хүчний төслүүдээ эрчимжүүлж, Буйр нуурыг түшиглэн усан боомт байгуулах санал дэвшүүллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын дэд дарга Хань Жөнтэй 2024 оны есдүгээр сарын 7-нд Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийв.
Талууд Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа амжилттай өргөжин хөгжиж буйд баяртай байгааг илэрхийлж, хоёр талын өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж, хоёр улсын хөгжлийн бодлогын зорилтуудыг уялдуулан хэрэгжүүлж, хоёр улсын хооронд тохиролцсон хамтын ажиллагааны асуудлуудыг ажил хэрэг болгохын тулд нягт хамтран ажиллаж байгааг тэмдэглэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг тэмдэглэж, хоёр улсын бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
Шинэ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Эдийн засгийн бодлого, Бүсчилсэн хөгжлийн бодлого, Хүний хөгжлийн бодлого зэргийн хүрээнд хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх, ялангуяа хоёр улсын боомтуудыг төмөр замаар холбох, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, ХАА-н гаралтай бараа бүтээгдэхүүн, газрын тос, тэсэрч дэлбэрэх бодис, химийн аюултай бодис нэвтрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, сэргээгдэх эрчим хүч, аж үйлдвэр, шинжлэх ухаан, технологи, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зэрэг чиглэлд анхаарал хандуулж буйгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ.
Хоёр улсын төрийн тэргүүн нар 2022 онд хоёр талын худалдааг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилт дэвшүүлсэн. Өнгөрсөн оны байдлаар хоёр улсын худалдааны хэмжээ 17.6 тэрбум ам.долларт хүрсэн нь талуудын идэвхтэй хамтын ажиллагааны үр дүн юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ойрын хугацаанд Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь хоёр улсад харилцан ашигтай стратегийн асуудал гэдгийг дурдаад Шивээхүрэн-Сэхээ, Чойбалсан-Бичигт, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал зэрэг төмөр замын хил холболтын төслүүдэд БНХАУ-ын тал хамтран ажиллаж эдгээр төслийг эрчимжүүлэхийг хүслээ. Улаанбаатар хотод метро барих, тойрог хурдны зам байгуулах төслүүдэд БНХАУ-ын талтай хамтран ажиллах саналтай байна гэв. Мөн эрчим хүчний салбарын реформын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хамтран хэрэгжүүлэх, Эрдэнэбүрэнгийн УЦС барих төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулах саналтай байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэв.
Гурван улсын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн төслийн шинэчилсэн жагсаалтыг талууд тохиролцсон бөгөөд “Эдийн засгийн коридор”-ын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, цаг алдалгүй хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ. Мөн Буйр нуурыг түшиглэн усан боомт байгуулах, хил дамнасан усан аялал жуулчлал хөгжүүлэх саналыг Ерөнхий сайд шинээр дэвшүүлээд Буйр нуурын ойр орчим 4C зэрэглэлийн нисэх буудал байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү төсөл нь Монгол Улс, БНХАУ, ОХУ гурван улс хооронд хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх “Цайны зам” хөтөлбөрийг дэмжих нэг том хүчин зүйл болох боломжтойг тодотголоо.
БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монгол Улсын Засгийн газрын урилгаар Монгол Улсад айлчилж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяний мэндчилгээг уламжлав. Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д өнгөрсөн онд хийсэн албан ёсны айлчлал нь хоёр улсын бодит хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэв.
Дэд дарга Хань Жөн хоёр талын улс төрийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх, бодит хамтын ажиллагааг эрчимжүүлэх, ард иргэдийн найрамдал, солилцоог нэмэгдүүлэх чиглэлд Монголын талтай нягт хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийлэв. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санал болгож буй дэд бүтэц, эрчим хүчний төслүүдийг эрчимжүүлэх нь зүйтэй гэдгийг онцоллоо. ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ
СУР
Сэтгэгдэл
Зочин [202.179.25.8] 2024-09-09 11:35:26
Эхлээд гану станц барьчих л да. гуйя тануудыг. Дараань наа сэргээгдэх , АТОМ энээ тэрээгээ ярь л да. Усан цахилгаан ётанц чинь дор хаяж 10 жилийн дараах асуудал биз дэ_ Ганцхан ширхэг нүүрсний станц бариад өгөөч. Ашигт үйлийг коэфцент ч гэх шиг ... Тархи угаалтаа зогсоож үз