Судалгаа: Дэлхий дээр жилд 57 сая тонн хуванцар бохирдол үүсдэг

Aдмин / Эдийн засаг

Хүн төрөлхтөн жил бүр 57 сая тонн хуванцар хог хаягдал бий болгож байгаа тухай Их Британийн Лидсийн их сургуулийн эрдэмтдийн шинэ судалгаанд дурджээ. Судалгааны үр дүнгийн талаарх өгүүлэл “Nature” сэтгүүлд нийтлэгдсэн байна.

Энэ бол Нью-Йоркийн төв цэцэрлэгт хүрээлэнг бүхэлд нь дүүргэх хэмжээ бөгөөд "Эмпайр-Стейт-Билдинг" барилгын өндөртэй тэнцэхүйц хуванцар хаягдлын овоолго үүсэх ажээ.

Судлаачид дэлхийн 50 мянган хотод хэр их хэмжээний хуванцар бохирдол бий болгож байгааг судалсан байна. Хуванцар бохирдол гэдэг нь хогийн цэгт хаях эсвэл шатаагаагүй ил задгай хаясан хуванцрыг хэлдэг. Манай гаргийн хүн амын 15 хувь нь оршин суудаг газруудад хуванцар хог хаягдлыг зохих ёсоор цуглуулж, устгадаггүй бөгөөд энэ асуудал нь хамгийн их хэмжээний хуванцар хог хаягдлыг бий болгож буй Зүүн Өмнөд Ази болон Сахарын цөлөөс урагш орших Африкийн орнуудад онцгой ажиглагдаж байгааг судалгаа харуулжээ.

Хуванцар бохирдлыг хамгийн их хэмжээгээр үүсгэдэг хотуудын жагсаалтыг Лагос хот (Нигери) тэргүүлж байна. Тус хотын араас Дели (Энэтхэг), Луанда (Ангол), Карачи (Пакистан), Каир (Египет) оржээ.

Улс орнуудын дотроос Энэтхэг улс хамгийн их буюу 10.2 сая тонн хуванцар бохирдол үүсгэдэг байна. Энэ нь хоёр, гуравдугаарт орж байгаа Нигери, Индонез улсуудынхтай харьцуулахад хоёр дахин их хэмжээ юм. Байгаль орчныг бохирдуулж байна гэж байнга шүүмжлүүлдэг Хятад улс дөрөвдүгээрт жагсжээ. Хуванцрын бохирдлыг хамгийн их хэмжээгээр үүсгэдэг орнуудын тоонд мөн Пакистан, Бангладеш, Орос, Бразил улсууд орж байна. Эдгээр найман улс нийлээд дэлхийн хуванцар бохирдлын талаас илүү хувийг бий болгож байна. АНУ-ын хувьд 90 дүгээрт (52500 тонн), Их Британи 135 дугаарт (5100 тонн) оржээ.

Судалгаанд мөн хуванцрыг буруу шатааснаас, мөн хаяснаас үүдэн бий болдог бичил хуванцар хүний эрүүл мэндэд хор хөнөөлтэй болохыг онцолсон байна. Эдгээр бичил хэсэг нь Эверестийн оргилоос эхлээд Марианы хонхор хүртэлх хамгийн алслагдсан газруудаас илэрсэн бөгөөд хүмүүсийн эрүүл мэндэд ихээхэн аюул учруулж байна.

Дэлхийн улс орнуудын ихэнх нь хуванцар бохирдлын тухай анхны гэрээг байгуулах зөвшилцөлд 2022 онд хүрсэн юм. Энэ асуудлаарх эцсийн хэлэлцээ 11 дүгээр сард Өмнөд Солонгост болно.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.169] 2024-09-09 18:04:11

Хуванцар савны үйлдвэрлэл, хэрэглээ ихсэхийн хирээр хорт хавдарын өвчлөл ихэснэ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.