Л.Оюун-Эрдэнэ: Олон алдагдсан баялаг Үндэсний баялгийн сан, Хуримтлалын санд төвлөрнө
Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж заасан. Үндсэн хуулийн энэхүү заалтыг хэрэгжүүлэхийн тулд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг 2024 оны дөрөвдүгээр сарын 19-нд баталсан. Засгийн газар хуулийн хэрэгжилтээ 12 дугаар сарын 20-ны өдөр буюу Засгийн газрын 100 хоногоор дүгнэж, олон нийтэд тайлбарлав. Хууль батлагдаад удаагүй ч үр дүн гарчээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Байгалийн баялгийн үр өгөөжийг цөөн хэдэн гэр бүл биш Монголын нийт иргэд тэгш хүртэх эрхтэй” хэмээн онцлон хэлсэн юм.
Гүйцэтгэх засаглалын тэргүүн хэлэхдээ “Үндэсний баялгийн сангийн олон улсын нэршил “Чингис фанд” буюу Их хааны нэртэй. Ирээдүйн өв сан ирээдүй хойч үедээ хадгална. Нийт баялгийн сангаа арвижуулахад захиран зарцуулах боломжтой хэлбэрийн санг ирээдүй өв сан гэж нэрлэдэг. Дэлхийд хамгийн алдартай нь Норвегийн “Norges” банк юм.
2024 онд Ирээдүйн өв сангийн хуримтлал 3 их наяд 972 тэрбум төгрөгт хүрэв. Валютын нөөцийг бий болгоход валют хэлбэрээр хуримтлал бий болно гэсэн үг. Гэхдээ хамгийн эрсдэл багатай зүйлд захиран зарцуулах ийм боломжит эрх зүйн орчин хуулиар нээгдсэн.
Хуримтлалын сан саяхан шинээр бий болсон бөгөөд иргэд ихэд сонирхож буй юм. Хууль батлагдсанаас хойш буюу 2024 оны жилийн эцсээр нийт 497.5 тэрбум төгрөг хуримтлагдсан байна. Иргэн бүхэнд хуваагдахаар 135 мянган төгрөг болж буй. Улсын хэмжээнд хуримтлалын сан иргэн бүрийн хувьд хадгаламжийн сан гэсэн үг.
Иргэн бүр “И-Монголиа”-гаар дамжаад нэрийн дансаа харж болно. Баталгаажуулаад карт болон хадгаламжийн дэвтэр хэлбэрээр авч ч болох юм. Өөрөөр хэлбэл, яг л банкны хадгаламжтай адил таны хадгаламж хүү төлж арвижих боломжтой. Цаашлаад Сингапурын хуримтлалын сантай адил орон сууц, боловсрол, эрүүл мэнд гэсэн амьдралын гурван чухал чанарын асуудалд бэлэн бус хэлбэрээр шууд захиран зарцуулах боломж нээгдэнэ гэсэн үг.
Хуримтлалын санд төвлөрсөн мөнгөөрөө ипотекийн зээл авах боломжтой. Хуримтлалын санд хэдэн төгрөг төвлөрнө тэр хэмжээгээр боловсрол, эрүүл мэнд дээр дэмжлэг үзүүлнэ гэсэн томоохон бодлого явах юм. Засгийн газар энэ санд 2024 онд 500-гаад тэрбум төгрөг, 2025 оны нэг их наяд төгрөг давна гэж төсөөлжээ. Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу “Эрдэнэт үйлдвэр”, “Тавантолгой” 200 орчим, бусад байгалийн баялгийн стратегийн ордын төрд ногдох 34 хувь бүхэлдээ хуримтлалын санд шилжсэн гэсэн үг.
Иргэн танд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 34 хувь, “Оюутолгой”-н 34 хувь, “Хөтөл”-ийн 34 хувь, Дархан төмөрлөгийн 34 хувь, “Эрдэнэс Тавантолгой”-н 34 хувь байна. Цаашлаад Цагаан суварга дээр хэлцэл явагдаж, 34 хувь нь хуримтлалын санд орох ёстой. Мөн ирээдүйд “Бадрах энержи"-гийн 34 хувь орох ёстой. Үүнээс гадна 34 хувийн ногдол ашиг болон 34 хувьд ногдох АМНАТ-ийн орлого бүхэлдээ энэ сан руу чиглэнэ.
2030 оноос хойш АМНАТ-ийн нийт орлогын 65 хувь Ирээдүй өв санд төвлөрөх бол үүнийг гурван санд тэгш, хүртээмжтэй чиглүүлнэ.
Нийгэмд тулгамдаж буй асуудлыг улсын төсвөөс дэмжлэг үзүүлж шийдвэрлэх, Хөгжлийн банкаар дамжиж зээл болон бусад хөрөнгө оруулалтын томоохон орчинд сэдэлжүүлэлт болоход Хөгжлийн сан маш чухал.
Дэлхийн улсууд Хөгжлийн сангаараа дамжиж байж л энэ том дэд бүтцүүдийг шийдвэрлэсэн байдаг. Тэгэхгүй бол улсын төсвөөр дэд бүтцийн энэ бүх асуудлуудыг шийдвэрлэх боломжгүй.
Хөгжлийн сан хөгжлийн банктай маш нягт хамтарч ажиллана гэсэн үг. Хөгжлийн сантай болсон учраас Засгийн газраас 2025 оныг нийслэлийн тулгамдсан асуудал болох авто замын тгжрэл, агаарын бохирдол, эрчим хүчний дутагдал тал дээр Хөгжлийн сан Үндэсний баялгийн санг дэмжиж хамтран ажиллах шийдвэр гаргалаа.
Өнгөрсөн хугацаанд нийслэл Улаанбаатар хот, Засгийн газар ч бай улсын төсөв дээр тулгуурлаж асуудлуудаа шийдэхийг хичээж ирсэн. Одоо улсын төсөв дээр нэмэх нь Баялгийн сантай хамтарч, татварын 1 хувийн борлуулалтын орлого буюу хувийн хэвшилтэйгээ хамтарч, бүх нийтийн үйлс болгож, тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэж чадах эхний жил.
Улсын төсөв ашигтай гарсан тохиолдолд 50 хувь нь төсөв тогтворжуулахад, 50 хувь нь хөгжлийн асуудлаа шийдвэрлэхэд зарцуулагдахаар хуульчлагдсан. 2024 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 240 тэрбум төгрөг төвлөрсөн. 2025 онд 544.4 тэрбум төгрөгт хүрнэ гэж тооцсон. Гэхдээ энэ бол одоо байгаа “Эрдэнэс Монгол”-ын харъяа зарим стратегийн ордууд дээр тулгуурласан орлого дээр үндэслэсэн дүн.
Хэрвээ Засгийн газраас зарлагдаж буй 14 мега төсөл, цаашлаад уул уурхайн хөрөнгө оруулалт хөдлөөд эхэлбэл энэ дүн өөрчлөгдөнө. Тийм учраас монголчууд бид баялгаа ашиглаж чаддаг, баялгаа хүртэж чаддаг, баялгаараа дамжуулаад, нийгмийн тулгамдсан асуудлаа шийдвэрлэж чаддаг байх эрх зүйн зарчмыг л үндэсний баялгийн сан гэж нэрлээд байгаа юм.
Олон жилийн хугацаанд мэтгэлцээнтэй байсан байгалийн баялаг ирээдүйд иргэнд мөн хөгжлийн асуудалдаа хэрхэн зарцуулагдах вэ гэсэн үндсэн дээр энэ суурь хуулиар Үндсэн хуулийнхаа дагуу гаргаж өгөөд, хэрэгжиж эхлээд, шинэ жилийн босгон дээр анхныхаа үр дүнг үзэж байгаа түүхэн цаг хугацаа юм.
2040 он гэхэд зөвхөн хуримтлалын сан дээр төвлөрөх орлого багадаа 38 их наяд болно. Тийм учраас баялгийн сангийн хуулиа батлах гээд нэлээд тэмцэл болсон. Одоо бид хамгаалах ёстой. Баялгийн сангаар дамжуулаад байгалийн баялаг иргэн бүхэнд шууд хүртээмжтэй хүрэх энэ эрх зүйн орчноо бидний хувьд нүдний цөцгий мэт хамгаалах учиртай.
Өнгөрсөн хугацаагаа эргээд дүгнэвэл, Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдах хүртэл үндсэндээ байгалийн баялаг алдуул адуу шиг байсан. Одоо хашаан дотор бүгдээрээ орж ирсэн. Одоо яаж өгөөжөө илүү нэмэгдүүлэх вэ, яаж хамтдаа хуримтлал үүсгэх вэ, яаж хадгаламжаа арвижуулах вэ, яаж энэ сангуудад аль аль төсөл өгөөжтэй байгаа вэ гэдгийг хамтдаа хянах вэ гэдэг боломжтой эхлэл цэгийг энэ сарын 20-ны өдөр Засгийн газар 100 хоногоороо тавьж чадсан нь түүхэн ололт юм.
Том төслүүд хөдлөх, аливаа зарчмын томоохон шийдлүүд гарах болгонд нийгэмд доргилт үүсч, асуудлууд болдог. Хөгжлийн банк тэдгээр өрүүдийг зарлаагүй бол Монгол Улс үндсэндээ дефолтод орох байсан. Яагаад вэ гэвэл цар тахлын нэлээн хүндрэлтэй цаг үе байсан. Тэгж байж Монгол Улс дефолтоос гарсан. Тэгж байж Монгол Улсын зээлжих зэрэглэл сайжирсан. Гэхдээ тухайн үед нийгэм талцалтай, асуудлыг янз бүрийн өнцгөөс тайлбарлаж байсан.
Оюутолгойн 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэж, гүнийн уурхайг ашиглалтад оруулах шийдвэр УИХ-аас гарч байхад бас л талбай жагсаалтай байсан. Гэхдээ Оюутолгойн баланс цэвэрлэгдсэнээрээ гүнийн уурхай ашиглалтад орсон. Хэрвээ Оюутолгойн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдээгүй байсан бол Баялгийн сангийн тухай хууль батлагдах ямар ч боломжгүй байсан. Тийм учраас энэ дээр хамт байсан иргэддээ, тухайн үед энэ шийдвэрийг гаргахын төлөө зогсож байсан улс төрчдөд талархал илэрхийлэх нь зүйтэй.
Нүүрсний хулгай гээд олон асуудал болсон. Тавантолгойтой холбоотой асуудлуудыг гаргаж тавихад бас л талбай дүүрэн жагсаал болж байсныг та бүхэн санаж байгаа. Өнөөдөр бид Гашуунсухайт-Ганцмод гээд олон жилийн хугацаанд талцаж байсан хил холболтыг хийх асуудлыг УИХ-д оруулах гэж байна.
Бодитоор бол хоёр Засгийн газар, хоёр төрийн өмчит компани хоорондоо тохирч болох байсан зүйлийг заавал гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг оруулж ирснээр энэ олон жилийн хугацаанд гацсан. Одоо хоёр улсын засгийн газар олон улсын хэлцэл хийх гэж байна. Энэ хэлцлээ бид УИХ-аар соёрхон батлуулах гэж байна. Энэ нь өөрөө Баялгийн сангийн хуримтлал.
Сүүлийн жилүүдэд Тавантолгой ашигтай ажиллаж байна. Энэ том агуулгын үргэлжлэл цэг болох учиртай гэдэг агуулгаар энэ асуудлууд шийдэгдээд явж байгаа юм. Цаашдаа “Бадрах энержи”, Цагаан суварга, Ачит эх гэх мэтчилэн олон алдагдсан баялгуудын 34 хувь нь стратегийн орд учраас баялгийн сан, хуримтлалын санд төвлөрнө.
Энэ маань ирээдүйд хадгалагдана. Валютын нөөцийг арвижуулна. Таны хөрөнгө болно. Та боловсрол, эрүүл мэнд, орон сууцандаа зарцуулах, хянах боломжтой болно. Мөн хөгжлийн тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэх боломжтой болно.
Баялгийн сангаа хамтдаа хамгаалцгаая. Баялгийн сангаа илүү арвижуулцгаая. Баялгийн санд төвлөрөөгүй байгаа баялгийг төвлөрүүлэхийн төлөө хамтдаа тэмцэцгээе” хэмээн тайлбарласан нь бий.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
зочин [66.181.189.162] 2024-12-26 12:55:29
Үнэн энэ шүү дээ жирийн иргэд ойлгож дэмжиж байгаа шүү Элдэв далим хайж өнгөрсөн лайвуудыгаа эвлүүлэн цацдаг олныг уриалдаг хэсэг бүлэг байна аа Байж л байг Одоогийн бодлогод хорссон яаж олон түмнийг эсрэг хөдөлгөх үү гээд зүүдэлж унтаж чадахгүй хэсэг байна Түмэн олон нүдтэй мөнгөөр асуудал шийддэг үе ард хоцорчээ Хагартал баяжиж эрх мэдлээ хамгаалж байгаа хэдэн гэр бүлтэй ярилц гэрээ тулгаж хийе
Зочин [202.9.40.243] 2024-12-26 12:11:17
Хөөе Гантөмөрөө одоо наад засгаас хурдан гар. Янхан болж гүйцлээ
зочин [192.82.65.120] 2024-12-26 09:33:21
ИТГЭХГҮЙ БАЙНА, ДАНДАА ХУДАЛ ЯРЬСАН, ҮҮНИЙ ДҮНД АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ УЛАМ ДОРДОЖ БАЙНА. ЧАМАЙГ МӨНГӨ ЯРИХААР ЧАМАЙГ ДЭМЖНЭ, МАГТАНА ГЭЖ БОДОО ЮУ. ХАРИН Ч ҮЗЭН ЯДАЖ БАЙНА. ОДОО БОЛНО.
Зочин [66.181.176.231] 2024-12-26 08:36:08
үлгэрийн баатар