АБГББХ: Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны /2025.05.20/ хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Хуулийн төслийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан танилцуулав.
Дэлхий нийтээр шилжин суурьшигч иргэд, тэдний гэр бүлийн нийгмийн хамгааллын эрхийг хангах, тухайн улсын иргэдийн адил харилцан тэгш эрх, үүрэгтэй байх, хоёр улсын нийгмийн хамгааллын тогтолцоонд давхар хамрагдаж шимтгэл төлөхөөс зайлсхийх хамгийн үр дүнтэй арга хэрэгсэл болох нийгмийн хамгааллын олон улсын хэлэлцээрийг байгуулан дээрх асуудлыг шийдвэрлэж байна.
Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, хөтөлбөрт нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлэх, гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэний нийгмийн баталгааг хангах үүднээс нийгмийн хамгааллын хэлэлцээрийг үргэлжлүүлэн байгуулах зорилт дэвшүүлж, Монгол Улсын иргэд олноор оршин суудаг улс орнуудтай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг байгуулан хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас Бүгд Найрамдах Казахстан Улстай тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээр байгуулах хэлэлцээг 2018 оноос эхлүүлж, улмаар “Монгол Улс Засгийн газар болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээр”-т хоёр тал 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гарын үсэг зурсан.
Энэхүү хэлэлцээр нь нийгмийн даатгалын хуульд зааснаас өөр журмаар тэтгэврийн эрх үүсгэх, олгох харилцааг зохицуулсан тул Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т зааснаар заавал соёрхон батлах олон улсын гэрээ юм.
“Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийн тухай” хуулийн төсөл нь нэг зүйлтэй ба Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газарт өргөн мэдүүлснээр соёрхон батлахаар тухай тусгасан болно гэлээ.
Гадаад харилцааны яамны мэдээллээр 2023 оны байдлаар БНКУ-д Монгол Улсын 8,036 иргэн оршин сууж байгаагаас 3,115 иргэн албан ёсоор ажил хөдөлмөр эрхэлж байгаа бол Гадаадын иргэн, харьяатын газрын мэдээллээр Монгол Улсад БНКУ-ын 564 иргэн оршин сууж байна.
Уг хэлэлцээр хэрэгжсэнээр хоёр улсын иргэд Монгол Улс болон БНКУ-д ажилласан, шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох, Монгол Улсын иргэд БНКУ-аас хуримтлалын тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдсэнээр тухайн хүний ирээдүйн нийгмийн баталгаа сайжрах юм гэсэн мэдээллийг өглөө. Иймд “Монгол Улс Засгийн газар болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хууль”-ийн төслийг боловсруулжээ.
Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагагүй бөгөөд улсын болон нийгмийн даатгалын сангийн төсөвт нэмэлт хөрөнгийн эх үүсвэр шаардагдахгүй гэлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.
Дараа нь “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Жангабыл, Төрийн албаны шинэчлэлийг хийж чиг үүргийн давхардлыг арилгах хүрээнд төрийн албан хаагчдын тоог есөн хувиар бууруулах замаар чадварлаг, зохион чадварлаг, цомхон, бүтээмжид суурилсан төрийн албыг бэхжүүлнэ гэж заасан байна гээд, есөн хувиар хэрхэн бууруулах талаар тодорхой хариулт хүслээ.
Эдийн засаг, хөгжлийн яамны Хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Эрдэнэбат, есөн хувь гэдэг нь урьдчилсан тооцоолол. Төрийн чиг үүргийн цогц шинжилгээ хийх процессын дахин инженерчлэл, болон бусад ажлуудыг хийсний дараа ямар байгууллагаас хэдэн хувийг хэрхэн цомхотгох нь тодорхой болно. Төрийн албаны шинэчлэлийн хүрээнд төрийн урсгал зардлын ДНБ-д эзлэх хувийг 24 хувиар бууруулах, төрийн үйлчилгээг иргэддээ хүргэх зэрэг цогц ажлуудыг төлөвлөсөн байгаа. Яг аль салбараас хэдэн хувь цомхотгох, цомхотголд орсон хүмүүсийг төрийн бус байгууллагууд руу шилжүүлэх, төрийн албан хаагчдыг сэлгүүлэн ажиллуулах, цомхотголд орсон төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг хэрхэн шийдэх зэрэг төлөвлөгөөнүүдийг ондоо багтаан эцэслэж гаргасны дараа чухам аль байгууллагаас хэдэн хувиар бууруулах нарийн тооцоо гарна гэсэн хариултыг өгөв.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, төрийн бодлогын зорилтууд иргэдэд аль болох ойлгомжтой хүрч байж олон нийт төрийн бодлогыг дэмжинэ хэмээн үзэж байгаагаа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл, Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчдын техник хэрэгсэл, ажиллах орчныг сайжруулах, хувцас хэрэглэлтэй холбоотой асуудлууд байнга яригддаг гээд, 2026 оны төсөвт хэрхэн тусгахаар төлөвлөж байгааг тодруулсан.
Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Эдийн засаг, хөгжлийн яамны зүгээс байгалийн гамшгийн эрсдэлтэй хүчин зүйлсийг байнга анхаарч, эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагад анхаарч ажиллаж байгаа. 2026 оны жилийн хөгжлийн төлөвлөгөөнд дэвшилтэт технологи, инновацад суурилсан гамшгаас хамгаалах, эрт сэрэмжлүүлэх, зарлан мэдээллийн нэгдсэн систем байгуулах, шаардлагатай дүүрэг сумдад анги салбар шинээр байгуулах, онцгой байдлын техник, тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэх талаар тодорхой тусгасан. Өнгөрсөн хугацаанд гадаад зээл тусламжийн хүрээнд онцгой байдлын салбарын аврах чадавхыг бэхжүүлэх, хүчин чадал, тоног төхөөрөмжийг сайжруулах чиглэлээр томоохон төслүүд хэрэгжүүлээд, тодорхой үр дүнд хүрсэн гэж үзэж байгаа. Цаашдаа энэ бодлогын арга хэмжээг үргэлжлүүлж ажиллана гэсэн хариулт өгсөн юм.
ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян, Онцгой байдлын байгууллагын хувьд өнөөдөр техник, тоног төхөөрөмж, хувцас, тусгай зориулалтын хувцас хэрэглэлийн хангалт дунджаар 50 орчим хувьтай байгаа. Гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээ 45 орчим хувьтай. Сүүлийн жилүүдэд Сангийн яам, эдийн засгийн хөгжлийн бодлого хариуцсан салбарын яамд манай байгууллагын төсөв, санхүүжилтийг нэмэгдүүлэх тал дээр анхаарал хандуулж байгаа. Тэгэхдээ бидэнд хэрэгцээ шаардлага бий. Бидний гаргасан судалгаагаар хэрэгцээ шаардлагыг 100 хувь хангахад 800 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа. 2026 оны жилийн төлөвлөгөөнд бид санхүүжилтийг нэмэгдлүүлэн тусгаж өгөөч гэсэн саналыг тавьсан. Ойрын жилүүдэд гамшгаас хамгаалах үйлчилгээг стандартын дагуу хэрэгжүүлэхтэй холбоотой шинээр гал унтраах анги нийслэлд 15-ыг, хөдөө орон нутагт эрэн хайх, аврах 27 бүлгийг байгуулах үе шаттай арга хэмжээ авахаар төлөвлөөд ажиллаж байна гэсэн хариулт өглөө.
Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Олон улсын нөхцөл байдал тааварлашгүй, ээдрээтэй байна. Дипломат албаа бэхжүүлэх тал дээр анхаарч, бодлогын судалгааны хүрээлэнг байгуулж, ахмад дипломатчдынхаа үгийг сонсдог болж, мэргэжлийн бодлого, судалгаанд суурилсан бодлогыг гаргадаг байх асуудлыг хөндөж тавьж байсан хэмээн сануулаад, ирэх жилүүдэд бий болох бодит харилцааны цаг үед Элчин сайдуудын томилгоог ямар бодлоготойгоор оруулж ирэхийг лавласан.
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, Дипломат албыг бэхжүүлэх хүрээнд, ялангуяа томоохон гүрнүүдийн маргаан зөрчилдөөн хурцдаж байгаа энэ үед манайх шиг хөгжиж байгаа орны хувьд улс төр, дипломатын аргаар аюулгүй байдал, тусгаар тогтнолоо хамгаалах үндсэн чиг үүрэгтэй. Яамны хувьд хүмүүсээ мэргэжлийн байлгах дээр онцгой анхаарч ажиллаж байна.
Энэ онд Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар судалгааны ажлуудаа хийгээд, төслөө боловсруулаад явж байна. Дипломат албыг бэхжүүлэх ёстой гэдэг саналыг бүрэн хэрэгжүүлж ажиллахын төлөө байгаа. Энэ хүрээндээ дипломат албаны шалгалтуудыг хатуу хяналтын дор Төрийн албаны зөвлөлтэй хамтран зохион байгуулсан. Элчин сайдуудын томилгооны хугацаа дуусахаар Гадаад харилцааны сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд Элчин сайд нарын томилгооны асуудлыг оруулж ирнэ. Бид бүх томилогдож байгаа хүмүүст өндөр шаардлага тавьж, хуулийн дагуу шалгалтуудаа аваад явж байгаа гэлээ.
УИХ-ын гишүүд тогтоолын төслийн заалт бүрээр асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл
ЗОЧИН [202.126.90.242] 2025-05-21 11:45:27
ЭНЭ НЭГ ЛУУХААН Ч ДЭЭ ЮМ ХИЙХГҮЙ ЭЭ ШУЛАХАА Л БОДНО ШУДРАГА ТӨЛСӨН ИРГЭД ХОХИРДОГ СИСТЕМ ХЭЗЭЭ ДУУСАХ ЮМ БОЛ ДОО
Otoch Uranchimeg [66.181.160.77] 2025-05-21 10:15:31
ХНХЯ нь БШУЯ тай хамтарсан төрийн үйлчилгээний салбарт ажиллах хугацаандаа ЭШСудалгааны бүтээл тууривсан эрдэмтэн дрктор, профeссор, зөвлөх зэрэгтэй ахмадуудынхаа тэтгэвэр дээр халамжаар бус оюуны бүтээлч, урамшуулалт олгож ахмад эрдэмтдээ дэмжих шаардлагатай. Судалгаа тооцоо хийх хэрэгтэй..
Зочин [202.55.188.115] 2025-05-21 07:57:30
Энхамгалан гэж ямарч чадваргүй өлөн нөхөр хөгшчүүлээр тоглоод гай болохоор зай болоод өг!!!!!!зайлаач худалч хулгайчаа,БЗСангаас авсан зээлээ төлөөч өлөн бөөсөө,хятад царай чн чамайг хар элгийн буруу санаатай гэдгийг чн нотлоод бна зайл!!!!!!!