Сөрөг хүчин ч улс орныг "гацаах" эрхгүй

Монгол Ардын Намын Бага хурлаар Засгийн газраас хөөгдсөн Ардчилсан нам хамтран зүтгэгч Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх хуралд бялууртал нь дэмжсэн үг хэлсэн мөртлөө санал хураалтаас нь зугтсан. Дахин хамтрахгүй, сөрөн хүчин болно гэсэн АН-ын “бодлого” нь шинэ Ерөнхий сайдыг томилох ажлыг удаашруулж, хойшлуулахаар зүтгэж байгаагаар харагдана.
АН-ынхан сайндаа ч шинэ Ерөнхий сайдын томилгоог хойшлуулсан юм биш. Тэд сайдын сандалтайгаа хэд хоног зууралдаж, хэд гурван ажил амжуулах гэж цаг хугацаа хожиж байна гэж хардмаар. Атал улсын ажил, амьдрал АН-ын атгаг улс төрийг хүлээхгүй үргэлжлэх ёстой. Иргэд өнөөдөр бухимдалтай хэвээр байна.
Эрчим хүчний хомсдол, элдэв татварын нэмэгдэл, өргөн хэрэглээний барааны үнэ, ам.долларын ханш гэх мэт олон дарамт үргэлжилсээр л... Ийм цаг үед дараагийн Ерөнхий сайдыг хурдхан томилж, шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг баталж, салбарын яам, түүнийг удирдах хүмүүс ажиллах шаардлагатай. Гэвч АН-ын удаан, увайгүй, болхи, жижигхэн улс төр тээг болчихлоо.
Иргэдээ, эх орноо боддог улстөрч, улс төрийн хүчин ямар ч асуудлыг бодитоор, томоор харж, удаан биш уран нүүдэл хийдэг биз дээ. Гэвч АН-д цаг хожих, өөрийн найман сайдыг, тэднийг дагасан улс төрийн томоохон албан тушаалтнуудыг хэд хоног ч болтугай ажилтай байлгах гэсэн атгаг санаа нь илэрч байгаа нь энэ биз ээ.
АН-ынхан Ерөнхий сайдад нэр дэвшигчийн танилцуулгыг өнөөдөр биш заавал ирэх пүрэв гарагт сонсоно гэж муйхарласан нь улс төрийн ашиг хонжоотой санаа гэдэг нь хэнд ч ойлгомжтой байлаа. МАН Бага хурлаасаа гэрээ зөрчсөн улс төрийн намыг хамтарсан Засгаас гаргахаар шийдвэрлэсэн.
Гэвч АН-ын найман сайд Засгийн газраас гарах хүсэлгүй, нэг өдөр ч болтугай үүрэг гүйцэтгэгч нэрээр сайдын сандал, ширээтэйгээ зууралдаж, ажил хийсэн нэртэй цаг хугацаа хожих нь. Сөрөг хүчний байр сууринд бат зогсоно гэж бүлгийн хуралдаанаараа тэд мэдэгдсэн ч Засгийн газарт орж ажиллахгүй бол Г.Занданшатарыг дэмжихгүй гэж ярьж байгаа гэнэ.
Сэтгэгдэл
Хувийн ашиг сонирхол нь гүйцээгүй бололтой. [66.181.160.93] 2025-06-13 10:51:22
Улс төрд бол ярьж, хийж байгаа нь АГУУ, ТОМ байх ёстой байхдаа. Д-а-а-а-н ч хүн дээрээ буугаад ирэхлээр түүний сэтгэл санаа, бодол нь амиа бодсон, ӨЧҮҮХЭН бочих юмаа. Юүн АНам, юүн тэр хэлж бархирч байсан үгс. Бодвол сайд байхдаа эхлүүлчихсэн ХУВИЙН бизнес нь шатаж, тооцож байсан ашиг орлого нь орж ирээгүй байгаа байх. Одоо тэр нь илэрчих гээд ёстой шээс алдах гэж байгаа.