Сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд Гордан Грлич Радман нар албан ёсны хэлэлцээ хийв

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд Гордан Грлич Радман нар албан ёсны хэлэлцээ хийв. Энэ үеэр талууд Монгол, Хорватын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцжээ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, томоохон зорилтуудын талаар танилцуулж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Хорват Улстай хамтран ажиллах талаар ярилцсан байна.
Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол, хүнсний аюулгүй байдал зэрэг дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй нийтлэг сорилтуудыг даван туулах, шийдвэрлэхэд олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэхийг чухлыг онцолж, энэ чиглэлд нягт хамтран ажиллахаар санал нэгджээ.
Энэхүү зорилтын хүрээнд 2026 онд тохиох “Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болон ирэх жил Улаанбаатар хотноо зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх асуудлаарх НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд хамтран ажиллах талаар ярилцсан байна.
Монгол, Хорватын харилцааны гүүр болсон иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэх, ялангуяа оюутан залуусыг хоёр улсад харилцан тэтгэлгээр суралцуулах хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа талууд нотолжээ.
Түүнчлэн НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг бэхжүүлэхээ нотолж, олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцов. Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээний дүнгээр хэвлэлд мэдээлэл хийсэн юм.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл