Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг парис хотноо ажиллав

Aдмин / Технологи

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам (ССАЖЗЯ)-наас Монгол Улсын соёлын үнэт өв, түүхийн ховор олдворуудыг хамгаалах, хууль бусаар хил дамнасан эд зүйлсийг эх оронд нь эргүүлэн татах чиглэлээр тасралтгүй, үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Энэхүү ажлын хүрээнд ССАЖЗЯ-ны Соёлын өвийн хэлтсийн дарга Б.Даваацэрэнгээр ахлуулсан ажлын хэсэг 2026 оны 04 дүгээр сарын 14-17-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Франц Улс (БНФУ)-ын Парис хотноо албан томилолтоор ажиллалаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Парис хотноо дараах үндсэн чиглэлээр ажиллаж, зохих үр дүнд хүрэв. Үүнд:

  • Олдворын төлөв байдлын үзлэг, баримтжуулалт: Монгол Улсаас хууль бусаар гарсан үлэг гүрвэлийн олдворуудын хадгалалт, хамгаалалтын төлөв байдалд нарийвчилсан үзлэг хийж, мэргэжлийн түвшинд бүртгэлжүүлэн баримтжуулав.

  • Дипломат хамтын ажиллагаа: БНФУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны холбогдох албан тушаалтнуудтай уулзалт зохион байгуулж, олдворуудыг албан ёсоор хүлээн авах, тээвэрлэхтэй холбоотой хууль эрх зүйн орчин болон зохион байгуулалтын асуудлуудыг нарийвчлан хэлэлцэж, шийдвэрлэлээ.

  • Тээвэрлэлтийн логистик төлөвлөлт: Олон улсын соёлын өвийн тээвэрлэлтийн чиглэлээр мэргэшсэн "Гроспирон" (Grospiron) компанийн төлөөлөлтэй уулзаж, үнэлж баршгүй түүхэн олдворуудыг эх оронд нь аюулгүй, олон улсын стандартын дагуу тээвэрлэн авч ирэх логистикийн төлөвлөгөөг гаргалаа.

Монгол Улсын Засгийн газар болон ССАЖЗЯ-ны зүгээс дэлхийн өнцөг булан бүрд буй соёлын үнэт өвөө эрэлхийлэн олж тогтоох, хамгаалах, соёлын өвийн эсрэг хууль бус худалдааг таслан зогсоох чиглэлд олон улсын түвшинд идэвхтэй, тууштай ажиллаж байгаагийн нэгэн бодит илрэл нь энэхүү үйл ажиллагаа болж байна.


Сэтгэгдэл

Дино гэж шинэ шүтээн газар авч бэхжиж байнадоо. [202.126.91.41] 2026-04-22 10:19:20

Энэ хэдэн яс нь америкийн "Журассик Парк" кино 1990-ээд оны үед гарах үеэс л чухамхүү хэвлэл мэдээллийн сенсацтай зүйл болсон. Тэгээд дэлхийд динозаврын ясны сэдэв манай Чингис хаанаас чухал болж, цаашдаа давамгайлах төлөвтэй. "Тиранозаврын чөмөгний яс" гэхлээр хүмүүс мэдээд л, харин "Чингис хэдийд хаана нас барлаа?" гэхэд мэдэхгүй царайлна. Динозаврууд аа гэж.

Зочин [192.82.65.88] 2026-04-22 09:45:59

Энэ хэдэн ясаар яахав дээ. Францууд хошгируулж байгаад уран олболох арга саам эрэлхийлж байгаа. Уул ус байгалиа хамгаалмаар байгаа юм. Уух усгүй болчихвол ясааар яахав дээ.

Бичгийн дүрмээ анхаараач, сэтгүүлч ээ. [202.126.90.43] 2026-04-21 16:17:23

Хотын нэрийг ядахдаа том үсгээр бичичихэж болоогүй юм байхдаа. "парис" гээд л гарчигт бичсэн байх юм. Кх!


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.