Ферраригийн анхны цахилгаан автомашиныг танилцуулжээ
Италийн Феррари компани бүрэн цахилгаан хөдөлгүүртэй анхны автомашин нь болох дөрвөн хаалгатай “Ferrari Luce” гэдэг загвараа албан ёсоор танилцууллаа.
Спортын автомашин үйлдвэрлэлээр алдартай тус компанийн хувьд энэ бол хамгийн эрсдэлтэй, хамгийн ихээр хүлээлт үүсгэсэн төсөл байв.
Шинэ цахилгаан автомашины дээд хурд нь 310 км/цагт хүрэх бөгөөд 500 мянга гаруй долларын үнэтэй. Энэхүү загвар 1000 гаруй морины хүчтэй, 100 км/цагийн хурдыг 2.5 секундын дотор авдаг нь Ferrari-гийн V12 хөдөлгүүртэй "Purosangue"-аас давсан үзүүлэлт юм.
Luce гэдэг нь италиар “гэрэл” гэсэн үг ажээ. Уг автомашин нь Ferrari-гийн уламжлалт загваруудаас хэмжээ дизайнаараа мэдэгдэхүйц ялгарч байна. Ferrari Luce-гийн загварыг зохион бүтээхэд Apple компанийн ерөнхий загвар бүтээгч асан Жони Айва-гийн LoveFrom студи оролцжээ.
Энэхүү автомашиныг танилцуулсан нь тансаг зэрэглэлийн супер автомашин үйлдвэрлэлд чухал алхам болсныг шинжээчид онцолж байна. Түүнийг зохион бүтээх ажил олон жилийн турш үргэлжилсэн бөгөөд 10 гаруй жилийн өмнө “Формула-1”-ийн уралдааны зориулалттай автомашинд гибрид технологийг нэвтрүүлж байжээ. Улмаар Ferrari-гийн гибрид загваруудыг 2019 оноос үйлдвэрлэж эхэлсэн байна.
Ferrari Luce загварыг энэ оны 10 дугаар сараас хэрэглэгчдэд нийлүүлж эхэлнэ.
Өмнө нь мэдээлснээр, 2026 онд дэлхий даяар борлуулах нийт автомашины 30 орчим хувь нь цахилгаан хөдөлгүүртэй автомашин байх бөгөөд борлуулалт 23 саяд хүрэх ажээ.
Б.Адъяахүү



































































Сэтгэгдэл