Жилд 3500 хүүхдэд үйлчлэх иж бүрэн тоног төхөөрөмжтэй сэргээн засах төвийг шинэчлэв

Aдмин / Нүүр

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны Таван шард байрладаг Нийслэлийн хүүхдийн сэргээн засах "Эрүүл-Үрс" төвийн өргөтгөлийн барилгыг шинэчлэн ашиглалтад орууллаа.

Тус төвийн өргөтгөлийг хүлээн авах үйл ажиллагаанд хотын дарга Б.Пүрэвдагва болон албаны хүмүүс оролцов. Нийслэлийн хүүхдийн сэргээн засах "Эрүүл-Үрс" төвийг өргөтгөн шинэчилснээр жилд 3000-3500 хүүхдэд үйлчилгээ үзүүлэх боломжтой болж, хүчин чадал 5-8 дахин нэмэгдэж байгаа юм. Өмнө нь тус төвд жил бүр 300-400 хүүхэд хэвтэн эмчлүүлж, дунджаар 1500 хүүхдэд амбулаторийн сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлдэг байв.

Нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Хүүхэд бүр эрүүл өсөж хөгжих, эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээ авах эрхтэй. Ялангуяа төрөлхийн болон олдмол хөгжлийн бэрхшээл, хөдөлгөөний хоцрогдол, гэмтэл бэртлийн улмаас сэргээн засах тусламж шаардлагатай хүүхдүүддээ үйлчилгээг цаг алдалгүй, чанартай, хүртээмжтэй хүргэх нь төрийн үүрэг юм. Нийслэлийн хүүхдийн сэргээн засах "Эрүүл-Үрс" төв нь олон жилийн турш сэргээн засах эмчилгээ, үйлчилгээг хүүхдүүдэд хүргэж байгаа боловч байр талбай, тоног төхөөрөмжийн чанар, хүчин чадлыг нэмэгдүүлэх хэрэгцээ байсан. Тус төвийн 36 эмч, эмнэлгийн ажилтан ердөө 700 ам метр талбайд жил бүр 300-400 хүүхдийг хэвтэн эмчлүүлж, 1500-2000 хүүхдэд амбулаторийн сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлдэг байв. Өнөөдөр бид төвийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулж, 4600 ам метр талбай бүхий иж бүрэн оношилгоо, эмчилгээ, сэргээн засах тоног төхөөрөмжтэй, орчин үеийн хүүхдийн сэргээн засах төвтэй боллоо.

Хязгаарлагдмал нөхцөлд ч хүүхэд бүрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн “Эрүүл-Үрс” төвийн хамт олны хичээл зүтгэл, хүнлэг сэтгэлд нийслэлийн иргэдийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Өнөөдөр Монгол Улсын нийт хүүхдийн тал хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна. Нийслэлийн Засаг даргын хувьд “Хүүхдэд ээлтэй хот хүн бүрд ээлтэй байж чадна” гэсэн итгэл үнэмшлээр хүүхэд хамгаалал, хөгжил, оролцоо, эрүүл, аюулгүй орчны асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна” гэв

Мөн тэрбээр энэхүү бүтээн байгуулалтыг дэмжин хамтран ажилласан Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, барилгын ажлыг хугацаанаас нь өмнө гүйцэтгэсэн байгууллагын хамт олонд талархал илэрхийллээ. Цаашид ч нийслэл Улаанбаатар хот хүүхэд бүр эрүүл, аюулгүй орчинд өсөж хүмүүжих, чанартай эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ авах, хөгжлийн тэгш, хүртээмжтэй боломжийг бүрдүүлэхэд бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллана гэлээ.


Сэтгэгдэл

иргэн [59.153.86.144] 2026-07-06 09:02:16

Энэ төвд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хөдөлгөөн засал хийлгэхээр тогтмол ирэх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй байгаа юм. Том хүмүүст зориулсан төвийг Төв зам дагуу байршилд бас барих хэрэгтэй. Худалдааны төвүүд л баригдаад байх юм. ХБИ-дээ төрөөс дэмжлэгтэйгээр 1-2 өрөө орон сууцтай болгомоор санагдах юм. 90 оноос өмнө хараагүйчүүдийн байр гэж барьж нэлээд айлууд амьдарч байсан. Зөв байсан байгаа юм. Үнэхээр өрөвдмөөр хүмүүс явах юм. Хараад тааралдаад сэтгэл өвдөөд байх юм. Хороо хорин, эрүүл мэндийн байгууллагатай хамтраад судалгаа гаргаад шийдэхэд олон иргэнээ баярлуулна даа. Явж чадахгүй хөл нь дотогшоо майжиичихсан мөртлөө 2 сугай таягтай 10-11 насны охинтойгоо ёолон яваа эмэгтэй одоо ч харагдсаар байна. Миний хувьп 2 кг мах авч өгөөд явуулсан. TV-ийн хойшоо л байдаг гэсэн. Жуковын бурп автобусны орйолцоо хүүгээ яажийсан тэргэнцэр дээр суулгасан өвгөн ах явж байгаа харагддаг. Барьж явсан 2 сендвичээ өгөөд л явсан. Бид сэтгэл гаргавал энэн хүмүүсээ дулаан байранд оруулмаар байх юм.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.