СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Үер, усны аюулын дараахь эрсдэлээс болгоомжлохыг анхааруулж байна

Д.Тулга / Эрүүл мэнд

gol

-УСАНД ОСОЛДОЖ, ШАВАРТ СУУСАН ДУУДЛАГА ТАСРАХГҮЙ БАЙГАА АЖ-

Баяр наадмын өдрүүд үргэлжилж байна. Өнгөрсөн бямба гариг буюу долдугаар сарын 16-ны өдрийн байдлаар, үер усны аюулын улмаас цөөнгүй хүн амиа алджээ. Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллэснээр, энэ сарын 12-ноос 13-ны өдрүүдэд гурван иргэн усанд живж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.

Энэ сарын 12-ны өдрийн 18:35 цагт Төв аймгийн Лүн сумын 3 дугаар багийн нутаг “Гүүрний-Ам” гэдэг газар Туул голын усанд иргэн У /28 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлага иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж цогцсыг гарган авсан байна.

Мөн өдрийн 18:04 цагт Ховд аймгийн Булган сумын Алаг толгой баг /сумын төвөөс 45 км/, тус аймгийн “Эрдэнийн шим” ХХК-ийн цахилгаан холбож байсан ажилтан иргэн Б /19 настай, эрэгтэй/ Булган голын усанд осолдсон тухай дуудлага хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 13 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг тус тус зохион байгуулан ажиллаж буй юм байна.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “Хар-Усан тохойд” Туул голын усанд иргэн Б /40 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2016.07.13-ны өдрийн 15:54 цагт хүлээн авчээ. Ослын газар Нийслэлийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж, 2016.07.13-ны өдрийн 16:50 цагт цогцсыг уснаас гаргаж, дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн аж.

Орон нутаг руу зорчих зорчигчдын хөдөлгөөн ихэсч буй энэ үед ус, шаварт саатсан дуудлага цөөнгүй ирж байгаа аж. Тухайлбал, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Дэлгэр булаг багийн “Хүрмийн-Ам” гэдэг газар Чулуут голын усанд 7 зорчигчтой суудлын автомашин суужээ. Энэ тухай дуудлагыг 2016.07.13-ны өдрийн 13:10 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж 2016.07.13-ны өдрийн 21:20 цагт уснаас татан гаргасан байна.

Мөн өдрийн 13:45 цагт Өвөрхангай аймгийн Хужирт сумын Уужим багийн “Хүрмэн-Үзүүрийн гарам” гэдэг газар 7 зорчигчтой суудлын автомашин Орхон голын усанд суусан тухай дуудлагыг хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, тус өдрийн 19:00 цагт уснаас татан гаргав.

Ирэх өдрүүдийн цаг агаарын төлөв байдлын мэдээгээр, энэ сарын 18, 19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар, 21-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар түр зуурын бороо орох аж. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэх юм байна.

gol

-ХҮҮХДЭЭ ҮЕРИЙН УСТАЙ БОЛОН БОХИРЛОГДСОН ГАЗАРТ БҮҮ ТОГЛУУЛ-

Эрүүл мэнд, спортын яамны Шуурхайн удирдлагын албанаас үер, усны аюулын дараахь эрүүл мэндийн эрсдэлээс сэргийлэх зөвлөмж гаргажээ. Энэхүү зөвлөмжийг иргэддээ сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэж байна.

-ШАРХНЫ ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭЭРЭЙ-

Хэрэв та ил шархтай байгаа бол үерийн усанд үргэхээс зайлхийх нь чухал. Ил шархыг ус нэвтэрдэггүй боолтоор боогоорой. Ил шархыг аль болох цэвэр байлгаж, савантай цэвэр усаар угаах хэрэгтэй. Хэрэв шарх чинь улайх хавдах, шингэн ихээр ялгарах шинж тэмдэг илэрвэл эмнэлэгтэй яаралтай хандаарай.

-ХИМИЙН ХОРДЛОГЫН ЭРСДЭЛТЭЙ ЭСЭХИЙГ ШАЛГА-

Үерийн ус аль нэг үйлдвэр, агуулахад хадгалагдаж байсан химийн бодис уусган, орчныг бохирдуулах эрсдэлтэй. Иймд аливаа сэжигтэй шинж тэмдэг илэрхсэн тохиолдолд эмнэлэгт яаралтай хандаарай. Үерийн усанд өртсөн бол ойр орчимд агуулах байсан эсэх талаар Онцгой байдлын ерөнхий газар, Онцгой комиссын албан хаагчдаас лавлаж мэдэх хэрэгтэй.

gol

-УСАНД ЖИВЭХЭЭС СЭРГИЙЛЭЭРЭЙ-

Бага насны хүүхдүүдийг үерийн дараа тогтсон тогтмол усанд живэхээс сэргийлж, хараа хяналтгүй орхихгүй байхыг анхааруулж байна. Мөн усан дотор хагархай шил, төмөр хурц үзүүртэй зүйлс байх магадлалтай тул усны гутал өмсөх нь чухал.

ЦАХИЛГААНД ЦОХИУЛАХААС БОЛГООМЖИЛ-

Үерийн аюулын дараа гэр, хашаа гудамжиндаа цэвэрлэгээ хийхдээ цахилгааны залгуур, унасан мод, утсанд хүрэхээс зайлсхийж, мэргэжлийн хүнд ханд. Гэрийн цахилгаан хэрэгслийг маш болгоомжтой залгах хэрэгтэй.

-ГЭДЭСНИЙ ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛ-

-Хувийн ариун цэврийг сахиж, гараа тогтмол савандаж угааж хэвших

-Хүүхдийн гарыг сайтар угаалгах, зөв угааж буй эсэхэд хяналт тавих

-Ундны усыг баталаат газраас авах, заавал буцалгаж хэрэглэх

-Ундны ус хадгалах савыг сайтар цэвэрлэж байх.

-Ил задгай булаг шанд худгийн усыг хүнсэнд хэрэглэхгүй байх.

-Үерийн усаар бохирлогдсон хүнсний бүтээгдэхүүнийг шууд устгах.

-Үерийн усанд норсон хувцас даавуун хэрэгслийг угаалгын нунтаг, савантай халуун усаар угааж, хатаан, халуун индүүгээр индүүдэх

-Хүүхэд болон гэрийн тэжээвэр амьтдыг гудамж, хашаагаа бүрэн цэвэрлэж дуустал үерт автаагүй өөр газар байлгах.

-Хүүхдээ үерийн устай болон бохирлогдсон газарт тоглуулахгүй байх

-Гудамж, хашаагаа цэвэрлэхдээ усны гутал, резин бээлий өмсөж, нүдний шил зүүх.

-Хашаанд байгаа жорлон, бохир усны нүх бөглөрсөн, хашаагаар өтгөн тархсан бол цэвэрлэн, халдваргүйтгэл хийж байгаа багт мэдээлэх.

-Гадаа өмссөн гутал, хувцастайгаа гэртээ орж болохгүй. Гутлаа заавал тайлж орох.

-Гудамж, хашаанд үхсэн мэрэгч амьтанд хүүхдийг хүргэж болохгүй. Халуурах, гүйлгэх, суулгах, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт яаралтай хандах.

-ГЭРИЙН НӨХЦӨЛД ГАР АРИУТГАХ, ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙХ УУСМАЛ
ХЭРХЭН БЭЛТГЭХ ВЭ-

Ахуйн хэрэглээний цайруулагчийн уусмалаас цайны халбаганы 1/8 (0.75 мл)-ээр авч, 3.5 л усанд хийж найруулаад, 30 минут болгосны дараа хэрэглэнэ. Хэрэв усны бохирдол их бол ахуйн хэрэглээний цайруулагчийн уусмалаас цайны халбаганы 1/4 (01.5 мл)-ээр авч, 3.5 литр усанд хийж найруулна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000