С.Эрдэнэ: Ирэх оны төсөвт шинэчлэлт харагдахгүй байна

Д.Тулга / Улстөр

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр өргөтгөсөн хуралдаан хийж, ирэх оны төсөв болон орон нутгийн сонгуулийн талаар хэлэлцсэн байна. Хуралдаанд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдээс гадна орон тооны бус зөвлөхийн гишүүд болох УИХ-ын дарга асан З.Энхболд, Сангийн сайд асан Б.Болор нар оролцсон байна.

Бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ. 2017 оны төсвийн төслийг орон тооны бус зөвлөхүүдэд өгсөн байна. Бүлгийн хурлаар ирэх оны төсвийг хэлэлцэхдээ өөрчлөлт, шинэчлэлт харагдахгүй байна хэмээн дүгнэжээ. Бүлгийн дарга С.Эрдэнэ “бид сөрөг хүчин гээд бүх зүйл дээр сөрөг байр суурь бариагүй. Төсөв, санхүүгийн хувиарлалт дээр болохгүй байгааг нь хэлж, болж байгааг нь дэмжээд явна” гэсэн юм. Мөн орон нутгийн сурталчилгааны хугацаанд асуудал их гарч байгааг хэлээд нэр дэвшигчдийг бүртгэхгүй байх, хасах зэрэг үйлдэл их гарч байна гэв. Мөн Сонгуулийн хороо 3:6 харьцаагаар байгуулагдаж байгаа учраас сонгуулийг луйвардах, улмаар олонхиороо хүч түрж шийдвэр гаргах зэрэг зохион байгуулалттай зүйл ажиглагдаж байна гэв.

УИХ-ын гишүүн, УИХ дахь Зарлагын хяналтын дэд хорооны дарга З.Нарантуяа “2017 оны төсвийн хууль, дагаж орж байгаа төсвийн хүрээний мэдэгдэл, 2018, 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл бол ирэх гурван жилд улс орны эдийн засгийн энэ нөхцөл байдлаас гаргах гол бодлогын баримт бичиг байх ёстой. Гэтэл бодлогын хэмжээнд шинэчлэл хийгдэх зүйл харагдахгүй байна. Алдагдал ДНБ-ний 9,9 хувьтай буюу нийт 2,6 их наяд төгрөг байхаар орж ирсэн байна. 2016 оны тодотголыг хийхдээ оны эцсээр 1,7 их наядын алдагдал байхаар байна гэж төсөөлж байсан. Өнөөдөр алдагдал 2,6 их наяд байхаар нэмэгдэж орж ирсэн байна. Энэ алдагдал нэмэгдсэн шалтгаанаа уул уурхайн үнийн өсөлт явагдахгүй гэсэн төсөөллөөр тооцоолсон байна.

Алдагдал ирэх гурван жилд дорвитой буурахгүй юм байна. Мөн өр, зээлийн хэмжээ буурахгүй нэмэгдэхээр орж ирж байна. 2017 оны төсвийн хууль дээр нийт Засгийн газрын өр, баталгааны хэмжээ 2,8 их наядаар орж ирсэн байна. Энэ нь 2,6 их наядын алдагдал дээрээ нэмээд 2,8 их наядын өр тавихаар оруулж ирсэн. Энэ өрөө гадаадын болон дотоодын зах зээл дээр юунд зарцуулах гэж байгаа нь тодорхойгүй байна. 2016 оны төсвийн тодотголоор бодит гарахаар хүлээгдэж байгаа зарлага нь 8,5 их наяд төгрөг гэж тодотгосон. Гэтэл өнөөдөр бодит гүйцэтгэл нь 6,9 их наяд байна. Ийм зөрүүтэй тоонуудыг оруулж ирээд байна. Энэ Засгийн газрын хэрэгжүүлж байгаа арга хэмжээ эдийн засгийг хямралаас гаргаж чадахаар байна уу гэдэгт Ардчилсан намын бүлгийн ажлын хэсэг дүгнэлт гаргаж ажиллах болно” гэлээ. 2017 оны төсвийг судлах, дүгнэлт гаргах ажлын хэсгийн З.Нарантуяа ахалж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, С.Эрдэнэ нарын гишүүд багтжээ.

Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Хүүхэд харах үйлчилгээг хойшлуулчихлаа. Үүнээс болж 6000 гаруй хүүхэд цэцэрлэггүй болох нь. Дээр нь энэ үйлчилгээг эрхлэх гээд үл хөдлөхөө барьцаанд тавьсан, зарсан хүмүүс олон байгаа. Энэ хүмүүст нөхөн олговор олгох асуудал яригдаж байгаа болов уу. Энэ асуудалд танай намын бүлэг ямар байр суурьтай байна вэ?

-С.Эрдэнэ: Өнөөдөр иргэдэд хүрч байгаа сайн гэсэн нэртэй бүх хөтөлбөрийг зогсоож байна. Зорилго нь төсвийг аль болох алдагдалтай харуулах, эдийн засаг муудсан байна гэдгийг иргэдэд ойлгуулах далд санаа юм. Бодит байдал дээр 2012 оноос эдийн засаг муудсан. Тухайн үед олон улсын зах дээр дээр манай улсын эдийн засгийн ганц тулгуур болсон уул уурхайн түүхий эдийн үнэ ханш 3-5 дахин огцом унасан. Үүнийг дагаад эрсдэлтэй нөхцөл байдлууд үүссэн.

Өргөн барьсан төсвийн тухай хуулийн харахад ганц тулгууртай эдийн засгийг олон тулгуурт эдийн засаг руу хөрвүүлэх, түүн рүү зорьсон ямар нэгэн хөтөлбөр арга хэмжээ авах алхам хийх тухай тусгаагүй. Харин түүний оронд сайн гэсэн хөтөлбөрүүдийг төсвийн өр болгон харагдуулах гэж улайрч байгаа нь харагдаж байна. 6000 гаруй хүүхэд болон энэ үйлчилгээг эрхэлж байсан иргэдийн эрх ашиг ноцтой зөрчигдөж байна. Үүн дээр ямар нэгэн нөхөн олговрын тухай яригдаагүй. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль 4.8 тэрбум төгрөгийн төсөвтэй. Энэ мөнгийг хэмнэсэн эдийн засагт ямар үр өгөөж байгаа юм гэдгийг ойлгохгүй байна.

6000 хүүхдийг аль цэцэрлэгт авах юм. Тэр хүүхдийн сурч, хүмүүжих орчин нь хаана байна. Тэр орчныг бий болгож байсан иргэдийн хохирлыг хэн барагдуулах вэ гээд ярих юм бол сөрөг үр дагавар нь давсан асуудал болно. Сангийн дэд сайд эмэгтэй хүн байж хүүхдийн эсрэг юм хийчихээр түүнийгээ хэнэг ч үгүй яриад зогсож байгаа нь надад туйлын харамсалтай санагдсан.

-Энэ удаагийн өргөтсөн хуралдаанаар Эрдэнэтийн асуудал яригдав уу. Үнэхээр танай нам засаг барьж байх үедээ нууц тогтоол гаргасан юм уу?

-УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, Ж.Батзандан хоёрыг энэ асуудлыг судлах үүрэг өгч ажиллуулахаар болсон. Энэ бол хувьчлал биш. Оросын талын эзэмшиж байсан хувийг худалдах худалдах авах процесс явагдсан. Энэ асуудалд хуулийн хүрээнд яаж явагдсан, хууль зөрчсөн нь үнэн юм уу худал юм уу гэдгийг баримтаар баталгаажуулах зэрэг арга хэмжээнүүдийг авахаар болж байгаа. Засгийн газраас ажлын хэсэг гарсан. Шаардлагатай бол тэр ажлын хэсгийг бүлэг дээр дуудаж тайлбар сонсоно.

З.НАРАНТУЯА: ХҮҮХДЭЭ ЯЛГАВАРЛАЖ ТӨСВӨӨ ХЭМНЭХ ГЭЖ БАЙНА

З.Нарантуяа: Төсвийн зарлагыг бууруулах тал дээр нэлээд судалсан зүйлүүдийг оруулж ирэх байх гэж найдаж байсан. Харамсалтай нь тэгсэнгүй. Зарлагыг танахдаа дарга нарын өрөөний засвар, төрийн албаны зохистой шинэчлэл зэргийг хийсэнгүй. Хамгийн хялбархан аргаар буюу төсвийн зарлагыг бууруулна гэж оруулж ирж байна. Жишээ нь, 152 тэрбум төгрөгөөс төсвийн урсгал зардыг бууруулна гэсэн. Түүн дотор хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгосноос 61 тэрбум төгрөг хэмнэнэ гэж байна. Хүүхдээ ялгаварлаж төсвөө хэмнэх гэж байна. Их, дээд сургуулийн оюутнуудад тэтгэлэг өгдөг байсныг болиулаад 52 тэрбум төгрөгийг хэмнэнэ гэж байна. Энэ бол Монгол Улсын ирээдүй болсон оюутнууддаа дэмжих төрийн бодлогын ухралт болж байна.

Дээрээс нь хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн үйлчлэлийг 2021 он болгосноор 2017 ондоо 5.6 тэрбум төгрөг хэмнэнэ гэж байна. 5.6-хан тэрбум төгрөгийг хэмнэхийн тулд 1,200 орчим хүүхэд харах үйлчилгээ эрхэлж байсан иргэд болон 6,700 орчим хүүхдийг хохироож байна. Энэ буруу бодлогуудыг харьцуулж дүгнэж, улс орны эдийн засгийг хямралаас түргэн гаргахын төлөө АН дуу хоолойгоо тууштай хүргэж байх болно.

-Төсөв дээр зээлийн эргэн төлөлтөд 6.6 их наяд гээд төсвөөсөө давсан өр тавьчихлаа. Өрөө дарахын тулд дахиж зээл авдаг байж болох юм уу?

-С.Эрдэнэ: “Чингис” бондны төлөх хугацаа болоогүй байгаа. Өнөөдөр гэнэт энэ бондын өр тулаад ирсэн юм шиг яриад байгаа. 2017 оны төсвийн төсөлд АН-ын үед авсан ямар ч зээл, бондын өр төлөгдөхгүй. Өмнөх С.Баяр, Сү.Батболдын Засгийн газрын үед бий болгосон өр авлага төлөгдөх гэж байна. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр Австралийн нэг тонн коксжих нүүрсний үнэ 220 ам.доллар хүрсэн. Гэтэл манайх өнөөдөр 30 орчим ам.доллараар гадагшаа гаргаж байна. Гэтэл үүний уг сурвалжийг судлахаар Чалко-гоос 2011 онд 350 сая ам.долларын зээл аваад нийгмийн халамжид зарцуулсан. Энэ нь эргэж төлөгдөх эх үүсвэр байхгүй. Одоо энэ зээлийн үлдэгдэл 100 орчим сая ам.доллар байна. Анх байгуулахдаа нэг тонн нүүрсний үнэ тарифыг Хятадын зах зээлийн үнэ ханштай уялдуулж тогтоосон. Зээлээ төлж дуусах хүртэл хугацаанд уг дүнгээрээ явах юм билээ. Үүнийг өөрчилвөл зээлийн алданги хүү төлөх болчихоод байгаа. Тиймээс л Тавантолгойн коксжих нүүрсний үнэ нэг тонн нь 30 ам.доллар болоод манай улсад асар их хохиролтой байна. Ер нь 2017 оны улсын төсвөөс эдийн засгийн реформ хийгдээгүй. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой хөтөлбөрөө Ерөнхий сайд хэзээ оруулж ирэх нь тодорхойгүй. Тиймээс бидний хувьд бүрхэг асуудал хэвээр байгаа. Ерөнхий сайд бизнес эрхлэгчидтэй уулзахдаа татвар нэмэх байр сууринаасаа ухраагүй гэсэн. Тиймээс түр буцаагдсан татвар нэмэх бодлого, эдийн засгийн хямралыг даван туулах онцгой хөтөлбөр зэргээ оруулж ирэхдээ ард түмний нуруун дээр үүрүүлэх ачаа дарамтаа хэд дахин өсгөж оруулж ирэх нь үү гэсэн хардлага байна. Тийм учраас орон нутгийн сонгуулийн өмнө 2017 оны төсвийн төслийг хэлэлцэхгүй байна гэсэн байр суурийг манай бүлгийн гишүүд илэрхийлсэн. Миний хувьд ч гэсэн үүнтэй санал нэгтэй байгаа.

-Багш, эмнэлгийн ажилчдын 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 2017 оны төсөвт танагдахаар орж ирсэн үү. Танай бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?

-Төсвийн болон төрийн албан хаагчид тэтгэвэрт гарах тохиолдолд 36 сарын цалинтай нь тэнцэх тэтгэмжийг олгоно гээд хуульчилсан байсан. Энэ хуулийг хүчингүй болгосон. Одоо орж ирж байгаа төслөөр 36 сар хүртэлх хугацаанд тэтгэмжийг олгоно гэж орж ирж байгаа. Өнгөрсөн сард энэ хуулийг хүчингүй болгосон. Тиймээс энэ оныг дуустал хугацаанд тэтгэвэрт гарах иргэд 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг огт авахгүй. Яагаад гэвэл хууль цуцлагдсан. 2017 оноос эхлээд тэтгэврээ тогтоолгох иргэд тухайн салбарын сайд, дарга нарын үзэмжээр тэтгэмжээ авна. Үр дагавар нь хортой. Бодит байдал дээр эрх мэдэлтнүүд нэг сарын тэтгэмж ч олгож болно. Үүнийг бид төсвийг хэлэлцэх үед Ерөнхий сайдаас тодруулна.

-Хэмнэж болох ямар зардлууд байна вэ?

-Хэмнэж болох зардал зөндөө байна. 16 дэд сайдын орон тоог байхгүй болгохоос эхлээд туслах, машин унааны зардал, тавилга гээд зардлуудыг хасахад маш олон сая төгрөгийн хэмнэлт гаргаж болно. Эдийн засгийн хямралтай энэ үед гадаадад байгаа шаардлагагүй ЭСЯ-дын орон тоог гадаад улс орнууд цомхотгож, татан буулгаж байна. Төр өөрөөсөө эхэлж хэмнэх хэрэгтэй.

З.Нарантуяа: 2Төсвийн Ерөнхийлөн захирагч нарын тэвчиж болох урсгал зардлуудаас зөвхөн 24 тэрбум төгрөгийг хэмнэхээр заажээ. Үүнээс ч олон зардлыг хэмнэж болно. 259 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр орж ирж байна. Засаг даргын Тамгын газрын конторын байр, дарга нарын байрны засвар үйлчилгээ, тохижилт энэ дотор багтжээ. Энэ жилдээ конторын байр нураад уначихгүй бол тэвчиж болно. Хүүхэд харах үйлчилгээнээсээ танаж, ахмаддаа олгох тэтгэмжийг харамлаж байгаа юм чинь Засаг даргын байрны тохижилтыг тэвчиж болно гэж харж байна.

Ж.ГАНАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000