Япон улсад суралцах 1000 инженерийн сургалтад ар, өврийн хаалга байхгүй гэв

Д.Тулга / Боловсрол

Технологийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг Япон улсад Монголын 1000 инженер, технологийн мэргэжилтнийг бэлтгэх болсон талаарх мэдээлэл хамгийн анх 2014 онд цацагдаж байлаа.

75 сая ам.долларын санхүүжилттэй “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг хэрэгжүүлж эхлээд дөрвөн жил болжээ. Төслийн хүрээнд магистр, докторын сургалтаас гадна зэргийн бус сургалт, бэлтгэл сургалт, хосолсон сургалт гэсэн таван чиглэлээр нийт 1000 гаруй хүнийг 2023 оны гуравдугаар сар хүртэл Япон улсад сургах юм.

Гадаадын аль нэг улсын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахад заавал ар, өврийн хаалганы асуудал болдог ч өнөөдрийг хүртэл тодорхой үр дүнд хүрээгүй. Харин Япон улсад 1000 инженер бэлтгэх төсөлд зөвхөн толгой сайтай, мэдлэг чадвараараа бусдаас онцгойрч чадсан инженерүүд л явах боломжтой. Учир нь шалгаруулалт хийх эрхийг манай улс Японы талд өгчээ.

Япончууд маш өндөр шалгуураар элсэлт авдаг онцлогтой. Тийм болохоор хоёр жил суралцах хүсэлтэй суралцагч Япон талын шалгалтыг давах ёстой. Давах бэлтгэлийг энд Монголдоо хоёр жил сурахдаа хийнэ. Тиймээс Монголын талаас ар, өврийн хаалгаар хүүхэд элсүүлэх тухай асуудал яригдахгүй. Японы шалгалтын системийг нь хөндөхгүйгээр хүүхдүүд шалгуулаад шууд элсдэг.

-ИНЖЕНЕРҮҮД ДАРААХЬ ХӨТӨЛБӨРҮҮДЭЭС СОНГОХ БОЛОМЖТОЙ-

Инженерүүд дараах хөтөлбөрүүдээс сонгох боломжтой. Ингэхдээ механик, барилга, цахилгаан электроникийн хос хөтөлбөрт 320 хүн, магистраар 100 хүн, докторт 60 хүн, зэргийн бус сургалтад 325 хүн, мэргэжил олгох КОСЭН сургалтад 200 хүн нийтдээ 1005 хүн зам барилга, механик, нисэхийн инженер, үйлдвэрлэлийн инженер, цахилгаан электроникийн инженерээр суралцах байна.

Олон улсын МИТ хөтөлбөртэй харьцуулахад Токиогийн их сургуулийн инженерийн хөтөлбөрт хамрагдсанаар сургалтын төлбөр 8.4 дахин хямд тусах юм. Зээлийн гэрээний дагуу Япон улс 1000 инженерийн сургалтын төлбөрийг гаргахаас гадна байр хоол, хэрэглээний мөнгийг тэтгэлэг хэлбэрээр өгдөг.

-1000 ИНЖЕНЕРИЙН ТӨСӨЛД ХЭН ХАМРАГДАХ ВЭ-

Энэхүү төсөл анх Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Япон улсад айлчлах үеэр “Монгол-Япон улсын дунд хугацааны хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд батлагдсан билээ.

Төслийн зорилго нь ШУТИС, МУИС-ийн инженер бэлтгэх болон байгалийн ухааны хөтөлбөрүүдийг олон улсын түвшинд хүргэхэд оршиж буй. Энэхүү төсөлд инженер технологийн мэргэжлээр төгссөн, одоо ажиллаж буй хүмүүс ч хамрагдах боломжтой юм.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ БИЧИГ БАРИМТ

-Анкет /маягтын дагуу/

-Иргэний үнэмлэх нотариатаар баталгаажуулсан хуулбар

-Бакалавр /магистр, доктор/-ын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар

-Япон /Англи/ хэлний шалгалт өгсөн батламжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /сүүлийн хоёр жил дотор өгсөн байх/

-Япон талаас суралцах эрхийн бичиг /Зэргийн бус сургалтын хөтөлбөрт хамаарахгүй/

-Сургуулийн /ажлын газрын/ тодорхойлолт

-Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт

-Хоёр талын профессорын тодорхойлолт

-Сургуулиа төгссөний дараа мэргэжлээрээ хэрхэн ажиллах тухайгаа монгол-англи эсвэл монгол-япон хэл дээр бичсэн 500-800 үгтэй эссэ

-3х4 хэмжээтэй 2 хувь цээж зураг /сүүлийн гурван сард авхуулсан байх/

-Бүртгэлийн хураамж төлсөн баримт

-Батлан даалтын гэрээ /Магистр, докторын сургалтын хөтөлбөрт хамаарахгүй/


-ЯПОНД СУРАЛЦААД ИРСЭН ИНЖЕНЕРҮҮД ТӨГСӨЖ ИРЭЭД
ХААНА АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ ВЭ-

Манай улс томоохон бүтээн байгуулалтын ажилд гаднаас өндөр үнээр мэргэжилтэн хөлсөлдөг. Харин энэ төсөл хэрэгжсэнээр ийм байдал ард хоцрох байна. Нэг ёсондоо улсын тэтгэлгээр Японд мэргэжил эзэмшээд ирэх залуус нийслэлд Японы Засгийн газартай хамтран хийхээр төлөвлөж буй метро, гүүр болон томоохон бүтээн байгуулалтад гар бие оролцоно.

Төслийн хүрээнд зөвхөн мэргэжилтэн бэлтгээд зогсохгүй хоёр орны багш, эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагаа өргөжиж, ур чадвараа дээшлүүлэх зэрэг олон ажил хийгдэх аж.

Гол нь төсөл хэрэгжих хугацаанд манай инженер бэлтгэдэг сургуулиуд олон улсын стандартад нийцсэн сургалтын анги, танхимтай болох юм. Энэ нь цаашдаа өөрсдөө дэлхийд өрсөлдөхүйц хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн бэлтгэх бааз болох талаар эрдэмтэд онцолж байна.

М.АМАРЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000