Трамп Тегераныг ямар ч нөхцөлгүйгээр бууж өгөхийг шаардаж, АНУ-ын тэвчээр барагдаж буйг анхааруулав

Иерусалим дахь АНУ-ын Элчин сайдын яамыг лхагваас баасан гараг хүртэл гурав хоног хаахаар болжээ. Тодруулбал, АНУ-ын Төрийн департаментаас мэдээлснээр, бүс нутгийн аюулгүй байдал болон Израилийн зааварчилгааг дагаж мөрдөх үүднээс Иерусалим дахь тус Элчин сайдын яамны үйл ажиллагааг лхагваас баасан гараг хүртэл хаахаар шийдвэрлэсэн байна.
Израиль-Ираны зөрчилдөөн зургаа дахь өдрөө үргэлжилж буй юм. Израилийн армийн мэдээлэлд дурдсанаар, лхагва гаргийн өглөө Иран Израиль руу хоёр ч удаа пуужингаар харважээ. Тель-Авив хотод дэлбэрэлтийн чимээ сонсогдсон байна.
Израиль Тегераны баруун өмнөд нутгийн оршин суугчдад нүүхийг анхааруулж, агаараас цохилт өгч, Ираны цэргийн байгууламжуудыг устгах гэж буй талаараа мэдэгджээ. Ираны хэвлэлүүдэд мэдээлснээр, Израиль нийслэлийн зүүн хэсэгт байрлах Хувьсгалт гвардын холбоотой их сургуульд цохилт өгч байгаа аж. Лхагва гарагт Израиль гадаадад буй иргэдээ эх оронд нь буцаах ажиллагааг шат дараатайгаар эхлүүлжээ.
Мягмар гарагт Дональд Трамп “Truth Social” платформоороо дамжуулан мэдэгдэл хийж, Тегераныг ямар ч нөхцөлгүйгээр бууж өгөхийг шаардсан бөгөөд АНУ-ын тэвчээр барагдаж буйг анхааруулсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Трамп болон түүний баг Ираны цөмийн байгууламжуудыг онилсон Израилийн цохилтод нэгдэх зэрэг хэд хэдэн хувилбарыг хэлэлцэж буй ажээ
Цагаан ордны нэгэн төлөөлөгчийн хэлснээр, Трамп мягмар гарагт Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяхутай утсаар ярьжээ. Мөн мягмар гарагт АНУ-ын цэргийн удирдлагууд Ойрхи Дорнод руу илүү олон сөнөөгч онгоц илгээж эхэлсэн талаар мэдээлсэн байна.
АНУ-ын Үндэсний тагнуулын газраас мэдээлснээр, Иран нь Ойрхи Дорнодод хамгийн олон баллистик пуужинтай улс юм. Иран “Баллистик пуужингууд бол АНУ, Израиль болон бүс нутгийн бусад боломжит дайснуудын эсрэг чухал сөрөг цохилт өгөх болон сэргийлэх хүчин юм” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: CNN
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Бид ч азтай юмдаа. [103.57.94.246] 2025-06-18 19:10:00
Монгол ямар азаар хоёр том хөршийн хооронд орж сүйрч болзошгүй аюулаас хамгаалагдсан юмб. Тэгэхгүй бол ингээд л гадны довтолгоонд өртөөд дуусах байждээ.
Зочин [202.126.91.68] 2025-06-18 17:50:09
Тэгширч дээ иран...