УИХ-ын ээлжит бус чуулганаар 39 асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ

Д.Тулга / Улстөр

УИХ-ын 2024 оны ээлжит бус чуулганыг хааж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэлэв. Түүний үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.


Тэрбээр "УИХ-ын эрхэм гишүүд ээ, нийт ард иргэд ээ

Монгол Улс Үндсэн хуульт ардчилсан парламентын засаглалд шилжсэн цагаас хойш УИХ-ын 33 дахь удаагийн ээлжит бус чуулганыг хуралдуулж байна. Энэ удаагийн УИХ-ын ээлжит бус чуулган энэ оны наймдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн, ажлын 12 өдөр чуулан, хаалтаа хийж байна. Чуулганы өдрүүдэд нэгдсэн хуралдааныг нийт 7 удаа хийх хугацаандаа 39 асуудлыг хэлэлцэж, зохих шийдвэрүүдийг гаргалаа. Энэ хугацаанд Байнгын хороод 35 удаа, Дэд хороо 3 удаа хуралдлаа.

УИХ-ын эрхэм гишүүд ээ, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах нь УИХ-ын онцгой бүрэн эрх билээ. Хамтарсан Засгийн газар, 2024 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн Монгол Ардын нам, Ардчилсан нам, ХҮН намын мөрийн хөтөлбөрт суурилсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ нэн яаралтай хэлэлцэн баталлаа. УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр нь Бүсчилсэн хөгжлийн бодлого, Хүний хөгжлийн бодлого, Эдийн засгийн бодлого, Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого гэсэн үндсэн дөрвөн бодлогын хүрээнд 16 чиглэлийн 619 зорилтыг хэрэгжүүлэхээр тусгасан байлаа.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт сүүлийн 30 жил хүлээгдсэн эрчим хүчний салбарын реформыг цаг алдалгүй эхлүүлж, эрчим хүчний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, аж үйлдвэржилт, бүсчилсэн хөгжил, шинэ хотын бүтээн байгуулалт зэрэг эдийн засгийг тэлэх 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасан нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн амьдралд дэвшилтэт өөрчлөлтийг авчрах учиртай. Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр бол зөвхөн 4 жилээр зогсохгүй ирэх 10-20 жилийн хугацаанд тогтвортой хэрэгжүүлэх хөгжлийн бодлогын үндсэн чиглэл байх ёстой гэдгийг энэ удаагийн парламентын гишүүд чухалчлан үзэж, шийдвэрээ гаргалаа.

Мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй хамт Төсвийн тодотгол өргөн баригдсан нь хууль тогтоох байгууллагын хяналтын чиг үүргийг тодотгосон үр дүнтэй хэлэлцүүлгийг өрнүүлж, парламентын гишүүн иргэдийнхээ жинхэнэ төлөөлөл байж, улс орныхоо хөгжлийг хурдасгах үндсэн зорилгынхоо төлөө өндөр ёс зүйтэй, нээлттэй, мэргэжлийн байж хурдтай ажиллах ёстойг илэрхийллээ.

Шинээр байгуулагдсан парламентын анхны ээлжит бус чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг бүх Байнгын хороод, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа. 2023 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 785.9 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний ашигтай гарсан боловч УИХ-аас баталсан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлэн төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийг хангуулах, төсвийн тогтвортой байдал, хариуцлага, сахилга батыг сайжруулах нэн шаардлагатай байна.

Цаашид Засгийн газар, УИХ-аас баталсан төсвийг зориулалтын дагуу үр дүнтэй зарцуулж, төрөөс хувийн хэвшилд олгож байгаа татаас, урамшуулал, томоохон төслүүдийн хэрэгжилт, төсвийн хөрөнгө оруулалтын төсөвт өртөг, санхүүжих дүнгийн гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулах, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн алдагдал, засаглал, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн хооронд үүссэн өр, авлагын асуудлыг цэгцлэх, ногдох ашгаа төсөвт төвлөрүүлдэг байх, тусгай сангуудын үйл ажиллагааг сайжруулах, Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг арилжааны банкуудад байршуулан алдсан асуудлуудыг судалж, хариуцлага тооцох, хохирлыг барагдуулах тал дээр үр дүнтэй ажиллах ёстой.

Мөн төрийн аудитын байгууллагын зөвлөмжийн хэрэгжилтийг сайжруулах, аудитын зөвлөмжийг биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангаруулах нь чухал байна. Нийгмийн олон бүлгийн төлөөлөл бүхий өргөн бүрэлдэхүүнтэй шинээр байгуулагдсан парламент анхны ээлжит бус чуулганаар Төсвийн гүйцэтгэлийг хэлэлцсэн нь УИХ-ын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллах чухал механизм болохыг илтгэлээ.

УИХ, Засгийн газар болон төрийн байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандахын сацуу үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнг олон нийтийн хяналтад оруулах, төрийн бүтээмж, хариуцлагын тогтолцоог сайжруулах эрх зүйн зохицуулалтыг анхаарч ажиллах шаардлагатай байна. Чуулганаар эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрөх орлогыг одоо ба ирээдүйн иргэдэд тэгш, шударга хүртээх, хуваарилах зорилгоор УИХ-аас 2024 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр баталсан Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасан төрөлжсөн сангууд болох Хуримтлалын, Ирээдүйн өв сан, Хөгжлийн санд 2024 онд төвлөрүүлэн хуримтлуулах Үндэснийн баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийг анх удаа баталлаа.

УИХ бол иргэдийн хүсэл зоригийг илэрхийлэгч байгууллага болохын хувьд парламентын үйл ажиллагаа бүхэлдээ төр улсын хөгжил, нийт олны амьдралын сайн сайхны төлөө чиглэгдсэн байх учиртай. Тиймээс энэ удаагийн хуралдаанаар хэлэлцэн баталсан хөтөлбөр, хууль тогтоомжууд хүндээ хөгжлийн үр шимийг бодитой хүргэх гүйцэтгэх засаглалын үйл ажиллагааг эрчимжүүлсэн, итгэл хүлээлгэсэн шинэ парламентын анхны ээлжит бус чуулган боллоо.


Сэтгэгдэл

Мэдээ нь шаал хоцрогдсон. Ер нь мэдээ байхгүй редакци. [66.181.160.14] 2024-09-02 10:12:54

Өнгөрсөн 5 дахь өдрийн мэдээгээр Даваа гаригийн өглөө 11.00 цагт бид үхсэнээ хийдэг юм бэ? Мэдээ мн-ийхан!!!

Зочин [202.126.88.166] 2024-08-31 17:50:53

Хэрүүл хийх ямар дуртай юм бэ? ХУЛГАЙЧ гуай. Өвөл боллоо. Өвөлдөө бэлд. Малчид аа!!!!!! өвөлдөө бэлдэцгээе хадлангаа сайн бэлдэж авцгаа, өвөлжөөгөө одооноос бэлдэж базааж ав. Хүчит тэжээл бэлд, ЗООДОЙГ маш САЙН шим тэжээлтэй ургамал, аарц шүүгээр багсарч хийж авцгаа. Бууц, хөрзөнгөө сайн татаж авцгаа яг үнэндээ дунд идэш, дулаан хэвтэш гэдэг шүү. Хашаа саравч аа сайн дулаалж авцгаа саравч аа завсар зайгүй үхрийн баасаар чигжиж шавж авцгаа!!!!!!!! Мөн нэмэлт тэжээлээ базаацгаа МАЛЧИД АА

Хулгайч [103.212.118.198] 2024-08-31 16:01:04

Нүүрсний хулгайчийг яах гэж байна? Амарбаясгалан гуай?!?!?!


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.