Goldman Sachs: Алтны үнэ унц нь 3700 долларт хүрнэ

Дэлхийн худалдаанд үүссэн тодорхойгүй байдлаас шалтгаалан эрсдэл багатай актив хөрөнгө болох алтны үнэ анх удаа унц нь 3500 ам.долларт хүрч, сар гаруйхны дотор 500 ам.доллароор өслөө.
Өнгөрсөн даваа гарагт АНУ, Хятадын худалдааны зөрчил хурцадсанаас үүдэн хөрөнгө оруулагчдын болгоомжлол нэмэгдэж буй энэ үед унц алтны үнэ 2.3 хувиар өссөн байна. Төв банкууд бодлогын хүүгээ бууруулах хандлагатай байгаа нь мөн алтны үнэ өсөхөд нөлөөлсөн бөгөөд Европын Төв банк өнгөрсөн долоо хоногт бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр бууруулсан билээ.
"Goldman Sachs"-ийн шинжээчид алтны үнийн төсөөллөө дахин шинэчилж, шинэ үнэ дэвшүүлэв. Тэд алтны үнийг ирэх онд унц нь 4000 ам.долларт хүрнэ гэж төсөөлжээ. 2025 он гарсаар алтны үнэ 28 хувиар өсөж, шинжээчдийн таамгийг эвдсэн.
"Goldman Sachs" алтны үнэ унц нь 2025 оны эцэс гэхэд 3700 ам.долларт хүрнэ гэж үзэж, ихээхэн өөдрөг төсөөллийг хөрөнгө оруулагчдад танилцуулав.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт "Алтны олборлолтыг нэмэгдүүлэх, алт цэвэршүүлэх үйлдвэр барина" гэж тусгаж, салбарын яамнаас “Алт-3” аяныг хэрэгжүүлэх санаачилга гаргасан билээ.
"Алт 3"-ны аян хэрэгжсэний үр дүнд ойрын хоёр жилд шороон ордын алт тушаалт 20-30 хувиар нэмэгдэж, дунд хугацаанд 45 алтны үндсэн ордын нийт 129.1 тонн нөөц шинээр эдийн засгийн эргэлтэд орж, жил бүр дунджаар 10 орчим тонн алт Монголбанкинд тушаагдана гэж тооцжээ.
Мөн Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал, хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилт бүрэн хангагдаж, Алтны геологи хайгуулын ажил эрчимжиж, үндсэн болон шороон ордууд нөөц нэмэгдэнэ хэмээн үзэж буй.
Үүний зэрэгцээ Уул уурхайн салбарын хариуцлага дээшилж, орон нутгийн иргэдийн эсэргүүцэл буурч, итгэлцэл сэргэнэ, Монгол Улсын эрдэнэсийн сангийн нөөц нэмэгдэж, гадаад валютын нөөцийг бүрдүүлэх, мөнгөний ханшийг илүү тогтвортой байлгах нөхцөл бүрдэх боломжтой гэж үзжээ.
Эх сурвалж: BLOOMBERG, MINING
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл