Өнөөдөр “Монгол хүүхдүүд 2025” нэгдсэн арга хэмжээ төв талбайд болно

Хүүхдийн эрхийг хамгаалах өдөртэй холбогдуулан НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлантай уулзаж ярилцлаа.
-НҮБ-ын Хүүхдийн Сан сүүлийн 60 жил Монгол Улсад ажиллаж байна. Хүүхдийн товлолын вакцин, иоджуулсан давсны хэрэглээг нэмэх зэрэг томоохон ажлууд хийж, бас зуд турхан онцгой байдлын үед хөдөөгийн хүүхдүүдэд тусламж өгдөг байсан. Ер нь олон чиглэлээр хүүхдийн эрхийг хангах хөтөлбөрүүд хэрэгжүүлж ирснийг мэднэ. Харин одоо өмнөхөөсөө арай өөр хэлбэрээр, өөр түвшинд ажиллаад байна уу даа гэж анзаарагдах болсон?
-Тийм ээ, бид одоо үндэсний болон орон нутгийн түвшинд хүүхдүүдтэй холбоотой ямар тодорхой асуудлууд тулгарч байна, түүн дээр нь хөтөлбөр хэрэгжүүлж ажиллаж байна. Урьд нь цөөн тооны тодорхой хэдэн аймаг, дүүрэгт ажилладаг байсан бол одоо 21 аймагт ажиллаж байна. Тухайлбал, зарим газарт ухаалаг худаг байгуулах, хоол тэжээлийн дутлыг эмчлэх, хөдөөгийн багт сургууль байгуулах, цахим боловсролыг дэмжих, сургууль цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийг сайжруулах, дотуур байруудад уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байгууламж байгуулах, эрүүл мэндийн төвүүдийг нарны эрчим хүчинд холбох, англи хэлний багш нарын чадварыг дээшлүүлэх гээд олон ажил хийж байна. Бид 21 аймагтай ажлын төлөвлөгөө байгуулж, санхүүжилтээ хоёр талаасаа шийдээд явж байна.
Монгол Улс дундаас дээш орлоготой орон болж, өөрсдөө вакцинаа авах чадвартай, хүүхдийн нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарт хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх боломжтой болсон тул бидний ч гэсэн хийж хэрэгжүүлж байгаа ажил өөрчлөгдсөн. Одоо бид илүү хүүхдийн аж байдлын талаарх судалгаа, нотолгоог бий болгож, тэрэн дээрээ үндэслэн хүүхдийн төлөө бодлогын түвшний шийдвэр гаргахад төр засагт дэмжлэг үзүүлэх, хүүхдийг хамгаалах, сайн сайхан байдлыг нь хангах хууль эрх зүйн орчныг сайжруулах, хүүхдийн төлөөх төсөв төлөвлөлт үр ашигтай байх, хүүхдэд хүрч байгаа үйлчилгээ чанартай сайн байх зэрэг чиглэлд анхааран ажиллаж байна.
-Бодлогын түвшинд ажиллаж, хүүхдийн талаарх судалгаанууд хийж, нотолгоо бий болгож байна гэж та хэллээ. Та бүхэн ингэж харж байгаа юм байна, харин манай төр засгийнхан өөрсдөө тэгж харж чадаж байгаа болов уу. Та Монголд ирээд багагүй хугацаанд ажилласан хүний хувьд хатуухан ч гэсэн үнэнийг хэлбэл болох уу?
-Бид хүүхдийн эрхийг хангах, хамгаалахад Монгол Улсыг, Засгийн газрыг дэмжих гэж энд байгаа. Тэрнээс бид танай улсад зааж зааварлах гэж ажилладаггүй. Бид Засгийн газартай хамтдаа хийх ажлаа ярилцаад, хамтдаа хэрэгжүүлдэг, шаардлагатай үед зөвлөмж өгдөг. Учир нь зөв бодлоготой, сайн хууль зүйн орчинтой байж гэмээнэ хүүхэд бүрийн эрхийг хамгаалах боломжтой болно. Миний харж байгаагаар Монголд хууль зүйн орчин сайжирч байна, хүүхдийн төлөө төсөв ч жилээс жилд нэмэгдэж байна, хүүхдийн мөнгө олгож байна. Гэхдээ асуудал байна уу гэвэл байгаа. Монгол Улсад тулгамдаж байгаа нь хуулийн хэрэгжилт сул байна, хүүхдэд хүрч байгаа боловсрол, эрүүл мэнд, хамгааллын үйлчилгээнүүдийн чанар муу байна, бас хот хөдөөгөөрөө ялгаатай байна, хүүхдийн сэтгэл зүйн, хөгжлийн олон асуудлуудыг чухал гэж харахгүй байгаад асуудал байна. Тухайлбал, боловсрол гэхээр нэг байшин бариад болсон гэж хараад байна. Гэтэл тэр сургууль дотор хүүхэд аюулгүй байх ёстой, тав тухтай орчинд бие засдаг, хэнээс ч айхгүй санал бодлоо хэлдэг, амттай, шим тэжээлтэй хоол иддэг, дуртай зүйлээ сурч чаддаг, цаашлаад дуртай үедээ интернэтэд холбогдоод мэдлэгээ дээшлүүлдэг, гараад аюулгүй орчинд тоглож нааддаг л байх ёстой. Хүүхэд гэдэг чинь хүн. Хүүхэд юм чинь юу ч идсэн яахав, би тийм юм идээд л болоод ирсэн, би багадаа зодуулаад муудаагүй л байна гэдэг хандлагаа одоо өөрчлөх цаг болсон.
–Сая манайх Хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ой хийлээ. Пионерийн байгууллагаас одоо нэг ерөнхий газрын хэмжээнд хүүхдийн асуудал хамаарагдаж байна. Энэ таныхаар хангалттай юу, бусад улс орнуудад хүүхдийн асуудлыг яг хаанах хариуцдаг юм бол. Яам нь уу, шууд Ерөнхий сайд нь юм уу?
-Өмнөх асуулттай энэ холбогдоно л доо. Хүүхдээ эн тэргүүнд тавьдаг хөгжингүй улс орнууд хүүхэд гэр бүлийн гэсэн тусдаа яамтай, нийгмийн хамгааллын тогтолцоонд хүүхдийн асуудал нэн тэргүүнд нь явдаг, хүүхдийн өмнөөс дуугарч байдаг, хүүхдийн төлөөх үйл ажиллагааг хянаж байдаг хараат бус комиссар ч юм уу тийм тусгай томилогдсон хүн байдаг. Монголд байна уу гэвэл байгаа. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл гэж Ерөнхий сайдын удирддаг зөвлөл бий. Гэвч миний мэдэхийн Ерөнхий сайд өөрөө ирж оролцсон хурал саяын 100 жилийн ойн өмнөхөн болов уу. Энэ хурал дээр Ерөнхий сайд энэ зөвлөлд илүү их анхаарч, бүтэц дотор нь төрийн нарийн биш сайд нарыг оруулж өгсөн нь зөв болсон. Хүүхдийн асуудал олон салбарыг хамардаг, олон чухал шийдвэр гарахад хүүхдийн эрх ашгийг нэн тэргүүнд бодох ёстой учир бүхий л салбарын төлөөллөө ядаж дуудаад уулзаж чаддаг тийм эрх мэдэл бүхий байгууллага л байх ёстой. Одоо бол Монголд салбар бүр өөр өөрийнхөөрөө хүүхдийн асуудлаа хариуцах маягийн, хүүхдийн асуудал энд тэнд л явж байна.
-Манайд боловсролын чанар сул гэдгийг бүгд л хэлдэг. Гэтэл бусад улс орнууд хамгийн их хөрөнгө оруулалтыг боловсролын салбартаа гаргадаг. Бидэнд энэ бүхнийг богино хугацаанд өөрчлөх ямар боломж байна гэж хардаг вэ?
-Миний анзаарч харснаар нотолгоон дээр суурилсан шийдвэр гаргалт нэн тэргүүнд хэрэгтэй. Сургалтын чанарт ямар, ямар хүчин зүйл нөлөөлж байна вэ гэдгээ эхлээд нарийн судалж мэдмээр байгаа юм. Тэгж байж оновчтой шийдэл гарна. Хоёрдугаарт, багш нарын ур чадвар, хөгжлийг системтэй тасралтгүй сайжруулах тогтолцоо байх ёстой. Гуравдугаарт, цахим шилжилт, хиймэл оюун ухааны чиглэлээр хурдтай хөдлөхгүй бол оройтож мэднэ. Энэ чиглэлээр төр засаг, иргэний нийгэм, хувийн хэвшлүүд ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа ч хангалтгүй байна. Уламжлалт аргуудаас гадна ямар шинэлэг аргаар хүүхдүүдэд чанартай боловсрол олгож болох арга замуудыг судалж хэрэгжүүлэх хэрэгтэй болов уу. Мэдээж цахимаар сургах дээр эхлээд дэд бүтцээ бүрэн шийдэх, хүүхэд бүрийг компьютер хэрэгсэлтэй болгох, багш нар цахим ур чадвар эзэмших ёстой. Хөдөөгийн багт байгаа хүүхэд хотын хүүхэдтэй яг адилхан л боловсрол эзэмшдэг байх ёстой. Яг ийм зорилгоор бид Боловсролын яамтай “Нэг баг Нэг сургууль” гэдэг санаачилгыг хэрэгжүүлж байна.
-Сая Хүний эрхийн хорооноос хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл нэмэгдэж байна гэсэн судалгаа гаргалаа. Тэрийг хүмүүс анзаарч тоохгүй өнгөрчих шиг. Хүүхэд хамгааллын төсөв нэмэгдсэн, нийгмийн ажилтны тоог нэмсэн гээд байгаа. Энэ нь хүүхдийн эсрэг хүчирхийллийг багасгаж чадах уу. Яг хаана нь бид дутуу ажиллаад байна, тогтолцоо хаанаа сул байна гэж та хэлэх вэ?
-Дээр хэлсэнчлэн хүүхэд хамгааллын үйлчилгээний хүртээмж, чанарын асуудал дээр анхаарахгүй байна. Хүүхэд хэрэгтэй үедээ насныхаа онцлогт тохирсон чанартай үйлчилгээг л авах тухай асуудал шүү дээ. Хоёрт, хүүхэд хамгааллын үйлчилгээг төрөлжүүлэх хэрэгтэй байна. Тухайлбал, бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд урт хугацаанд мэргэжлийн нарийн ур чадвар шаардсан үйлчилгээ үзүүлэх ёстой. Нийгмийн ажилтнуудын тоог сая нэмсэн, гэхдээ тэр 800 гаруй хүн дотор яг мэргэжлийн нийгмийн ажилтан цөөн. Нийгмийн ажилтан бол яг эмчтэй адил сургууль соёлыг нь төгсөөд хийх ёстой мэргэжлийн ажил. Энэ хүмүүсийг бүр системтэй, тасралтгүй хөгжүүлж, мэргэжил дээшлүүлж байх шаардлагатай. Энэ хүмүүс эцсийн дүндээ тухайн хүүхдэд чанартай сайн хүүхэд хамгааллын үйлчилгээ хүрэх эсэхийг шийдэх хүмүүс. Миний хэлэх дуртай нэг жишээ байдаг. Гал сөнөөгч галаас хүүхдийн амийг аврахад хүн бүр баяр хүргэж, магтдаг. Нийгмийн ажилтан хүүхдийг гэр бүлийн хүчирхийлэл, мөлжлөгөөс урьдчилан сэргийлэхэд хэн ч мэддэггүй, тоодоггүй. Нийгмийн ажилтнуудыг урамшуулдаг тогтолцоог сайжруулах хэрэгтэй. Гуравт, урьдчилан сэргийлэх ажил хангалтгүй. Нэг, хоёр удаагийн аян, кампанит ажил хангалтгүй. Нийгмийн хэм хэмжээ, буруу дадал зуршил, хандлагыг өөрчлөх ажлууд тасралтгүй явах ёстой. Хүүхдээ зодох нь зүгээр ш дээ гэж боддог эцэг эх, асран хамгаалагч нарын ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай. Мөн ямар нэг хүчирхийллийн хохирогч болсон хүүхдийг давтан хохирогч болгох үзэгдэл их байна. Үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэдэг дээр ажиллах ёстой гэж хэлнэ дээ.
-НҮБ-ын Хүүхдийн Сан Монголын хувийн хэвшлүүдтэй хамтарч хөрөнгө босгоод байх шиг байна. Танай элчээр хувийн хэвшлийн байгууллагын хүмүүс томилогдлоо. Тэд урт хугацааны томоохон ажлыг чухалчлаад байгаа юм шиг хандлага ажиглагдаж байна уу даа?
-Бид сүүлийн 10 жил хувийн хэвшлүүдтэй ажиллаж байна. Гэхдээ хүүхдэд илүү ээлтэй бизнес яаж болох вэ, ажлын байран дээрээ хүүхэд, гэр бүлд ээлтэй бодлого хэрхэн явуулах вэ, ажилчдаа болон тэдний гэр бүл, хүүхдийг хэрхэн дэмжих вэ гэдэг чиглэлээр сургалт орж, энэ талаар мэдлэг хандлагыг нэмэгдүүлж ажилласан. Үүний үр дүнд олон ч байгууллага хажуудаа ажилчдын цэцэрлэг байгуулах, хүүхдээ хөхүүлэх өрөө байгуулах, аавуудад төрсний дараах цалинтай чөлөө олгох зэрэг олон сайн ажлууд хийсэн. Гэр бүлд, хүүхдэд ээлтэй бодлого бол зөвхөн ажилтандаа төдийгүй ажил олгогчдоо ч үр өгөөжтэй байгаа юм. Үр хүүхэд, гэр бүл нь тайван амгалан бол хүн ажлаа ч тайван хийнэ, тэр хэрээр бүтээмж ч өндөр байна. Дээрээс нь бүх л аж ахуйн нэгж компани нийгмийн хариуцлагын хүрээнд хийдэг ажилтай, төсөвтэй байдаг, тэрийг нь бид хүүхдэд илүү урт хугацаанд, тогтвортой сайн өөрчлөлт авчрах ажил руу чиглүүлэх талаар нөлөөллийн ажил багагүй хийлээ. Харин сүүлийн нэг жил бид өөрсдийн төсөл, хөтөлбөрт хувийн хэвшлээс хөрөнгө босгох ажлыг эрчимтэй хийж байна. Энэ нь манай дотоод нөөц бололцоо хумигдсантай холбоотой. Ингэхэд үнэхээр ч аж ахуйн нэгжүүд хүүхдийн төлөө юм хийе гэсэн хүсэл эрмэлзэл дүүрэн байгааг хараад их баярласан. Бүх салбарын компаниудтай бид хамтран ажиллаж байна. Тухайлбал, алслагдсан багийн хүүхдүүдэд сургууль байгуулах ажлыг бид Хаан банктай хамтран хийж байна. Цахим орчинд хүүхдийг хамгаалах ажлыг “Тесо” групптэй, боловсрол дээр “Монполимет”-тэй ажиллаж байна. Мөн “МАК”, “Номин холдинг” гэх мэт олон сайхан түншлэлүүд нэмэгдэж, бид хамтдаа хойч үедээ сайн сайхан ирээдүйг өгөхийн төлөө ажиллаж байна.
О.ТУЯА
Сэтгэгдэл
Зочин [66.181.191.95] 2025-06-01 19:16:20
боов
Зочин [202.9.40.19] 2025-06-01 16:49:51
Хар буюу негр хүнийг барууныхан хүний адаг гэж үзэж ирсэн. Тэдэнтэй гэр бүл болох хүн байхгүй байсан. Олоо ч тийм л байгаа. Гэтэл манайд хар нөхөртэй хэдэн хүн байна вэ. Тэю юунд нь болж эдэнтэй суудаг юм болоо
Зочин [202.9.47.56] 2025-06-01 16:15:09
Хар горилууд маш их үзэгдэх боллоо. Ирээдүйд монгол хар горилуудаар дүүрэх вий.