Европын холбоо 150 тэрбум еврогийн хөрөнгө бүхий батлан хамгаалахын сан байгуулна

Европын холбоо 150 тэрбум еврогийн санхүүжилттэй батлан хамгаалахын сан байгуулахаар шийдвэрлэсэн байна. Европын батлан хамгаалах үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж, одоогийн хүч нөөц дутмаг сул байгаа талуудыг нөхөн бүрдүүлж, эцсийн дүндээ ЕХ-ны батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэхэд энэ сангийн үйл ажиллагаа чиглэнэ гэж Европын Зөвлөлөөс өчигдөр нийтлүүлсэн мэдэгдэлд заасан байгаа юм байна.
Ингэхдээ ЕХ-ны батлан хамгаалах аж үйлдвэрлэлд хамтран худалдан авалт хийх замаар хөрөнгө оруулж, Европын технологийн болон аж үйлдвэрийн баазыг дэмжиж санхүүжүүлэх нь энэ шинэ сангийн үйл ажиллагааны зарчим байна гэж тусгажээ.
Украинд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэх, энэ улсын батлан хамгаалах аж үйлдвэрлэлийг дэмжих боломжийг ЕХ-нд олгох нь SAFE буюу Европын аюулгүй байдлын ажиллагааны сангийн нэг чиг үүрэг нь байх юм байна. Мөн энэ хүрээнд хүсэлт гаргасан орнуудад энэ сангийн хөрөнгөөс “илүү таатай нөхцөлөөр, урт хугацааны зээл олгох боломжтой. Мөн зээл авсан улс нь доод тал нь 2 гишүүн улстай хамтарсан худалдан авалт хийдэг байхаар журамлажээ.
Энэ хүрээнд пуужин, их бууны систем, газрын байлдааны дэд бүтэц, дэмжих системүүд, мөн кибер аюулгүй байдлын хэрэгслүүд, мөн агаарын болоод пуужингийн довтолгооноос хамгаалах системүүд зэрэг өөр бусад тоног төхөөрөмж, зэвсэглэл худалдан авалтыг санхүүжүүлэх юм байна.
SAFE нэртэй энэ санг байгуулж байгаа нь ЕК-ийн дарга Урсула фон дер Ляйений өнгөрсөн 3р сард танилцуулж байсан Европын дахин зэвсэглэх 800 тэрбум еврогийн өртөгтэй төлөвлөгөөний нэг хэсэг.
Европын Холбоо Д.Трампыг америкийн Цагаан ордны тэргүүнд эргэн сонгогдсоны дараагаас буюу Брюссель хойшдоо Вашингтоны хамгаалалт дэмжлэгт найдах аргагүй болсноор батлан хамгаалах нөөц чадамжаа бэхжүүлэх ийм төлөвлөгөө боловсруулж эхэлсэн гэдгийг Ройтерс-ийн тоймч дурдсан байна.
Энэ зуур Европын орнуудаас Украинд нийлүүлсэн зэвсгийн ашиглалтад тогтоосон хязгаарлалт хэдийнэ цуцлагдсан, Киев тэдгээр зэвсгийн тусламжтай Оросын нутгийн гүнд цохилт өгөх боломжтой гэсэн Германы канцлер Ф.Мерцийн мэдэгдэл чамгүй шуугиан тарьж байгааг хэвлэлүүд мэдээлж байна.
Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков үүнийг “онцгой аюултай шийдвэр” гэж нэрлээд үнэхээр ийм шийдвэр гарсан бол дөнгөж эхлэлийн төдий байгаа эмзэг хэврэг энхийн үйл явцтай бүхэн харшилж байгаа алхам гэж нэрлэсэн байна. Үүний зэрэгцээ Украины ерөнхийлөгч В.Зеленский өнөөдөр канцлер Мерцтэй хэлэлцээ хийхээр Германд очжээ.
Сэтгэгдэл
Европуудыг Америк хаяжээ. [66.181.183.73] 2025-05-29 23:33:22
Америк Европт цэргээ 80 жил байлгалаа, өчнөөн мөнгө зарлаа, ОДОО БОЛЛОО. Бид цэргээ татлаа, европчууд ӨӨРСДӨӨ өөрийгөө хамгаал гэвш. Тэгээд муусай зальтай европчууд дуртай дургүй батлан хамгаалах зардлаа өсгөх боловш. ОХУ нь Монголыг хамгаалахгүй гэвэл бид ёстой энэн шиг шаварт унандаа.
Зочин [66.181.182.34] 2025-05-29 19:15:22
Европид хүнс ба барааны үнэ жигтэйхэн өсөөд байгаа цагт эдгээр орнуудын засаг төрүүд нь эдийн засагтаа нэг ч евро зарцуулахгүй байна.