Ч.Жавхлантөгс: АН эрчим хүчний реформыг манлайлж, үйлдвэрлэлд суурилсан эдийн засаг руу шилжихийг зорьж байна

Aдмин / Улстөр

Ардчилсан намын Сургалт, судалгаа хариуцсан нарийн бичгийн дарга Ч.Жавхлантөгстэй ярилцлаа.

-Та өнгөрсөн долоо хоногт баруун таван аймагт багийн хамт ажиллаж, “Эв нэгдлээс институт рүү” хэлэлцүүлэг өрнүүлжээ. Хэлэлцүүлгийн үр дүн ямар байсан бэ?

-Ардчилсан намд Улс төрийн намын тухай хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор Үндсэн дүрмээ өөрчлөх, мөн анх удаа нэгдсэн хөтөлбөртэй болох шаардлага тулгарсан. Бид энэ хүрээнд “Эв нэгдлээс институт рүү” хэлэлцүүлгийг зохион байгуулж, 21 аймаг, 9 дүүргийн намын бүх шатны гишүүдээс санал авч ажиллаж байна. Гишүүдийн олонх анхан болон дунд шатны оролцоог нэмэгдүүлж, залуу үе рүү чиглэсэн бодлогод түлхүү анхаарах хэрэгтэйг онцолсон. Хэлэлцүүлэг бодит, өргөн оролцоотой болсон нь үр дүнтэй байсны илрэл юм.

-“Ардчилсан Монгол” хөтөлбөрийн гол үзэл баримтлал, онцлог юу вэ?

-Одоогоор хөтөлбөрийн нэрийг гишүүдээсээ санал авч тодорхой болгож байна. “Тусгаар Монгол” гэсэн хувилбар ч яригдаж байгаа. Учир нь, тусгаар тогтнол гэдэг нь зөвхөн газар нутгийн асуудал бус түлш, эрчим хүч, хүнс, эдийн засгийн хараат бус байдал юм.

Баруун аймагт ажиллах үеэр түлш нэг өдрийн дотор 200 төгрөгөөр нэмэгдэж байгааг харсан. Энэ нь хараат байдал ямар эмзэг, тогтворгүйг харуулж байна. Тиймээс стратегийн гол бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэх бодлогыг Ардчилсан нам тууштай дэмжих шаардлагатай гэж үзэж байна.

Мөн бид эрчим хүчний реформыг манлайлж, үйлдвэрлэлд суурилсан эдийн засаг руу шилжихийг зорьж байгаа юм. Энэ бүхэн тогтвортой хөгжлийн үндэс суурь гэж ойлгож болно.

-Хөтөлбөрт боловсрол, багш нарын талаарх бодлого хэр туссан бэ?

Багш, сурган хүмүүжүүлэгчдийн цалин, нийгмийн баталгааг бодитоор дэмжих зайлшгүй шаардлага бий. Боловсролын чанарыг сайжруулахын тулд төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлнэ. Жишээлбэл, Говь-Алтай аймагт “80/80” буюу дундаж наслалт 80 нас, дундаж орлоготой өрх 80 сая төгрөг гэсэн зорилтот хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Олимпиадад амжилт гаргасан багш, сурагчдад бодит урамшуулал олгож байгаа нь оновчтой жишээ гэж үзэж байна.

-Ардчилсан нам эв нэгдэл, дотоод ардчиллыг хэрхэн шинэчлэн сайжруулах вэ?

-Шинэ дүрэмд намын бүх шатны гишүүдийн оролцоог тэгш болгох, эрх, үүрэг, хариуцлагын хяналтыг тодорхой тусгаж, хариуцлага тооцох механизмыг нэвтрүүлж байна. Мөн санхүүгийн ил тод байдлыг хангах шинэ тогтолцоог бий болгож буй. Бид эв нэгдлээ хадгалахыг нэн тэргүүнд чухалчилж, дараагийн шатанд институцийн хөгжлийг төв болгосон, бодлогоор өрсөлддөг, эрүүл улс төрийн хүчин байхыг зорьж байна.

-Орон нутгийн гишүүдийн ардчилалд итгэх итгэл ямар түвшинд байна вэ?

-Орон нутгийн иргэд, гишүүдийн Ардчилсан намд итгэх итгэл өндөр байгааг энэ удаагийн уулзалтуудаас мэдэрсэн. 2012-2016 оны бодлогын хэрэгжилт, эдийн засгийн өсөлт, бүтээн байгуулалтын үр дүнг дурсаж, энэ үеийн бодлого үр өгөөжтэй байсныг онцолж байлаа. Иргэдийн хувьд анхан болон дунд шатны оролцоог нэмэгдүүлж, иргэн төвтэй намын загварыг бүрдүүлэхийг хүсч байгаа нь илт байсан.

-Баруун таван аймагт тулгамдаж буй асуудал, Ардчилсан намын байр суурийг танилцуулна уу?

-Хөдөө орон нутгийн иргэд төрийн анхан шатны үйлчилгээ, боловсрол, эрүүл мэндийн чанарт ихээхэн шүүмжлэлтэй ханддаг. Ажилгүйдэл, ядуурал, ажлын байрны хомсдол томоохон сорилт болоод байна. Мал аж ахуй, газар тариалан, үйлдвэрлэлийг дэмжихээс гадна бүсийн эрүүл мэндийн оношлогооны төв байгуулах шаардлага зайлшгүй. Жишээлбэл, зүрхний шигдээсийн оношлогоо, эмчилгээг Улаанбаатар руу бус бүсдээ авах боломж бүрдүүлэх хэрэгтэй.

Баян-Өлгий аймагт соёл, боловсролын салбарт илүү анхаарах шаардлагатай. Иргэд нь хөдөлмөрч, бичил бизнес эрхлэх соёл түгээмэл байгаа нь тус бүсийг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэхэд давуу тал болно.

-Ардчилсан нам өнөөдөр ямар шинэчлэл хийхийг зорьж байна вэ?

-Бид эв нэгдэлд суурилж, институтын зарчимд тулгуурласан, иргэдийн оролцоог дээдэлсэн, эрх чөлөөт, хувийн өмчид тулгуурласан хөгжлийн үзэл баримтлалаа шинэ шатанд гаргахыг зорьж байна. “Ардчилсан Монгол” буюу “Тусгаар Монгол” хөтөлбөрөөр дамжуулан улс төрийн нам зөвхөн сонгуульд оролцогч бус, хөгжлийн бодлого тодорхойлогч, хариуцлагатай институц байх шинэ жишгийг тогтоохын төлөө ажиллаж байна.

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН
Д.ЭРДЭНЭТУЯА


Сэтгэгдэл

Zochin [202.126.89.208] 2025-05-28 16:50:02

Zuwuu. Ardchilsan nam shinechlel hj uls eh ornoo uud tatah herwgtei

Eegii [122.201.27.9] 2025-05-28 16:31:17

Amjilt huseyeeee

Коочин [59.153.115.59] 2025-05-28 15:45:37

Ххууддлааа. Саййхаан. Заалахх ююмаа..

Найз [66.181.161.215] 2025-05-28 13:20:55

Цаг хушацааг харуулна бөйх

Зочин [59.153.115.59] 2025-05-28 11:40:43

худлаа. яриад л


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000