Бүрэн эрх нь дуусч, эхнэрийнхээ үхэлд нэр холбогдсон А.Төмөрийг хэзээ эргүүлэн татах нь тодорхойгүй байна

Тайландын Бангкок хотын Клонг Тоэй дүүрэгт байрлах орон сууцны 17 давхраас 2025 оны тавдугаар сарын 9-ний шөнө 41 настай Л.Орхон гэх монгол эмэгтэй унаж, харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарч, олон нийтийн анхаарлыг татаад буй.
Талийгаач тухайн үед Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Төмөрийн гэргий байсан бөгөөд хэргийн нөхцөл байдалд олон эргэлзээ дагалдаж байгаа билээ.
Хэргийг шалгаж эхэлсэн Тайландын хууль хүчний байгууллагын эх сурвалжуудын мэдээлснээр, монгол эмэгтэйн цогцсыг орон сууцны дөрөвдүгээр давхраас нэг давхар луу зөөсөн гэх мэдээлэл анхаарал татаж байгаа юм.
Мөн цагдаагийн байгууллага ирэхээс өмнө талийгаачийг яаран чандарласан нь хэргийг бүр ч ойлгомжгүй, маргаантай болгосон гэх хардлага олон нийтийн дунд өрнөсөн.
Энэхүү хэрэг явдлын улмаас Гадаад харилцааны яамнаас Элчин сайд А.Төмөрийг албан тушаалаас нь эргүүлэн татах санал боловсруулж, 2025 оны тавдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хүргүүлжээ.
Монгол Улсын хуульд заасны дагуу Ерөнхийлөгч Элчин сайдыг томилох, эргүүлэн татах асуудлыг Улсын Их Хуралтай зөвшилцөн шийдвэрлэх ёстой.
Ерөнхийлөгчөөс Элчин сайд А.Төмөрийг эргүүлэн татах асуудлаар зөвшилцөх албан бичгийг 2025 оны зургадугаар сарын 22-нд УИХ-д хүргүүлсэн боловч тухайн үед хаврын чуулган хаагдаж, асуудлыг хэлэлцэж амжаагүй байна.
Ийнхүү албан ёсны шийдвэр хүлээгдсээр байх хооронд А.Төмөрийн Элчин сайдаар ажиллах бүрэн эрхийн хугацаа долдугаар сард дуусгавар болжээ.
Гадаад харилцааны яамнаас энэ талаар "А.Төмөр сайдыг эргүүлэн татах асуудлаар зөвшилцөх саналыг процессын дагуу Ерөнхийлөгч УИХ-д хүргүүлсэн. Одоо УИХ хэлэлцэж, шийдвэр гаргасны дараа томилгоо болон эгүүлэн татах асуудлууд эцэслэн шийдэгдэнэ" гэсэн тайлбар өгсөн.
Өнөөдрийн байдлаар Элчин сайд асан А.Төмөрийн холбогдсон гэх энэ эмгэнэлт хэргийн мөрдөн шалгалтын явц, түүнтэй холбоотой улс төрийн шийдвэрүүд эцэслэн шийдэгдээгүй байгаа бөгөөд олон нийт энэ хэргийн үнэн мөнийг тодруулахыг хүлээсээр байна.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [103.212.163.240] 2025-10-01 11:03:43
Овоо алуурчин гар байншт,бас л МАН-н нэг шилдэг залуу биз аягүй бол
Иргэн [103.57.94.157] 2025-10-01 10:29:38
Одоо таг мартсхн байгаа,Мяж- ажил ингэж л чвагддаг