ЗГ: Энэ өвөл эрчим хүчний хязгаарлалт хийхгүй

Aдмин / Улстөр

Засгийн газрын өнөөдөр /2025.10.01/-ийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Эрчим хүчний салбарын төлөөлөл, ДЦС-3 ТӨХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Н.Тавинбэх нар сэтгүүлчдэд мэдээллээ.

Дархлаажуулалтын явц 60 хувьтай, багш нар үлгэр жишээ болов

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн ахмадын баярын өдрийг тохиолдуулан ахмадууддаа мэндчилгээ дэвшүүлж, вакцинжуулалтын явцын талаар мэдээлэл өглөө. Улсын хэмжээнд нийт 300 мянган тун вакцин хийхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 180 мянган тун хийгдсэн буюу 60 хувийн гүйцэтгэлтэй байна.

Дархлаажуулалтад хамрагдах ёстой 160 мянган хүүхдээс 96 мянга нь вакциндаа хамрагдаад байгаа аж.

Боловсролын салбарын багш нар 100 хувь хамрагдаж, үлгэр жишээ үзүүлсэн бол харин эмнэлгийн ажилтнуудын хамрагдалт харьцангуй бага байгаа нь анхаарал татаж байна.

Аймгуудын хувьд Сэлэнгэ аймаг хамгийн сайн үзүүлэлттэй байгаа бол Баян-Өлгий аймаг хамгийн бага үзүүлэлттэй байна.

Ж.Чинбүрэн сайдын хэлснээр, хичээлийн шинэ жил эхэлснээр улаанбурхан өвчний тархалт буурч, вакцинжуулалтын эерэг нөлөө илэрхий болж байгаа ч арваннэгдүгээр сараас ханиад томуу эрчимжиж, хүндрэл гарах эрсдэл өндөр байгааг мэргэжлийн байгууллагууд анхааруулжээ.

ЭМД-ын санхүүжилттэй холбоотой ташаа мэдээллийг үгүйсгэв

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр тарсан “ЭМД-ын санхүүжилт зогссон” гэх мэдээллийг ч Эрүүл мэндийн сайд няцаалаа.

Улсын эмнэлгүүдийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа бөгөөд 200 орчим эмнэлгийн санхүүжилт тасалдаагүй. Харин хувийн хэвшлийн эмнэлгүүдэд зориулсан 165 тэрбум төгрөгийн санхүүжилт 2025 оны наймдугаар сард бүрэн зарцуулагдсан байна. Цаашид санхүүгийн сахилга бат, үр ашигт анхаарах шаардлагатай байгааг сайд онцоллоо.

Энэ өвөл цахилгаан хязгаарлалт хийхгүй гэж мэдэгдлээ

ДЦС-3 ТӨХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Н.Тавинбэх эрчим хүчний бэлтгэл, сэргээн босголтын явцын талаар танилцуулав.

Н.Тавинбэх "2025 оны зургадугаар сарын 2-нд ДЦС-3-д гарсан ослын дараа Засгийн газраас нийт 105 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 5 багц ажил хэрэгжүүлж эхэлсэн. Эдгээрээс 3 багц ажил нь өвлийн оргил ачааллын өмнө бүрэн дуусах шаардлагатай бөгөөд одоогоор 90 хувийн гүйцэтгэлтэй байна.

Үлдсэн 2 багц ажил ч мөн өвөл ирэхээс өмнө дуусахаар төлөвлөгдөж байна. Эдгээр ажлыг бүрэн дуусгаснаар станц өнгөрсөн оны оргил хэрэглээний хэмжээнд эрчим хүч үйлдвэрлэх чадвартай болно.

Улаанбаатар хотын цахилгааны хэрэгцээний 50 хувийг хангах боломж бүрдэнэ. Иймд энэ өвөл цахилгаан хязгаарлалт хийхгүй, зөвхөн хэрэглээ хэтрэхгүй байх нөхцөлд тасралтгүй цахилгаанаар хангах боломжтой" гэж онцолсон юм.

Б.ЖАРГАЛ



Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.