Д.Трамп Конгресс дахь фракцуудын удирдагчидтай уулзана

АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа түр зогсох (шатдаун) эрсдэл ойртож байгаатай холбогдуулан Ерөнхийлөгч Д.Трамп Конгрессын хоёр танхим дахь Бүгд Найрамдах намын ба Ардчилсан намын бүлгүүдийн удирдагчидтай даваа гарагт уулзахаар төлөвлөж байгаа тухай "NBC News" телевиз Цагаан ордон болон Конгресс дахь эх сурвалжуудыг эш татан мэдээлжээ.
Уулзалтад Бүгд найрамдах намаас Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсон, Сенат дахь олонхын бүлгийн дарга Жон Тун, мөн Конгрессын доод, дээд танхим дахь Ардчилсан намын цөөнхийн бүлгийн удирдагчид болох Хаким Жеффрис, Чак Шумер нар оролцох төлөвтэй байна.
Өнгөрсөн долоо хоногийн эхээр Ч.Шумер Трампыг Ардчилсан намын улстөрчидтэй уулзахыг уриалжээ. Эс тэгвээс засгийн газрын үйл ажиллагаа зогсоход хүрнэ гэж тэрбээр мэдэгдсэн байна. "Трамп бидэнтэй уулзахаас татгалзсанаараа Америкийг шатдаун руу түлхэж байна" гэж Ч.Шумер онцолжээ. Засгийн газрын үйл ажиллагааг 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл түр санхүүжүүлэх тухай хуулийн төслийг Төлөөлөгчдийн танхим баталсныг Д.Трамп сайшаажээ. Одоо уг хуулийн төслийг Сенатын танхим батлах ёстой. Сенатын танхимд Бүгд найрамдах нам 100 суудлаас 53-ыг эзэлдэг бөгөөд уг хуулийн төслийг батлахын тулд 60 санал хэрэгтэй.
Есдүгээр сарын 19-нд Сенатын танхим Төлөөлөгчдийн танхимд баталсан хуулийн төслийг, мөн Ардчилсан намаас өргөн барьсан өөр хувилбарыг хүлээж аваагүй байна.
АНУ-ын Засгийн газрын агентлагуудын үйл ажиллагааг түр хугацаанд санхүүжүүлэх хуулийг өнгөрсөн гуравдугаар сард баталсан бөгөөд түүний хугацаа есдүгээр сарын 30-нд дуусна. Хэрэв намууд есдүгээр сарын 30-наас өмнө зөвшилцөлд хүрч чадахгүй бол Засгийн газрын үйл ажиллагаа 10 дугаар сарын 1-ний шөнө дундаас хэсэгчлэн эсвэл бүрэн зогсох нөхцөл байдал үүсэх юм.
Д.Жаргал
Сэтгэгдэл