Аутизмтай холбоотой Д.Трампын анхааруулгын хариуд Европын Холбоо, ДЭМБ мэдэгдэл гаргажээ

Парацетамолыг жирэмсэн үед хэрэглэхэд аюулгүй болохыг Европын Холбоо болон Их Британийн эрүүл мэндийн агентлагууд мягмар гарагт баталснаар түгээмэл хэрэглэдэг өвчин намдаах уг эм нь аутизмыг үүсгэдэг гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хэлсний эсрэг байр сууриа илэрхийлжээ.
Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ аутизмыг үүсгэдгийг нотлох баримтууд өөр хоорондоо зөрчилтэй хэвээр байгааг дурдаад, дүгнэлт хийхдээ хянуур хандахыг уриалсан байна.
Даваа гарагт Д.Трамп хэлэхдээ "хүүхдийн вакцинжуулалт болон эмэгтэйчүүд жирэмсэн үедээ тайленол эмийг хэрэглэх нь аутизмыг үүсгэдэг" хэмээн шинжлэх ухааны судалгаагаар нотлогдоогүй мэдэгдлийг хийснээр АНУ-ын эрүүл мэндийн бодлогод өөрчлөлт гарах нь гэсэн болгоомжлолыг төрүүлсэн байна.
Харин Америкт тайленол гэж нэрлэгддэг парацетамолыг жирэмсэн үед хэрэглэх талаарх одоогийн зөвлөмжид өөрчлөлт оруулах нь зүйтэй гэснийг нотлох баримт байхгүй гэж Европын Эмийн агентлаг /EMA/ мягмар гарагт мэдэгдсэн байна.
“Одоо байгаа нотлох баримтуудаас үзэхэд жирэмсэн үед парацетамол хэрэглэх болон аутизмын хооронд ямар ч холбоо хамаарал байхгүй” гэж EMA мэдэгдээд, жирэмсэн үед парацетамолыг хамгийн бага тун, давтамжтайгаар шаардлагатай үед хэрэглэж болно гэдгийг дурджээ.
Даваа гарагт мөн Британийн эрүүл мэндийн агентлаг уг эмийг хэрэглэхэд аюулгүй гэж мэдэгдсэн байна.
ДЭМБ-ын хэвлэлийн төлөөлөгч Тарик Жасаревичээс Женевт болсон хэвлэлийн бага хурлын үеэр жирэмсэн үед парацетамол хэрэглэх нь аутизмтай холбоотой байж болзошгүй эсэх талаар асуухад “нотлох баримтууд хоорондоо зөрчилдсөн хэвээр байна” гэж хариулжээ.
Эх сурвалж: REUTERS
Э.ХУЛАН
Сэтгэгдэл
Зочин [66.181.187.64] 2025-09-25 09:46:27
Трамп өөрөө аутизмтай хүнээс дээрдэх юмгүй болсон юм биш үү? Миний бодлоор Байданаас нэг их дээрдээд байх юмгүй болжээ.