ОХУ, АНУ-ын Гадаад хэргийн сайд нар уулзлаа

Өнгөрсөн лхагва гарагт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы хүрээнд уулзжээ.
Оросын эсрэг дипломат болон эдийн засгийн арга хэмжээ авахыг АНУ шахаж буй энэ үед уг уулзалт болсон байна.
АНУ-ын Төрийн департаментаас мэдэгдсэнээр, М.Рубио уулзалтын үеэр Ерөнхийлөгч Дональд Трампын гал зогсоох уриалгыг дахин дэвшүүлж, “Тодорхой шийдэлд хүрэхийн тулд дорвитой алхам хийх хэрэгтэй” гэдгийг уриалжээ.
М.Рубио Аюулгүйн Зөвлөлд үг хэлэхдээ Украин, Оросын нөхцөл байдлын талаар дурдаад, мөргөлдөөн хурцдаж болзошгүйг анхааруулжээ. Тэрээр мөн “Энэ дайныг зогсоох хэрэгтэй. Гэвч хэрэв ийм зүйл болохгүй бол, богино хугацаанд энх тайванд хүрэх арга замыг олохгүй бол АНУ болон Ерөнхийлөгч Трамп шаардлагатай алхмуудыг хийх болно” гэв.
ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр, С.Лавров өмнө нь хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэхэд бэлэн байгааг онцлон тэмдэглэжээ. Үүнд мөргөлдөөний үндсэн шалтгааныг арилгахын тулд АНУ-тай хамтран ажиллах зэрэг багтаж байгаа аж. Тэрбээр мөн мөргөлдөөн сунжирч байгаад Украин болон Европын зарим орны удирдагчдыг буруутгасан байна.
Д.Трамп өнгөрсөн сард Аляск муж улсад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсан юм. Тэрбээр Орос-Украины дээд хэмжээний уулзалт хийхийг удаа дараа уриалж ирсэн боловч ийм уулзалт хараахан болоогүй байна.
Сэтгэгдэл