Д.Амарбаясгалан: МАН дотооддоо хагаралтай байгаа нь үнэн

Aдмин / Улстөр

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2025.09.25) сэтгүүлчидтэй уулзаж, цаг үеийн нөхцөл байдал, намын дотоод хагарал, хууль хяналтын байгууллагын ажиллагаа, хэвлэлээр тараагдаж буй өөртэй нь холбоотой мэдээллүүдийн талаар тайлбар хийж, байр сууриа илэрхийллээ.

Д.Амарбаясгалан МАН дотор хагарал байгааг хүлээн зөвшөөрсөн ч түүний эх сурвалжийг өөрт нь бус, тодорхой улс төрчдөд хаяглалаа. Түүний хэлснээр, намын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хүлээлгэж өгсний дараах 10 сарын хугацаанд л хагарал бодитоор хүчээ авсан байна.

Тэр Г.Занданшатар, Я.Содбаатар, Ж.Энхбаяр, Б.Батцэцэг, Б.Энхбаяр нарыг хагарлын гол зохион байгуулагчид гэж нэрлэээд, “МАН-ыг нэгтгэх, гишүүдийн алдагдсан итгэлийг сэргээхийн тулд намын даргад нэр дэвшсэн” хэмээн онцолсон юм.

Д.Амарбаясгалан энэ удаа сэтгүүлчидтэй хувь улс төрчийн хувиар уулзаж байгаагаа тодотгосон. Тэрбээр "Авлигатай тэмцэх газар улс төрийн хэрэгсэл болж ажиллаж байна" хэмээн мэдэгдэв.

Өчигдөр буюу 2025.09.24-ний орой 20 байцаагчаас бүрдсэн баг, түүнийг дэмжиж буй гэх Бага хурлын гишүүдийг мөрдөн шалгаж, хавтаст хэрэг үүсгэх ажиллагаа явуулжээ. Иймд тэрбээр энэ ажиллагаа эхлэхэд Я.Содбаатарт “Хуулийн байгууллагыг намын дотоод асуудалд бүү оролцуул” гэж мэдэгдсэн бөгөөд 20 минутын дараа үйл ажиллагаа шууд зогссоныг хэлэв.

“Админерал” компанитай холбоотой эсэх тухай асуултад тэрбээр “Би тус компанитай ямар ч холбоогүй. Шүүх, АТГ хоёулаа намайг холбоогүйг тогтоосон” хэмээн хариулсан юм. Мөн гэр бүл, хамаатан саданд нь уул уурхай, нүүрс тээврийн бизнес эрхэлдэг нэг ч хүн байхгүйг хэлнэ лээ. Тэрбээр дүүг нь уг компанитай холбохыг оролдож буйг няцааж, гарын үсгийг нь хуурамчаар үйлдсэн нь шүүх шинжилгээгээр батлагдсаныг өгүүлэв.

Үндсэн хуулийн өөрчлөлт, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг сунгах эсэх тухай асуултад Д.Амарбаясгалан "2024 оны наймдугаар сард Я.Содбаатар, Ж.Энхбаяр нар УИХ-ын гишүүдтэй уулзан, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулан сунгах санал тавьсан. Энэ санаачилга нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын хооронд үл ойлголцол үүсэх суурь болсон" хэмээн мэдэгдэв.

Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн Ж.Эрдэнэбатыг баривчилсан үйлдлийг дурдаж, энэ жишиг дахин давтагдаж болохгүйг онцолсон. Тухайн үед гарсан Засгийн газрын “сонгуулийн үеэр улстөрчийг баривчлахгүй” гэсэн шийдвэр одоо ч хүчин төгөлдөр байхад үл хэрэгсэн, хууль хяналтын байгууллагуудыг улс төрийн зэвсэг болгож байна гэж мэдэгдлээ.

Мөн тэрбээр өөрийн дүүг “Админерал” компанийн хувьцаа эзэмшигч биш болохыг нотолж, "Хуурамч баримт ашиглан дүүг минь холбохыг оролдсон" хэмээн тайлбарлав.

Д.Амарбаясгалан “Монголын улс төр хоёр туйл руу хуваагдаж байна. Би энэ хуваагдлыг арилгаж, МАН-ыг эв нэгдэлтэй, ард түмний итгэлийг хүлээсэн улс төрийн хүчин болгохын төлөө нэр дэвшиж байна. Улс төрд шантааж, сүрдүүлэг биш, бодлого, үнэн, ёс зүй хэрэгтэй” гэлээ.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [109.252.134.202] 2025-09-25 20:37:25

Энхбаяр чиний унэнийг хэлсэн. Чи намын даргын суудалын толоо ухэн хатан зутгэж ош хонзон оворлосон зандан шатарын суудалыг авахын толоо амиа тавьж байна. Уих дарша хийж чадахгуй тосов хэлэлцж байхад хов хэруул хооцолдож амиа бодсон хужаа вэ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.