"MongolZ" дэлхийд чансаагаараа анх удаа нэгдүгээрт эрэмбэлэгдэв

Aдмин / Спорт

Монголын цахим спортын түүхэнд тодоор бичигдэх бас нэгэн хуудас энэ долоо хоногт нэмэгдэв. Counter-Strike 2 төрлөөр дэлхийн чансааг тогтоодог хамгийн нэр хүндтэй платформуудын нэг HLTV.org-оос гаргасан жагсаалтад "The MongolZ" баг дэлхийд №1 байрт эрэмбэлэгдэж, монгол цахим спортын хөгжил шинэ түвшинд гарсныг зарлан тунхаглав.

2025 оны есдүгээр сарын 30-нд гарсан HLTV-ийн долоо хоног бүрийн чансаанд MongolZ баг нийт 896 оноо авч, өмнөх тэргүүлэгч болох Францын алдарт "Vitality" багийг ардаа орхисон нь олон улсын дэмжигчид, шинжээчдийн анхаарлыг татаж байна. Vitality баг нь 2025 оны дөрөвдүгээр сараас хойш тэргүүлэгч байраа хадгалж байсан билээ.

MongolZ багийн дэлхийд тэргүүлэхэд дараах тэмцээнүүдийн амжилт онцгой нөлөөлсөн гэж HLTV онцолсон байна: Үүнд:

-Counter-Strike 2 World Cup тэмцээнд Аварга болсон
-BLAST Bounty тэмцээнд Дэд байрт шалгарсан
-FISSURE Playground 2 тэмцээнд мөн Дэд байрт орсон

Эдгээр өндөр зэрэглэлийн тэмцээнүүдэд гаргасан амжилт нь багийн оноонд шууд нөлөөлж, дэлхийн шилдгүүдийг ардаа орхих боломжийг олгожээ.

Ийнхүү HLTV-ийн чансаагаар дэлхийд №1 болсон "MongolZ" багийнхан хэдхэн хоногийн өмнө Valve компанийн албан ёсны VRS (Valve Ranking System) жагсаалтад мөн тэргүүн байрт эрэмбэлэгдэж байсан нь Монголын баг цахим спортын элитүүдийн эгнээнд албан ёсоор нэгдсэнийг харуулж байна.

"The MongolZ" багийн энэхүү түүхэн амжилт нь зөвхөн багийн гишүүд, дасгалжуулагчид төдийгүй Монголын цахим спортын нийт оролцогч, дэмжигчдэд итгэл, урам зориг өгч буй томоохон үйл явдал юм.

Өдгөө дэлхийн цахим спортын тавцанд Монголын нэрийг мандуулж буй "MongolZ" багийнхаа тоглогчдод амжилтын дээдийг хүсье!

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.