З.Энхболд: Хувь нийлүүлэгчдийн гэрээг гишүүдэд тараасан гэдэг худлаа шүү, нууц гээд өгөхгүй байсан
УИХ-ын дарга асан З.Энхболд Оюутолгойн асуудлаарх Хянан шалгах түр хорооны нотлох баримт шинжлэн судлах сонсголд оролцож байна.
Тэрбээр "16 жил өнгөрсөн байна. Дүгнэлт хийх цаг болсон. Би ЭЗБХ-нд байдаггүй учраас яагаад уригдсанаа ойлгоогүй сууж байна. Би гурван асуулт асууна. Асуулт болгон 5 минуттай. 2009 оны Эдийн засгийн байнгын хорооны гишүүд тэр чигээрээ ирсэн байна. Би гишүүн байсан.
Тэр үеийн гишүүдийн ерөнхий ойлголт ямар байсан бэ гэхээр, Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээг гишүүдэд тараасан гэдэг худлаа шүү. Тараагаагүй учраас би шаардаж авсан. Нууц гээд өгөхгүй байсан. Ямар хуулиар та нар нууц болгосон юм бэ гэж заргалдаж байгаад олж авсан. Надад нууц гэсэн тэмдэгтэй гэрээ нь одоо бий. Дэлгэцэн дээр бас харуулж болно.
Олон жилийн өмнө болсон юм, худлаа яриад, гүжирдээд гарчихна гэж бодож байгаа бол тийм юм байхгүй.
Хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг гэрээ УИХ-аар сайшаагдсан. Би 2007 оны гэрээг ч буруу гэж үзэж байсан. 2009 оны гэрээг ч буруу гэж үзэж байсан. Миний санал өгсөн бүх кноп архивт байж байгаа.
2007 оны гэрээг яагаад буруу гэж үзсэн бэ гэхээр тухайн үед Оюутолгойд бараа нийлүүлж байгаа бүх компанийг татвараас чөлөөлнө гээд. Тухайн үеийн Оюутолгой манай эдийн засгийн бараг тал болчихоод байсан. Оюутолгойд зориулсан татварын алба татвар төлдөггүй, бусад Монголын эдийн засаг татвар төлдөг. Ийм гол шалтгаанаар буцсан юм.
Тэр Ч.Хүрэлбаатар сайдын яриад байгаа ор үндэсгүй худлаа шүү. Маш сайн гэрээ байсныг буцаасан гээд, миний нэр бас яваад байх шиг байгаа юм.
2009 оны гэрээг бол 57 дугаар тогтоол дээр "За" гэж дарсан. Гэхдээ эхлээд 34 хувиа үнэгүй авна, яваандаа хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа 50 билүү 51 хувь болгоно гэдэг ойлголтоор кноподсон шүү.
Тэгэхээр яагаад гэрээний нэр "Хөрөнгө оруулалтын" гэдэг нэртэй байна вэ гэхээр Рио Тинто-г хөрөнгө оруулна гэж бодсон. Зээл өгнө гэж бодоогүй юм аа. Хэрвээ зээл өгнө, тэр нь 12 хувийн хүүтэй явна гэсэн бол тэр үеийн УИХ-ын гишүүд зөвшөөрөхгүй байсан.
Тэгэхээр гэрээний нэр бол зээлийн гэдэг нэртэй байх ёстой шүү дээ. Яагаад хөрөнгө оруулалт гэж байгаа вэ гэхээр чи тэр мөнгөө зээлж олно уу, Хөрөнгийн биржээс босгоно уу, ямар ч байсан Монголд оруулахдаа хүү тооцохгүй л гэсэн хамгийн энгийн ойлголт байгаа юм.
Монгол Улсад зээлдүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа бол Монголбанкнаас лиценз авна. Рио Тинто зээл өгөхдөө лицензгүй ажиллаад байгаа юм. Хоёр энгийн хүн хоорондоо хүүтэй зээл хийгээд, гэрээ хийгээд өгөлцөж авалцсан байхад зээлийн хүүгээ нэхэх эрхгүй шүү дээ.
Яагаад гэхээр зээл өгч байгаа хүн нь Монголбанкнаас лиценз аваагүй учраас. Банк зээл өгч болно, банк бус зээл өгч болно. Хувь хүн, компани зээл өгч болохгүй. Хэрвээ хүү нэхэмжилж байгаа бол тэр нь хүчингүй байна.
Тэрэнтэй яг адилхан "Рио Тинто"-гийн зээлийн хүүг төлөхгүй байх эрх зүйн орчин байгаа шүү. Ерөөсөө анхнаасаа хөрөнгө оруулна гээгүй, зээлээр энийгээ босгоно оо, 20 тэрбум гэсэн бол энэ гэрээг хэзээ ч батлахгүй байсан. Тэгэхээр тэр үедээ худлаа ярьж, Хөрөнгө оруулалтын гэрээ батлуулаад, одоо ингээд үр дагаврыг нь та бүхэн арилгах гээд сууж байх шиг байна.
Ер нь бол бөмбөг тэдний хаалганд орчихсон байгаа. Зэсийн үнэ байнга өсөн нэмэгдэнэ. Буурахааргүй байгаа. Тийм учраас гэрээнээс үүссэн олон асуудлуудыг засаж залруулах та бүхний ажил байна. Ийм ажил эхлүүлж байгаад баяр хүргэж байна.
3 болон 6 хувийг хамгийн их зүтгүүлж батлуулсан хүн бол Баярцогт байгаа юм. Би бол энэний эсрэг байсан. Тэр үеийн архив бас үзэх хэрэгтэй. Яагаад гэхээр зардлаа ихэсгэх сэдэл үүсгээд байгаа юм. Эхлээд Фрийдланд баахан зардал өсгөсөн. Дараа нь "Рио Тинто- тэрийг нь мэдчихээд, Фрийдландтай заргалдах гэж оролдсон. Тэр нь олигтой бологгүй.
"Рио Тинто" Монголын талын тодорхой хүмүүсийг лоббидож, 3 болон 6 хувийг оруулсан байгаа юм. Санжийн Баяр, Баярцогт гээд. Би тухайн үед нь ойлгоогүй л дээ. Эд нар яагаад ингэж улайраад байна вэ гээд.
Гэрээ байгуулагдаад, компани ажиллаад эхлэнгүүт ойлгосон. Ажилчдын хоолыг нь Баярцогтын компани, дизель түлшийг нь Санжийн Баярын найзын компани, Петровис 1, 2 нийлүүлж байсан.
Петровисын захирал Давааням нь Санжийн Баярт 10 сая төгрөгийн хахууль өгөөд, Америкт 10 байшин аваад, ялаа авсан нөхөр шүү дээ. Ийм ашиг сонирхлын зөрчилтэй улсуудаас болоод менежментийн төлбөрт Монгол Улсын авсан бүх татвараас илүү мөнгө өнөөдрийн байдлаар төлчихөөд байгаа юм.
Хариугүй жоохон хоолны мөнгө, хариугүй жоохон дизель түлшнээс болоод ийм том мөнгөө Монгол Улс алдчихаад байгаа юм. УИХ ийм юманд хариуцлага тооцохоос ажлаа эхлэх хэрэгтэй.
Баяр бол хариуцлагаа тооцуулсан гэсэн үг. Бусад хүмүүс, Хүрэлбаатар сайдын компани нисэх буудлыг барьсан гэх мэтээр гэрээнд идэвхтэй оролцсон бүх хүн ямар нэгэн юм хүртчихээд байгаа байхгүй юу. Энэнийхээ учрыг олохгүй бол одоо энд хэчнээн ухаантай юм яриад нэмэргүй байгаа юм.
Одоо энэ менежментийн төлбөрийг нэн даруй хүчингүй болгохгүй бол дэлхий дээр ийм практик ерөөсөө байхгүй шүү дээ. Би түрүүн хэлж амжаагүй. Бөмбөг хаалганы өмнө байгаа гэдэг чинь зэс, алтны үнэ урд хожид байгаагүйгээр өсчихлөө. Энэнээс болоод Рио биднийг гуйна аа. Тийм учраас манай талд хөзөр байгаа учраас тэрийгээ ашиглаад, гэрээгээ маш сайн сайжруул аа.
Урд өмнө хийсэн УИХ-ыг би буруутгахгүй. 40, 50 дугаар тогтоол ямар нэг байдлаар хэрэгжсэн. Үүнийг буруу хэрэгжүүлсэн Засгийн газрын тодорхой нэр бүхий хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй гэж үзэж байгаа юм.
3, 6 хувийг ххүчингүй болгох хэрэгтэй. Зээлийн хүүгээ бууруулах хэрэгтэй. Төсөл цаашаа үргэлжлэн явах хэрэгтэй. Зэс хайлуулах үйлдвэрээ барих хэрэгтэй. Цахилгаан станцаа барих хэрэгтэй.
Нөгөө талын лоббид орж, Оюутолгой Рио Тинто-д хэрэгтэй шийдвэр гаргаж өгдөг хүмүүсээсээ Засгийн газар, УИХ салахгүй бол үргэлжлээд л явна. Урд нь ингэсэн улсууддаа хариуцлага тооцоогүй нь бидний том алдаа байна" гэв.


































































Сэтгэгдэл
Зочин [188.162.254.17] 2025-12-10 14:57:09
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!!!