Г.Занданшатар: Эх оронч худалдан авалт бүр монгол айл өрхийг дэмжиж, улсынхаа эдийн засгийг урагшлуулж байдаг
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2026.02.02) “Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаагаар зочилж, эх оронч худалдан авалт хийхийг нийслэлчүүдэд уриаллаа.
Дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй уг үзэсгэлэнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн үндэсний үйлдвэрлэл эрхлэгч 1000 гаруй иргэн, аж ахуйн нэгж 55 мянган нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээ дэлгэжээ.
“Амар байна уу” үзэсгэлэн худалдаа үргэлжлэх нэг сарын хугацаанд үндэсний үйлдвэрлэгчид талбайн түрээс төлөхгүй учраас үйлдвэрийн үнээр бараа бүтээгдэхүүнээ борлуулж байгаа гэж нийслэлийн удирдлагууд танилцууллаа.

Мөн Ерөнхий сайдаас өгсөн махны үнийг тогтворжуулах чиглэлийн дагуу нийслэлийн есөн дүүрэгт шинэ махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна. Үхрийн мах кг нь 15 мянга, хонины мах кг нь 13 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа тул эрэлт ихтэй байна.
Ерөнхий сайд Г.Занданшатар "Эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэх нь үндэсний эдийн засгийг дэмжих, тогтвортой өсөлтийг хангах энгийн атлаа хамгийн үр дүнтэй арга юм.
Эх оронч худалдан авалт бүр монгол айл өрхийг дэмжиж, ажлын байр хадгалж, улсынхаа эдийн засгийг урагшлуулж байдаг" гээд, иргэн бүр үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, монгол брэндээ сонгон худалдан авч, эх орныхоо хөгжилд идэвхтэй оролцохыг уриаллаа.








































































Сэтгэгдэл
Зочин [66.181.182.139] 2026-02-03 09:49:25
Үнэ ч гэж импортын бараанаас 3-7 дахин илүү үнэтэй. Үнэ дагаж чанар гэж ойлголт үндэсний үйлдвэрлэгч нарт байхгүй сав баглаа боодол хэцүүхэн. Хөдөөнийхөн гэхээсээ ченж нар наад бүтээгдэхүүнийг зарж байгаа.