Хятад, Ираны ГХЯ-ны дэд сайд нар уулзав
2026 оны хоёрдугаар сарын 5-нд Хятадын Гадаад харилцааны яамны дэд сайд Мяо Дэюй Бээжин хотноо Ираны Гадаад харилцааны яамны дэд сайд Гариб Абабдитай уулзлаа.
Гариб Абабди Ираны дотоод нөхцөл байдал болон Ираны цөмийн асуудалтай холбоотой нөхцөл байдлын талаар мэдээлж, асуудлыг дипломат арга замаар шийдвэрлэх байр сууриа дахин нотоллоо.
Тэрээр хэлэлцээг шударга, тэгш зарчимд тулгуурлан урагшлуулахад Ираны тал бэлэн гэдгийг онцолж, гаднын талаас сүрдүүлэн дарамт үзүүлэхийг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Мөн бүс нутаг, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад Хятадын талын оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж, Хятад улс илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг сайшаан дэмжиж буйгаа мэдэгдэв.
Харин Мяо Дэюй Ираны асуудлаарх Хятадын талын зарчимт байр суурийг тайлбарлаж, Ираны нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаагаа дурдан, Иран улс тусгаар тогтнол, аюулгүй байдал, үндэсний нэр төрөө хамгаалж, хууль ёсны эрх ашиг, зүй ёсны ашиг сонирхлоо хамгаалахыг Хятад улс дэмжинэ гэв.
Тэрээр олон улсын харилцаанд нэг талыг баримтлан дээрэнгүй авирлах, хүч түрэмгийлэн дарамтлахыг Хятад улс эсэргүүцдэг, мөн бусад улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эс зөвшөөрдөг болохыг онцоллоо. Хятад улс Иран зэрэг холбогдох бүх талтай харилцаа холбоо, зохицуулалтыг бэхжүүлж, НҮБ-ын дүрмийн зорилго, зарчим болон олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээ, улс орнуудын бүрэн эрхт тэгш байдлын зарчмыг хамгаалж, олон улсын шударга ёсыг дэмжин ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв. Уулзалтын үеэр талууд Хятад–Ираны хамтын ажиллагааг олон салбарт өргөжүүлэх асуудлаар мөн санал солилцжээ.


































































Сэтгэгдэл