Хүнснээс хордож, өвчилсөн тохиолдолд 70128012 дугаарт хандаарай
Цагаан сараар Монгол хүмүүс ердийн үеийнхээсээ хэд дахин их тос өөх, илчлэгийг богино хугацаанд хоолноос авдаг. Мөн хоорондоо зохицохгүй олон төрлийн идээ ундыг хэрэглэдэг. Үүнийг дагаад илүүдэл жин, цөс, нойр булчирхайн өвчний сэдрэлт, халдвар хордлого зэрэг өвчлөл эрс нэмэгдэж эмнэлгүүдийн ачаалал ихэсдэг. Үүнээс сэргийлэхийн тулд дараах зөвлөмжийг хэрэгжүүлээд үзээрэй.
-НОГООН НАВЧИТ НОГОО ДАВАМГАЙЛСАН САЛАТ
ТҮЛХҮҮ СОНГОЖ ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ-
Илүүдэл өөх тосыг багасгахын тулд бууз, мах идсэнийхээ хэрээр шинэ ногооны салат ялангуяа ногоон навчит ногоо (green leafy vegetables буюу бууцай, чинцай, юуцай, цоо байцаа, яншуй, мөн брокколи байцаа, ногоон сонгино, бүх төрлийн байцаа, салатны навч, ногоон чинжүү гэх мэт ногоон навчит ногоонууд болон бусад ногоон өнгөтэй ногоонууд) давамгайлсан салатыг түлхүү сонгож/бэлтгэж идээрэй! (Гэхдээ мэдээж давсалсан ногоо, мах буузыг хэт их хэмжээгээр хэрэглэхийг энд зөвлөөгүй.) Учир нь ногоон өнгийн навчит ногоонд хлорофилл хэмээгч хар ногоон өнгийн пигмент агуулагддаг ба энэ нь цусны илүүдэл өөх тосыг багасгах, биеэс хэрэгцээгүй үлдэгдлийг хөөх, бүтэн биеийг хоргүйжүүлж, хордлого тайлах, цус төлжүүлэх зэрэг ач холбогдолтой байдаг. Мах буюу уураг хэт их хэрэглэхэд биед олон төрлийн хорт бодисын хуримтлал үүсдэг эдгээрийг цаг тухайд саармагжуулж хоргүйжүүлж байх маш чухал.
-УДААН ХАДГАЛАГДДАГ БҮТЭЭГДЭХҮҮН БИШ ШИНЭЭР
БЭЛТГЭСЭН ХООЛЫГ СОНГО-
Өөх тосыг нэг дор хэт ихээр хэрэглэхэд элэг цөсний үйл ажиллагаа маш ихээр доголддог. Мах, бууз, майонез, хольсон тос, бүх төрлийн самар зэрэг нь өөх тосыг ихээр агуулдаг өндөр илчлэгтэй. Дэлгүүрийн лангуун дээр удаан хадгалагддаг бүх хүнс (консерв, лаазалсан жимс, давсалсан өргөст хэмх . . .) тос, давс, нөөшлөгч химийн бодис, сахарын илүүдэл хуримтлалыг биед үүсгэдэг. Тохиромжгүй нөхцөлд хадгалсан байж болзошгүй тул хордлого авах ч боломжтой. Тиймээс тухайн цаг үед шинээр бэлтгэсэн багахан хоолыг өөрийнхөө эрүүл мэндийн төлөө идэж байх нь хамгийн чухал.
-НЭГ ШИРХЭГ БУУЗ 41-54 КАЛОРИ ИЛЧЛЭГТЭЙ-
Сар шинийн баярын гол зоогуудын илчлэгийг тооцон бодвол дунд зэргийн бууз ойролцоогоор 200 ккал(килокалори), нэг жижиг таваг нийслэл салат 260 ккал, 50 грамм цагаан архи 115 ккал агуулдаг байна. Монголчууд золголт хийж явахдаа дор хаяж таван айлаар орж, айл болгонд гурван бууз, нэг таваг салат идэн гурван хундага архи тогтоолоо гэж үзэхэд тэр өдөртөө 4325 ккалорийг хоол хүнсээрээ авна гэсэн үг юм.
Гэтэл эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр эрүүл чийрэг, дундаж насны эрэгтэй хүний хоногт авах илчлэгийн хэмжээ дунджаар 2500ккал, эмэгтэй хүнийх 2000ккал байдаг. Тэгэхээр жишээ болгон тооцсон дээрхи илчлэгийн хэмжээг эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжтэй харьцуулбал хоёр дахин их хэмжээ гарч байна. Баярын үеэр уг тооцооллоос ч олон айлд орж, төдий чинээ олон бууз, амттан идэх хүн бишгүй бий. Тиймээс дээрх тооцооллоос ч их илчлэгийг хуримтлуулна гэсэн үг.
Хүний хэрэгцээт илчлэгийг тооцохдоо нас, хүйс, биеийн өндөр, жинд нь тохируулан гаргадаг. Жишээ:
-63кг жинтэй, 164см өндөртэй, 43 настай, стресс хүчин зүйл бага эрүүл эрэгтэй хүн 2150 ккал илчлэгийг өдөрт хоолоор авах ёстой.
-69кг жинтэй, 165см өндөртэй, 49 настай, стресс хүчин зүйл бага эрүүл эмэгтэй хүн өдөрт 1700ккал илчлэгийг хоол тэжээлээр авах ёстой.
Шатаагдаагүй 3500 калори болгон 420 гр жин нэмэгдүүлдэг. Харин жингээ тогтмол барихын тулд өдөрт дор хаяж 250 калори шатаах хэрэгтэй. Энэ нь дунджаар 30 минут алхсантай тэнцэхүйц хөдөлгөөн юм.
-ТӨРӨЛ БҮРИЙН ХООЛ ХҮНСИЙГ ЗАМБАРААГҮЙ ХОЛЬЖ ХЭРЭГЛЭХГҮЙ БАЙХ-
1. Та хоол, хүнсээ өөрийн биеийн онцлогтоо тохируулан хэрэглэ. Ялангуяа хэт их өөх тостой бууз, мах, хоол нь ходоод, цөс, нойр булчирхай зэрэг хоол боловсруулах эрхтэн тогтолцооны үйл ажиллагааг цочроож, ачааллыг нь нэмэгдүүлж улмаар өвчлөхөд хүргэдэг.
2. Төрөл бүрийн хоол, хүнсийг замбараагүй хольж хэрэглэхгүй байх.
3. Хөлдөөсөн айргийг халааж хэрэглэх үедээ хэт халуунаар хэрэглэхгүй, хоол идснээс хойш 30 минутын дараа хэрэглэх.
4. Хэрэв та хүнсний харшилтай бол танд харшдаг хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг хичээгээрэй. Эмч, мэргэжилтнүүд сүү, өндөг, самар, мөөг, цитрусын төрлийн зарим жимс, улаан лооль, шоколад, кофе, загас, вандуй, дарсан болон нөөшилсөн зарим ногоо, хоол амтлагч гэх мэт уургийн агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүн хамгийн их харшил өгдөг гэж анхааруулсан байна.
5. Хоол, цайныхаа давсыг тохируулан хэрэглэх. Давс хэтрүүлэн хэрэглэх нь зүрх, судасны өвчин, цусны даралт ихдэх өвчний эрсдлийг ихэсгэдэг. Эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжөөр хүний хоногт авах нийт давсны хэмжээ 6гр-аас ихгүй байх ёстой. Монголчууд бидний хоол, сүүтэй цай, хүнсний бүтээгдэхүүнд агуулагдаж буй далд давс зэргээс авах хоногийн давсны хэмжээ 2 дахин их байдгийг судалгаагаар тогтоосон байна. Хүнсний бүтээгдэхүүн бүр их бага хэмжээгээр давс агуулж байдаг ба үүнийг далд давс гэнэ. Жишээ нь: чипс, нөөшилсөн, даршилсан ногоо, хиам, хоол амтлагч гэх мэт хүнсний бүтээгдэхүүний давсны агууламж өндөр байдаг.
6. Архи бүү хэтрүүлэн хэрэглэ. Судалгааны дүнгээр Монгол хүний цусанд архи задлах фермент маш бага байдгийг тогтоосон ба стандарт хэмжээгээ хэтрүүлснээр хэрэлдэх, агсагнах, уурлах зэрэг гаж урвалуудыг үзүүлдэг байна. Насанд хүрсэн Монгол эрэгтэй хүн стандарт хэмжээнээсээ (долоо хоногт 38-42%-ийн архийг 100 гр, эсвэл 5,5%-тай 500 мл-ийн шар айргийг 3 ширхэг, эсвэл нэрмэл архи 50 мл) хэтрүүлэн уух хэрэггүй юм. Мэдээж эмэгтэй хүний стандарт уултын хэмжээ үүнээс арай бага байх ёстой.
7. Хэрэв ходоод гэдэс хямрах, толгой өвдөх, бөөлжих, халуурах гэх мэт шинж тэмдэг илэрвэл заавал эмчид хандаж зөвлөгөө аваарай.
-ХҮНСНИЙ ЗҮЙЛЭЭС ӨВЧЛӨЛ АВСАН ГЭЖ СЭЖИГЛЭЖ БАЙВАЛ
70128012 ДУГААРТ ХАНДААРАЙ-
Өвчлөх эрсдэл өндөртэй бага насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, дархлааны тогтолцоо суларсан хүмүүс өвчилсөн тохиолдолд нэн даруй Нийслэлийн түргэн тусламжийн төвийн утас 103 дугаарт хандаарай. Мөн хүнсний зүйлээс өвчлөл үүссэн хэмээн сэжиглэж буй бол Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагын шуурхай албаны утас 70128012 дугаарт мэдэгдэнэ.
Б.ГЭРЭЛ
№ |
Байгууллагын нэр |
Утасны дугаар |
Цагийн хуваарь 2 сарын 09 өдрөөс 2 сарын 11-нийг дуустал |
Тайлбар |
1 |
Нийслэлийн Эрүүл мэндийн газар |
320981, 1800-1893 |
24 цаг |
Бүх эмнэлэгүүдэд хариуцлагатай жижүүр ажиллаж эмнэлэг үйлчилгээний талаар гомдол санал хүлээн авч шийдвэрлэнэ. |
2 |
Өрхийн эрүүл мэндийн төвүүд |
/утасны жагсаалтwww.ubhealth.mn –ээсавна уу./ |
10-16 цагийн хооронд |
|
3 |
Дүүргүүдийн ЭМТ-ийн Мэс засал, Гэмтэл, Дотор, Шүдний кабинетүүд |
- |
10-16 цагийн хооронд |
|
4 |
Дүүргийн Нэгдсэн эмнэлгүүд |
СХНЭ 631108 ХУНЭ 379258 БЗНЭ 454004 СБНЭ 350790 |
24 цаг |
|
5 |
Нийслэлийн түргэн тусламжийн төв |
103 70110103 |
24 цаг |
|
6 |
Шүд, эрүү нүүрний төв |
325731 |
10-16 цагийн хороонд |
|
7 |
Дүүргүүдийн хүүхдийн түргэнүүд |
БГДЭМТ 36-25-39 ЧДЭМТ 7011-0279 БЗДЭМТ 103 СХДЭМТ 103 ХУДЭМТ 34-1003 СБДЭМТ 35-07-93 |
24 цаг |
Сэтгэгдэл