20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг суулгана

Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэх чиглэлээр энэ онд нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг суулгахаар төлөвлөжээ.
Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногт хүүхдийн баярыг угтаж, төв талбайн цэцэрлэгжүүлэлтээр уг ажил эхэлсэн байна. Энэ талаар УБЗАА-ны Хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр, “Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэх, хотын өнгө үзэмжийг сайжруулах хүрээнд нийтийн эзэмшлийн байршилд үндэсний хэв шинжийг агуулсан, гурван хэмжээст цэцэгт байгууламж хийж байгаа юм. Тус байгууламжуудад мандарваа, хун, хилэн зэрэг цэцгийг сонгосон. Иймд иргэд ухамсартай байж, тарьсан цэцгийг хайрлаж, гамтай байхыг уриалж байна” хэмээлээ.
Үүнээс гадна хотын өнгө үзэмжийг сайжруулах, нийтийн эзэмшлийн сул шороон хөрс бүхий талбайд нэг болон олон наст цэцгээр цэцэгт байгууламж байгуулж, иргэдэд ногоон байгууламжаар дамжуулан гоо зүйн мэдрэмжийг харуулах зорилготой ажээ. Хийцлэлийн хувьд мазаалай, бөхөн, үхэр тэрэг, оньс, эрхий мэргэн, тахь зэрэг сэдэвтэй цэцэгт хийцлэлийг олон улсын жишигт нийцүүлэн байгуулж эхэлсэн байна.
Сэтгэгдэл