Турк улсад тэсрэх бодисын үйлдвэр дэлбэрч, 11 хүн амиа алджээ

Aдмин / Гадаад мэдээ

Турк улсын баруун хойд хэсэгт үйл ажиллагаа явуулдаг зэвсэг болон тэсрэх бодисын үйлдвэрт өчигдөр осол гарч томоохон дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлтийн үеэр үйлдвэрт ажиллаж байсан 11 хүн амь эрсдэж, долоон хүн гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн байна.

Амь үрэгдсэн хүмүүсийн тоог хэвлэлүүд 12, 13 гэх мэтээр зөрүүтэй мэдээлж байсан боловч Туркийн Дотоод хэргийн сайд Али Иерликая мэдээлэл хийж албан ёсны дүн мэдээг танилцуулсан юм.

Дотоод хэргийн сайдын хэлснээр зэвсгийн үйлдвэрт гарсан осол, дэлбэрэлтийн шалтгааныг тогтоож, чухам юу болсныг олж мэдэхээр мөрдөн шалгалтын ажлыг эхлүүлсэн байна.

Үйлдвэрийн гадна шил, металын хэлтэрхийнүүд хаа сайгүй тархсанаас харахад дэлбэрэлт хүчтэй байсныг илтгэж байна. Дэлбэрэлтийн дараахан нөхцөл байдал дайн болсон газар шиг байсан гэж гэрчүүд ярьжээ.

Уг зэвсгийн үйлдвэр Баликесир мужийн Кареси хотын нутаг дэвсгэрт харьяалагддаг. Энд үйлдвэрлэсэн сум, тэсрэх бөмбөгийг дотоодын болон гадаадын зах зээлд нийлүүлдэг байна.

Мужийн захирагч Исмайль Устаоглу гэмтэж бэртсэн хүмүүсийн авсан шарх амь насанд нь халгүй өнгөрсөн гэжээ. Мөн амь насаараа хохирсон ажилтнуудын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж, амьд үлдсэн хүмүүсийг түргэн эдгэхийг хүссэн байна.

Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлж байгаагаар дэлбэрэлт үйлдвэрийн тэсрэх бөмбөг хадгалдаг хэсэгт мягмар гарагийн өглөө 08:25 минутад болсон байна. Дэлбэрэлтийн шалтгааныг урьдчилсан байдлаар техникийн асуудлаас болсон гэж таамаглаж байгаа юм.

Зэвсгийн үйлдвэр иргэдийн суурьшлын бүсээс хол зайтай байрладаг тул иргэд гэмтэж бэртсэн болон ямар нэг хохирол амссан тухай мэдээлээгүй байна.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Х цахим сүлжээнд 11 хүн ослын үеэр амиа алдсанд эмгэнэл илэрхийлсэн байна. Дэлбэрэлтийн шалтгааныг тогтоох ажилд Ерөнхийлөгч хяналт тавихаа мэдэгджээ.

Турк улс нь батлан хамгаалах салбар гол экспортлогч орнуудын нэг. Жил тутам дэлхийн улс орнуудад ханган нийлүүлдэг цэрэг армийн салбарын зэвсгийн тоогоороо эхний арван улсын тоонд багтдаг.

Сүүлийн жилүүдэд дроны үйлдвэрлэлтээрээ дээгүүрт бичигдэх болсон. 2023 онд Турк улс дэлхийн зах зээлд 5,5 тэрбум ам.долларын зэвсэг нийлүүлсэн нь 2022 оны борлуулалтаас 27 хувиар өссөн үзүүлэлт юм. Туркийн зэвсгийн экспорт 2019 оныхоос 106 хувиар нэмэгджээ.

Гэвч зэвсгийн үйлдвэрүүдэд осол, дэлбэрэлт болох нь олонтаа. 2023 онд нийслэл Анкара хотоос 40 км зайтай, Батлан хамгаалах яамны харьяа армийн тэсрэх бөмбөгийн үйлдвэрт дэлбэрэлт болж таван хүн амь эрсдэж байсан юм. Мөн 2020 онд салютын үйлдвэр дэлбэрч долоон хүн амь үрэгдэж, 127 хүн гэмтэж бэртжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.