Н.Наранцэцэг: Нярайн шарлалт их тохиолдож байна

Д.Тулга / Эрүүл мэнд

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Нярайн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч, Анагаах ухааны магистр, хүүхдийн ахлах зэргийн эмч Н.Наранцэцэгтэй нярайн төрөлхийн өвчлөлийн талаар ярилцлаа.

-Одоогийн байдлаар нярайн ямар өвчлөл их байна вэ?

-Яг нярайн өвчлөл яривал их олон төрөл бий. Энэ дундаас сүүлийн үед маш их тохиолдож буй нярайн өвчлөл гэвэл нярайн шарлалт байгаа юм. Энэ өвчлөл нь багагүй хүндэрч ирж байна. Нярайн шарлалт дутуу болон гүйцэт нярайн аль алинд нь хавсарч явагдана. Нярай хүүхэд шарлах ёстой юу гэвэл шарлах ёстой. Төрсний дараа үед амьдралын 2-3 хоногоос эхлээд нярайн хэвийн шарлалт арав хоног хүртэл үргэлжлэх ёстой. Шарлалт гэдэг нь нярай хүүхдийн арьс салст шарлахыг хэлж байгаа юм. Энэ нь олон хоног үргэлжилбэл хүндрэл өгдөг. Манай энэ нярайн тасагт 21 аймаг болон есөн дүүргээс хүндрэлтэй нярай тээвэрлэгдэж ирдэг. Нийтдээ гурван тасаг үйлчилгээ үзүүлж байна.

-Шарлалт гэхээр эцэг эхчүүд мэдэх боловч хүндэрсэн үед тухайн нярайд ямар шинж тэмдэг илэрдэг талаар сайн мэдэхгүй л болов уу. Энэ талаар ярихгүй юу?

-Шарлалт явагдах ёстой болон эмгэг гэж байгаа. Хэвийн шарлалт явагдаж байгаа үедээ хүндрээд, эмгэг шарлалт руу шилжиж болдог. Тэгэхээр нярай хүүхэд амьдралын хоёр дахь хоногоос эхлэх ёстой. Хэвийн шарлалтыг ажиглах нь маш чухал юм. Сүүлийн үед төрөх эмнэлгүүдийн ачаалал нэмэгдсэнтэй холбоотой нярайг олон хоног байлгах боломжгүй байгаа. Тийм учраас дараагийн шатны эмнэлэг илүү анхаарах ёстой. Мөн эцэг эхчүүд өөрсдөө маш сайн анхаарч, ажиглах ёстой юм. Хүүхдийн биеийн аль хэсэг шарлаж байна, хаагуураа илүү тод шарлаж байна, эсвэл нүдний салст болон тагнай буйл илүү шарлаж байна уу гэдгийг ажиглах хэрэгтэй. Ер нь шарлалтыг анхаарах бүсүүд байдаг. Жишээлбэл, гүйцэд нярай хүүхэд хөхөө хөхөж байгаа хэрнээ шарлалт явагдаж байвал айх шаардлагагүй. Тухайн хүүхдийн амьдралын долоо хоног үргэлжлэх хүртэл хэвийн гэж үзнэ. Харин эрсдэлтэй бүлгийн нярай гэж байна. Үүнд дутуу нярайд шарлалт илүү өндөр байдаг. Энэ хүүхдүүдийн өөрийн биеийн байдлаас болж шарлалт илүү хүнд гүн явагддаг. Энэ хүүхдүүд өөрөө эрхтэн системийн хөгжил дутуу байдагтай холбоотой хөхөө сайн хөхөж чадахгүй, өөрийн биеэсээ хортой бодис ялгаруулах чадамж муу зэргээс шалтгаална.

-Шарлалт хүндрэх гол шалтгаан нөхцөл юу байна вэ?

-Хэд хэдэн шалтгаан байна. Үүнд нярай хүүхэд сайн хөхөхгүй байдаг. Өөрөөр хэлбэл эцэг эхчүүд нярай хүүхэд шингэн сайн авахгүй болохоор шарлалт арилахгүй байна гэж их ярьдаг. Нярай хүүхдийн хувьд шингэн гэдэг нь ерөөсөө л хөхний сүүг хэлж байгаа юм. Шингэн авах ёстой гээд нэмэлт сахартай ус болон өтгөн цай найруулаад өгөөд байдаг. Энэ нь тухайн хүүхдэд шингэн болохгүй гэж хэлж болно. Ямар нэгэн нэмэлт шингэн их уулгах юм бол нярайн шарлалт арилдаг гэсэн ойлголт ташаа юм. Тэгэхээр сайн хөхүүлэх буюу өдөрт 8-аас дээш удаа давтамжтай хөхүүлэх хэрэгтэй. Хүүхэд хөхөө сайн хөхөж, баас сайн ялгаруулна гэдэг бол шарлалт буухад их нөлөө үзүүлнэ. Шарлалтыг үүсгэж байгаа хорт бодис хүүхдийн биеэс бөөр болон баасаар дамжин ялгарч байх ёстой. Мэдээж хүүхдэд ээжийн хэрэглэж байсан эм болон антибиотикийн үйлчилгээ нөлөөлнө. Сүүлийн үед хамгийн их байгаа чихрийн шижинтэй болон сахарын өвчлөлтэй ээж нар эмийн хамааралтай байх, нэгэн таталт бууруулах эмчилгээ хийлгэж байсан, жирэмсний хугацаандаа сэтгэцийн эм ууж байсан, Мөн төрөлтийг эрчимжүүлж байгаа эмүүд шарлалтанд нөлөө үзүүлнэ. Үүнээс гадна нярайн өөрийн эмгэгээс хамаарна. Тухайлбал, хүнд хэлбэрийн тархины эмгэгтэй, ургийн өсөлтийн саатал буюу дутуу нярай, ургийн өсөлтийн саатал, чихрийн шижинтэй ээжээс төрсөн нярайнуудад шарлалт удаан үргэлжилж хүндрэл өгдөг юм. Дээрээс нь бусад шалтгаантай халдварын эмгэгтэй байвал шарлалт явагдана гэсэн үг. Иймд хамгийн түрүүн та байнга өрхийн эмнэлгийн хяналтад байлгах хэрэгтэй. Шарлалтын ажиглах эмчилгээнд байх шаардлагатай.

-Хүндрэхээрээ хэд хоног үргэлжилдэг вэ?

-Нярайн шарлалт 10-14 хоног байдаг. Дээр дурдсан эрсдэлтэй хүчин зүйлүүд байх юм бол шарлалт удаан үргэлжилнэ, тухайн хүүхдэд байгаа нэмэлт зовиуруудыг ажиглах ёстой. Тухайн хүүхэд хөхөө хөхөхгүй юм уу, хэт тайван бус байх зэрэг зовиур илэрч байвал заавал эмнэлтийг байгууллагад хандаж, цусны шинжилгээ болон арьсан дээр хэмжилт хийлгэх хэрэгтэй.

-Хүүхэд дутуу төрөлтийн талаар товч ойлголт өгөхгүй юу?

-Дутуу төрсөн хүүхэд өөрөө эрсдэлтэй бүлгийн нярай болдог. Тээлтийн үеийн 35 долоо хоногоос өмнө төрсөн хүүхэд эрсдэлтэй бүлэгт хамаарагдана. Ер нь ийм хүүхдийн шарлалт их байвал заавал эмнэлэгт хандах шаардлагатай. Дутуу нярай хүүхэд өөрөө ямар нэгэн өвчлөлтэй байдаг. Иймд эмчилгээний заалтын дагуу эмчилгээ хийх хэрэгтэй.

-Ээж жирэмсэн байх үедээ эмийн хэрэглээ өндөр болон ямар нэгэн халдварт өвчтэй байснаар хүүхэд төрөлхийн өвчлэлтэй төрөөд байна гэж ойлгож болох уу?

-Эхээс шууд хамаарах хүчин зүйлүүд гэж байна. Ер нь нярай хүүхдийн эрүүл мэнд эхээс шууд хамааралтай. Ээж дутуу төрөх ямар нэгэн шалтгаан байсан болоод дутуу төрж байгаа шүү дээ. Сүүлийн үед таван төрлийн цогц шинжилгээгээр ээж болон нярай хүүхдэд шинжилгээ хийдэг. Өөрөөр хэлбэл эхээс урагт дамжих вирусын халдварууд байдаг. Энэ тохиолдолд халдварын шалтгаантай шарлалт явагдана. Дутуу төрсөн нярай хүүхэд төрөлхийн хүчилтөрөгчийн архаг эмгэгтэй байдаг. Энэ нь мөн л шарлалтыг удаашруулах гол шалтгаан болдог. Дутуу төрсөн нярай хүүхдүүд гүйцэт нярайг бодвол хөхөх чадвар сул байдаг учраас шингэн бага авдаг. Тэгэхээр шарлалт удаан эдгэнэ.

-Эх ямар халдварт өвчинтэй байвал урагт шууд халдах вэ?

-Халдварт өвчин гэх юм бол маш олон төрөл байдаг. Таван төрлийн вирусын халдвар, бусад төрлийн нян халдвар хавсарсан байж болно. Мөн бэлгийн замын халдварт өвчин байна. Эдгээр өвчнүүд нярайд халдах юм бол шарлалт хүндэрдэг. Бэлгийн замын төрөлхийн өвчлөлтэй төрсөн хүүхэд шарлалт ихтэй байдаг бөгөөд элэгний үрэвсэл үүсгэдэг.

-Жирэмсэн эх дутуу төрөх хамгийн гол шалтгаан юу байдаг юм бэ?

-Дутуу төрөлтөнд нөлөөлөх янз бүрийн шалтгаан байдаг. Нэгдүгээрт, эхийн эрүүл мэнд, дараа нь нийгмийн гадаад болон дотоод хүчин зүйлүүд гэж байна. Мөн эмнэлгийн хүчин зүйл байна.

-Ургийн гажиг яагаад үүсээд байна вэ?

-Маш олон талтай. Яг өнөөдрийн байдлаар зүрхний гажиг үүсэхэд тийм шалтгаан нөлөөлж байна гэсэн баталсан судалгаа байхгүй байна. Энэ асуудал маш олон шалтгаантай байдаг. Мөн үр хөврөлийн явцад нөлөөлж байгаа гадна болон дотоод шалтгаан байна. Тэдгээр шалтгаан нь яг ямар эрхтэн системд хэд дэх долоо хоногт нөлөөлсөнөөр эрхтэн системд нөлөө үзүүлдэг. Сүүлийн үед нэг болон хоёроос дээш гажиг үүсэгдэг тохиодол байгаа юм. Хамгийн их ургийн гажиг үүсгэж байгаа шалтгаан бол эхийн вирусын өвчлөл байна.

-Шарлалт нярайд ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ?

-Шарлалт нярайн тархинд нөлөөлж, хүүхэд гэнэт татах хүндрэл өгдөг. Өөрөөр хэлбэл шарлалт үүсгэж байгаа вирус тархинд очиж нөлөөлөөд тархины хордолт үүсгэдэг. Энэ нь яваандаа тархины дутмагшил үүсэх, тархины янз бүрийн саа саажилт үүсэх, сонсгол буурах, хараа буурах алсын хүндрэлүүд тохиолдох аюултай байдаг. Тийм учраас энэ хэмжээ хэдий хэмжээнд хүрч тархийг гэмтээсэн гэдгээс их хамаарна. Хэвийн болон хэвийн бус шарлалт байдаг ч гэсэн ямар төвшинд хүүхдийн биед байна гэдгээсээ хамаараад хордолтын төвшинд нөлөөлдөг.

-Дутуу нярайд хамгийн их тохиолддог шинж тэмдэг юу байдаг вэ?

-Дутуу төрсөн нярай хүүхэд дийлэнх тохиолдолд уушгины дутуу хөгжлөөс үүдсэн амьсгалын дутагдал байдаг. Дараа нь мэдээж дутуу төрсөн хүүхэд тархины хүчилтөрөгчийн дутмагшил илүү байна. Дутуу төрсөн нярайн хожуу хүндрэл гэж илэрдэг. Уушгины дутмагшлаас болж архаг үрэвсэл үүснэ. Олон дахин амьсгалын замын халдвараар өвдөх, олон эмнэлэгт хэвтэх, эмчлэгдэх явцад тархины хүчил төрөгчийн дутмагшил болон тархины цус харвалт гэх мэтчилэн үүснэ. Эдгээрээс болж удаан хугацаанд эмчийн хяналтанд байх хэрэгтэй болдог.

У.УРАНЦЭЦЭГ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.АНХБАЯР


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000