Боловсролын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хүүхэд бүрд суралцах тэгш боломжийг бүрдүүлэх ажлын талаарх мэдээллийг сонсов

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы /2025.05.30/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Түүний дараа Боловсролын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хүүхэд бүрд суралцах тэгш боломжийг бүрдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаарх Ерөнхий сайдын мэдээллийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцуулав.
Тэрбээр, өнгөрсөн гурван жилийн хугацаанд боловсролын салбарт бид бодит үр дүнтэй хөрөнгө оруулалтыг хийж, Улсын хэмжээнд нийт 277 цэцэрлэг, 200 ерөнхий боловсролын сургууль ашиглалтад орсон байна. Боловсролын салбарын төсөв сүүлийн жилүүдэд 2.5 дахин нэмэгдсэн. Үүний үр дүнд цэцэрлэг, сургуулийн хувьсах зардал нэмэгдэж, хөгжлийн бэрхшээлтэй, малчин өрхийн, нүүдэлчин амьдралтай, эсвэл эрх нь хязгаарлагдсан орчинд өсөж буй 8000 гаруй хүүхдийг сургалтад хамруулах боломж бүрдлээ гээд ирэх 3 жилд дэвшүүлсэн зорилтуудыг танилцуулсан. Тухайлбал, сургуулийг нэг ээлжтэй болгохын тулд 108 сургууль, 95 цэцэрлэг шинээр барьж ашиглалтад оруулах, сургуулийн орчны үдийн хоолны илчлэг, шим тэжээлийн шаардлагатай хэмжээ 76 хувь байгааг 100 хувь болгох, боловсролын салбарын үйлчилгээний ажилчдын үнэлгээг нэмэгдүүлэхийн тулд Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулж, энэ намрын чуулганаар өргөн барина гэв. Тэрбээр цааш нь “Багшийн гурван тулгуурт бодлого”-ийг танилцуулж, 2025 оноос бага ангийн түвшинд англи хэл, кодчилол, компьютерын хичээлийг албан ёсоор оруулах бүх шатны сургууль, боловсролын байгууллагын өдөр тутмын хөтөлбөрт ордог амьдрах ухааны хичээлийг чанаржуулж, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх төрийн бодлогын хүрээнд өдөр тутмын үйл ажиллагаа, бодлого шийдвэртэй тусгаж хэрэгжүүлэх, цахим платформууд, интернэт холболт, хичээл заах хиймэл оюуны туслах хэрэгслүүд, ухаалаг хэрэглэгдэхүүнүүдийг боловсролын салбарт бүрэн нэвтрүүлнэ гээд хүүхэд бүрийг эрүүл, аюулгүй, тэгш орчинд суралцах боломжоор хангах, багш бүрийг тогтвортой ажиллах нөхцөлөөр хангах, сургалтын чанарыг ижил түвшинд хүртээмжтэй хүргэх зорилтыг тууштай хэрэгжүүлнэ гэв. Мэдээллийнхээ төгсгөлд боловсролын шинэчлэл гэдэг нь зөвхөн суудлын тоог нэмэгдүүлэх, сургууль, цэцэрлэг барих асуудал биш гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа. Боловсролын шинэчлэл бол монгол хүүхэд бүрийг өв соёлоо дээдэлдэг, танин мэдэхүй, шинжлэх ухаанч хандлага төлөвшсөн, аж ахуйч сэтгэлгээтэй, хариуцлагатай, чадварлаг иргэн болгон төлөвшүүлэх амьдралын ухаанд суурилсан цогц бодлого юм. Мөн багш бүрийн үнэлэмжийг дээшлүүлэх, төрийн бодлогын суурь хариуцлагыг хэрэгжүүлэх, Монгол Улсын ирээдүйн хөгжлийн үндсийг бэхжүүлэх үйл хэрэг юм. Боловсролыг дэмжих бодлогоор дамжин хүүхдүүд эрүүл, аюулгүй, тэгш орчинд суралцах ёстой. Багш нар тогтвортой орчинд, итгэлтэй ажиллах ёстой. Төр бодлогоо тууштай хэрэгжүүлж, ирээдүй хойч үеийнхээ итгэлийг сэргээх учиртай хэмээн мэдээллээ.
Мэдээлэлтэй холбогдуулан УИХ дахь цөөнхийн төлөөллүүд үг хэллээ. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, Ч.Ундраа, Б.Батбаатар нар мэдээлэлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлэв., Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, 2025 оны төсөвт боловсролын салбарт 4.5 их наяд төгрөг буюу нийт төсвийн 20 хувийг зарцуулахаар тусгасан нь 2021 оноос хойш 2.5 дахин өссөн үзүүлэлттэй. Хэдий тийм ч энэхүү нэмэгдэл нь боловсролын чанарт дорвитой ахиц авчирсангүй. Хөрөнгө оруулалт нь оновчгүй хуваарилагдаж, удирдлагын бодлого тодорхой бус байсаар байна. Өнөөдрийн байдлаар ерөнхий боловсролын сургуулиудын 66 хувь нь хоёр ээлжээр ажиллаж, хот, хөдөөгийн ялгаа улам гүнзгийрсэн гэдгийг онцлоод сургууль, цэцэрлэгүүдийг хот төлөвлөлтийн бодлоготой уялдуулан барьж байгуулах нөхцөл бүрдээгүй, бага, дунд ангийн сурагчдын хоолны чанар шаардлагад нийцэхгүй байгаа тухай болон багшийн дутагдлыг арилгах талаар олон жил ярьсан ч үр дүнтэй бодлого хэрэгжээгүй байна гэх зэргээр боловсролын салбарын талаар дүгнэв. Мөн ЮНЕСКО-гийн монголын боловсролын системд хийсэн үнэлгээнд “хэсэгчлэн өөрчлөх нь үр дүнгүй. Эрс шинэчлэх шаардлагатай. Үгүй бол илүү том сорилтуудтай нүүр тулна” гэж анхааруулсан нь өнөөдрийн хөдөлмөрийн зах зээл дээр тод илэрч байна. Ийм нөхцөлд боловсролын суурь асуудлыг зөвтгөх бус, эрс шинэчлэх шаардлагатай байна. Бодлогын уялдаа, сургалтын чанар, багшийн ур чадвар, удирдлагын хариуцлагыг цогцоор нь сайжруулах цогц бодлогыг эрх баригчдаас шаардаж байна гэв.
УИХ-ын гишүүн А.Ундраа, мэргэжлийн боловсролын түвшний сургалтын хамралт, чанар, төгсөгчдийн ашиглалтад анхаарал хандуулж, чанартай боловсрол эзэмшсэн чадварлаг мэргэжилтний шинэ үеийг бий болгох бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлэх, ажлын талбар дээр шаардлагатай мэргэжлээр хүүхдүүдийг суралцуулдаг бодлого руу шилжих, хүүхдийн бие бялдрын хөгжилд чухал хичээл болох биеийн тамирын хичээлийг чанартай заах, ШУА-ийн судалгааны хэсгийг их дээд сургуулиудтай нийлүүлж, илүү хүчирхэгжүүлэх шаардлагатай гэх зэргээр байр сууриа илэрхийлсэн юм.
Түүний дараа УИХ-ын гишүүн Б.Батбаатар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр, 2024 оны байдлаар боловсролын салбарын урсгал зардал 4.2 их наяд төгрөг болж, энэ нь ДНБ-ын 5 хувьтай тэнцэж байна. Түүнчлэн 2021 онд 915 тэрбум төгрөг байсан багш нарын цалингийн сан 2024 онд 2.3 их наяд төгрөг болж нэмэгдсэн байна. Мөн багшийн тасралтгүй хөгжил, сургалтын хэрэглэгдэхүүн, цахим хэрэглээ, тоног төхөөрөмж зэрэгт зориулсан зардал нэмэгдэж, 2024 онд 113.6 тэрбум төгрөг болсон. Гэвч улс орны эдийн засгийн хөгжил, инфляц, төгрөгийн худалдан авах чадвар зэргээс хамааран багш боловсон хүчний орлогод чанарын өсөлт төдийлэн гарсангүй. Монгол Улсын хамгийн том баялаг бол хүмүүн капитал юм гэдгийг мартаж болохгүй гээд шат шатны сургалтын байгууллагын байршил, өмчлөлийн хэлбэр, суралцагчдын тоо, хөтөлбөрийн ялгаатай байдлаас үл хамааран сургалтын орчин, хэрэглэгдэхүүний хангалтад анхаарах, байгалийн ухаан, мэдээллийн технологийн хичээлийг лабораторид, технологи, хөгжим, биеийн тамирын хичээлийг зориулалтын кабинет, спортын танхимд хичээллэх боломж, нөхцөлийг бүрдүүлэх, сургалтын чанар, хөтөлбөрийн биелэлтэд нэгдсэн хяналт тавьж, удирдлагаар хангаж ажиллах хэрэгтэй гэж үзэж байна гэв.
Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Ганбаатар, хөдөө орон нутагт багшлах боловсон хүчин маш дутмаг байна. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нэг сургууль нь нурсан, нөгөө сургууль өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй учраас 3000 гаруй хүүхэд байрны хонгилд хичээллээд явж байна. Энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар асуухад Боловсролын сайд П.Наранбаяр хариулахдаа, 4500 орчим багшийн дутагдалыг арилгахын тулд 6 багц ажлыг хэрэгжүүлээд явж байна. Орон нутгийн багш нарыг орон гэрээр хангах, залуу багш нар гэр бүлээрээ очиж ажиллахад зориулсан орон сууц барих шаардлага байна. 108 сургууль, 95 цэцэрлэгийн ойрын хугацаанд барихаар зорьж буй нь боловсролын салбарт тохиолдож буй асуудлуудыг шийдэх нэг гарц юм. Боловсролын салбарын хөрөнгө оруулалтад 3,9 их наяд төгрөг шаардлагатай байгаа. Мөн энэ жилийн хүрээнд багш нарын цалинг нэмэгдүүлэх талаар ярилцаж байна. Цогтцэций сумын асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна гэв.
Мөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, О.Цогтгэрэл, Б.Эрдэнэболд, Ц.Мөнхтуяа асуулт асуув. Тухайлбал, 2024 онд нийтлэгдсэн PISA үнэлгээнд Монголын сурагчдын 66 хувь нь уншсан зүйлээ бүрэн ойлгож чадахгүй, 51 хувь нь математикт анхан шатны түвшнээс доогуур оноо авчээ. Байгалийн ухаанд 0.2 хувь л ахисан түвшний ойлголттой байгаа нь суурь боловсрол бүхэлдээ хямралд орсныг харуулж байна. Энэхүү үнэлгээг ахиулахад хэрхэн ажиллаж байгаа болон боловсролын тэгш, хүртээмжийн ялгааг бууруулах талаар ямар ажил хийж байгаа талаар асуув. Мөн багшийн нарын цалин хөлсийг нь нэмэгдүүлж 1000 ам.долларт хүргэсэн цагт багш нарын хомсдол арилна. Багш нарын цалинг хэрхэн нэмэгдүүлэх вэ зэрэг асуултад Боловсролын сайд П.Наранбаяр, энэхүү PISA-гийн энэхүү үнэлгээ 2022 оных юм. Монгол хүүхдийн математикийн ур чадвараар 425, унших чадвараар 371 оноо тус тус авсан. Харин азийн орнуудын дунд дундаж оноо бол математикийн ур чадвараар 451, унших чадвараар 427 оноотой харьцуулахад зөрүү бага ч энэхүү үнэлгээнд дүгнэлт хийж, унших чадварыг сайжруулах зэрэгт ажилласан. 2026 онд дахин үнэлгээгээр ахиц гарах байх гэдэгт найдаж байна. Боловсролын салбарт хөтөлбөр, үнэлгээ, тэгш хүртээмжий болон багшийн хөгжил, цалингийн өөрчлөлт гэсэн иж бүрэн шинэчлэлийг хэрэгжүүлж байна.
Манай улс өнгөрсөн жилүүдэд боловсролын салбарт сайн хөрөнгө оруулалт хийж чадсан бол эдийн засгийн өсөлт 20-30 хувиар нэмэгдсэн байх судалгааг гаргасан байна. Багш нарын үндсэн цалинг өсгөж байж, чадварлаг боловсон хүчин энэ салбарт буй болно. Багш нарын үндсэн цалинг энэ жил 6 хувиар нэмэгдүүлэхэд 1 сая 485 төгрөгт хүрсэн. 2028 он гэхэд багш нарын үндсэн цалин дээр бүх нэмэгдэл ороод 1000 ам.долларт хүргэхээр байгаа гэв. УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авч дууссан учир Ерөнхий сайдын дээрх мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын албан ёсны цахим хуудаст иргэдээс ирүүлсэн асуултуудыг УИХ дахь намын бүлгүүдийн төлөөлөл багцлан асуусан. УИХ дахь АН-ын бүлгийг төлөөлж УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа асуув.
Монголын багш нарын 8 дугаар Их хурлаас эмэгтэй 50, эрэгтэй 55 нас хүрсэн багш өөрөө хүсвэл тэтгэвэрт гарч болох асуудлыг дэмжиж, хэрэгжүүлэхээр болсон. Үүнийг шийдэх талд Засгийн газар ямар арга хэмжээ авч байна вэ, багш нарын цалинг 50 хувиар нэмэх боломж буй эсэх, багш нарын гүйцэтгэлийн үнэлгээг боловсронгуй болгоход хэрхэн ажиллаж байна вэ, нэг ангид суралцаж байгаа хүүхдийн тоогоор багш нарын анги даалтын мөнгийг өгөх боломжтой эсэх, тэднийг орон сууцаар хангах зэрэг нийгмийн асуудлыг хэзээ шийдэх вэ зэрэг асуултыг иргэд асуусныг ийнхүү багцлан асуулаа. Боловсролын сайд П.Наранбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулаглдсан Монголын багш нарын 8 дугаар Их хурлын үеэр багш нарын тэтгэврийн насыг наашлуулах асуудал яригдсан. Тэтгэврийн насыг тогтоох асуудлыг шийдэхийн тулд холбогдох байгууллагуудтай хамтран судалгааг хийж байна. Багшийн тэтгэвэрт гарах насаа сонгох нь сайн дурын асуудал байгаа. Багшийн туршлага, мэргэжлийн зэргээс хамааран норм, нормативыг шинэчлэх ажил эхэлсэн. Засгийн газраас иргэдийг орон сууцжуулах ажлын хүрээнд 13 мянган иргэдийг ипотекийн зээлд хамруулахаас 50 доошгүй хувийг орон нутагт олгохоор болсон. Улсын төсвөөс 123,5 тэрбум, бусад эх үүсвэрээс 1,3 тэрбумыг иргэдийг орон сууцжуулахад зарцуулахаар төлөвлөсөн.Багшийн гүйцэтгэлийн үнэлгээг үндсэн цалинд шилжүүлж болох эсэх талаар судалгааг хийж үзсэн. Гүйцэтгэлийн үнэлгээнд оролцсон бүх багш нарт 5 хувийг олгодог болох талаар ярилцсан боловч санхүүгийн асуудлаар тохиролцож чадаагүй. Энэхүү үнэлгээг илүү хялбар болгохоор ажиллаж байна. Ирэх намар шийдвэрлэнэ гэв.
Түүний дараа УИХ дахь МАН-ын бүлгийг төлөөлж, УИХ-ын гишүүн Ж.Галбадрах иргэдээс ирсэн асуултуудыг багцлан ажлын хэсгээс асууж, хариулт авлаа. Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжлэн Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцсэн талаар Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсоно. Тус санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд танилцуулав.
Тэрбээр, Ажлын хэсэг еренхий хяналтын сонсгол зохион байгуулах ажлын төлөвлөгөөг баталж, бэлтгэл ажлын хүрээнд дараах 4 удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан бөгөөд эдгээр хэлэлцүүлэгт давхардсан тоогоор 194 иргэн, төрийн байгууллагын 93 албан тушаалтан оролцож, 75 иргэдийн төлөөлөл холбогдох төрийн байгууллагаас асуулт асууж, хариулт авч, 28 иргэн танилцуулга хийсэн байна гээд сонсол тус бүрийн үр дүнг дэлгэрэнгүй танилцуулсан. Мөн "Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл" сэдвийн хүрээнд ерөнхий хяналтын сонсголыг 2025 оны 02 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд зохион байгууллаа гээд тайлангийн дүгнэлтээ ийн танилцуулав. Тухайлбал, 2010 оноос хойш агаарын болон орчны бохирдолд анхаарал хандуулан олон хөтөлбөр төслийг хэрэгжүүлсэн хэдий ч эдгээр төсөл хөтөлбөрийн хамрах хүрээ хэт өргөн тусгагдсан, өртөг зардал өндөр, бодит үр дүнд хүрэх санхүүжилт, инститүцүүдийн чадавх, салбар хоорондын уялдаа муу, хяналт хариуцлагын эргэх холбоо сул байсан зэрэг 9 гол шалтгаануудыг санал дүгнэлтдээ танилцуулсан юм.
Энэхүү санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, ажлын хэсэг эрх зүйн тулгамдсан асуудлыг шийдэх талд ажиллах нь чухал байгаа талаар байр сууриа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн Д.Энхтуяа, дулааны бусад эх үүсвэрийг хэрхэн нэвтрүүлэх болон сайжруулсан шахмал түлшний стандартыг өөрчлөх эсэх, “Тавантолгой түлш” компанийн алдагдалыг хэрхэн шийдэж байгаа зэрэг асуултыг асуусан.
Ажлын хэсгээс хариулахдаа, нийслэл хотын өрхүүдийг ногоон, шар бүсээр хуваасан. Шар бүсэд 67 мянган өрх, ногоон бүсэд 103 мянган өрх хамаарч байна. Энэ жилдээ ногоон бүсийн 52 мянган өрхийг цахилгаан түлшинд шилжүүлэх бэлтгэх ажлыг хангаж байна. Мөн 52 мянган өрхийн дулаалгын асуудлыг шийднэ. Мөн цахилгааны найдвартай эх үүсвэрт 17600 өрхийг хамруулахаа болсон. Ирэх 9 дүгээр сараас иргэдэд зориулсан аюулгүй ажиллагааны сургалтууд эхэлнэ. Хийн зуух тойрсон асуудлыг нэг мөр цэгцлэхийн тулд эрдэмтдийн зөвлөлөөс шийдвэр гаргуулахаар ажиллаж байна. “Эрдэнэс таван толгой” компанийн нүүрсээр үйлдвэрлэсэн баяжуулсан түлш чанарын шаардлага хангаагүй байна. Энэ асуудлыг шийдэх шаардлагатай гэв. Мөн УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, шахмал түлшинд хордсон, нас барсан иргэдийн тоо, баримт зөрүүтэй байна. Ерөнхий прокурорын газраас 5613 иргэн угаарын хийн хордлогод орсноос 95.6 хувь нь зөвхөн шахмал түлшинд хордсон байна. Мөн угаарын хий мэдрэгчтэй зөв харьцаж чадаагүйгээс иргэд амь насаа алдсан байна. Энэ талд анхаарч ажиллах талаар саналаа хэллээ. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч дууслаа. Хуралдаан үргэлжлэн Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тус төслийн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Мандхай уншиж танилцууллаа.
Тэрбээр, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан ажлын хэсгээс Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл сэдэвт Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулсантай холбогдуулан Засгийн газарт тодорхой асуудлаар чиглэл өгөх нь зүйтэй гэж үзсэнийг Байнгын хороо хүлээн авч дараах Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсрууллаа. Төсөлд Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр 2025 онд дуусаж байгаатай холбогдуулан агаарын бохирдлын эх үүсвэр бүрд жигд анхаарч, салбар, салбар дундын оролцоог хангасан агаарын бохирдлыг бууруулах богино, дунд, урт хугацааны цогц төлөвлөгөөг боловсруулах, 2025-2028 оны хугацаанд багтаан нийслэл болон төвлөрсөн суурин газрын агаарын чанарыг Монгол Улсын стандартын жилийн дундаж үзүүлэлтэд бүрэн нийцүүлэх, агаарын бохирдлын өндөр эрсдэлтэй бүсийг тодорхойлж, тухайн бүсэд байрлах сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дотоод орчны агаарын чанарыг тогтмол хянах, дотоод орчны агаарын чанарыг сайжруулах арга хэмжээг орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх, угаартаж амь насаа алдсан иргэдийн мэдээллийг нэгтгэн дүн шинжилгээ хийж шалтгааныг тогтоох, нотолгоонд тулгуурлан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах, ахуйн орчинд угаартаж амь насаа алдсан иргэдэд нөхөн төлбөр олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо нь холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог хангах, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хэрэгжилтийг тогтмол тайлагнах, санхүүжилт, зарцуулалтын талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох зэрэг 16 заалтыг тусгасан гээд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед гишүүдийн гаргасан саналыг танилцууллаа. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй тул Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаарх санал хураалтыг ирэх долоо хоногт шийдвэрлэхээр болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл
Зочин [14.1.81.191] 2025-06-01 09:13:05
Зевхен ЕБС биш тогтолцоог ярих ухаан алга. Байнгын хорооны даргаа соье, ичмээр юм!!! Еронхийлогч боловсролын зевлехее солих хэрэгтэй! Хамгийн чухал салбарт шинжлэх кхааны ундэслэлтэй бодлого шаардлагатай бна. Суулийн 5 жилд айхтар самарлаа!!!