ШӨНИЙН СУРВАЛЖЛАГА: Хүүхдүүд маань юу хийж явна вэ
-ДАРХАНААС УЛААНБААТАРТ ИРЭЭД ХОЁР ХОНОЖЭЭ-
Сэтгүүлч бидэнд цагдаагийн алба хаагчидтай хамтарч шөнийн Улаанбаатарт гарч буй гэмт хэрэг, зөрчлийг сурвалжлах боломж хааяахан олддог билээ. Энэ удаа Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчидтай хамт тус дүүргийн нутаг дэвсгэрээр явж шөнийн “амьдрал” сурвалжиллаа.
Биднийг орой 21 цагийн үед тус цагдаагийн хэлтэст очиход 12-15 насны хоёр хүүхэд байцаагдаж байлаа. Юу болсныг тодруулвал, тухайн хүүхдүүд хоёр хоногийн өмнө Дарханаас таксинд сууж хотод орж ирсэн бөгөөд очих айл, таньж мэдэх хүнгүй орцонд хоног төөрүүлж, PC тоглоомын газар тоглож, идэж уусан ч зүйлгүй хоёр хоножээ. Улмаар замын цагдаагийн газрын ойролцоо уйлж суухад нь иргэд цагдаад мэдээлсний дагуу дүүргийн цагдаагийн алба хаагчид тэднийг цагдаагийн хэлтэст авчирсан нь энэ аж.
Зургадугаар ангид сурдаг хүү ярихдаа “Бид хоёр өдөр хичээлээ тараад Дарханы PC тоглоомын газарт байж байгаад орой Дарханд байх нэг найзындаа хоносон. Маргааш нь таксинд 15 мянган төгрөг өгөөд хот орж ирэн Драгон дээр буусан. Бид хоёроос таксины жолооч юу ч асуугаагүй.
Юм хум сонирхож яваад нэг байрны орцонд орж хоносон. Өдөр PC жаахан тоглосон. Би өмнө нь хотод нэг удаа л ирж байсан. Ээж, аав хоёрт очоод би “алуулах” байх аа. Намайг хотод гоё юм үзүүлье. Робот үзүүлье гэж энэ хамт явсан хүүхэд дагуулж ирсэн” гээд уйлав. Харин нөгөө хүү нь “Би дагуулж ирээгүй. Энэ худлаа яриад байна. Харин ч намайг худлаа ярьж дагуулж ирсэн.
Хотод манай эмээ байдаг. Хоёулаа хот орж манай эмээ дээр оччихоод эргээд оройдоо буцаад явчихна гэж надад хэлсэн. Тэгээд бид хоёр “Драгон” дээр буугаад эмээг нь хайж баахан явсан. Гэтэл энэ “Эмээ хотод байдаг гэж надад худлаа хэлсэн байна лээ” гээд буруугаа нэг нэгэн рүүгээ чихэх маягтай зогсоцгоож байв.
Арай насаар ах бололтой хүүгийнх нь хамаатны эгч гэх бүсгүй тэнд хүүг авахаар ирсэн байлаа. Тэрбээр “Би энэ том хүүгийнх нь хамаатны эгч. Манай ээжтэй цуг Дарханд амьдардаг юм. Уржигдар гэрээс гараад алга болчихлоо гээд Дарханд байдаг найз нөхөд, байж болох газруудаар хайгаад олдохгүй бөөн эрэл сурал болсон байна. Гэтэл энэ хоёр хотод цагдаагийн газар ирчихсэн байна. Тэгээд цагдаагаас ээж рүү утасдаж хэлээд, ээж намайг очиж ав гэсэн учраас би авах гээд энд ирчихсэн байж байна. Нөгөө хүүхдийнх нь аав, ээжийн утас холбогдохгүй байна. Хамт аваад явдаг юм уу гээд байж байна” хэмээн ярив.
Тухайн хүүхдийг аав, ээж нь эрж хайсан эсэхийг Дархан-Уул аймгийн цагдаагийн хэлтэс рүү утасдаж тодруулахад “Одоогоор ийм хүүхэд олж өгөөч гэж тэмдэглүүлсэн зүйл алга. Бид аав, ээжийг нь олж холбоо тогтооё” хэмээсэн юм. 11, 12-хон настай хүүхэд нь Дарханаас Хотод ороод ирчихсэн, хоёр хоног “тэнээд” явж байхад аав ээж нь хайгаагүй болж таарч байна. Үр хүүхдээ хаана, юу хийж явна гэж бодож суудаг улс юм бол доо, бүү мэд.
-БАЙРНЫ ГАДНА ТАВЬСАН 12 МАШИНЫ ЦОНХ ХАГАЛЖ,
ЭД ЗҮЙЛ ХУЛГАЙЛЖЭЭ-
Дараа нь бид Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэр, аравдугаар байрны гадна очлоо. Орон сууцанд амьдардаг иргэд ихэнх тохиолдолд амьдарч буй байрныхаа гадна хаана л зай талбай байна тэнд машинаа байрлуулж сурсан улс. Энэ байрны гадна ч тэр жишгээр машинуудыг эгнүүлэн байрлуулжээ. Энэ сарын 26-наас 27-нд шилжих шөнө эгнүүлэн тавьсан 12 машины цонхыг хагалж, эд зүйлийг нь хулгайлсан хэрэг гарсан байна. Бид энэ талаар Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Сүхбатаас тодрууллаа.
Тэрбээр “2016 оны есдүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт аравдугаар байрны гадна байх автомашинуудын цонхыг цохиж хагалан, доторхи эд зүйлсийг нь хулгайлсан гэмт хэрэг бүртгэгдсэн. Нийт 12 машины цонх хагалсан үйлдэл тогтоогдсон. Гэмт этгээдийг илрүүлэх чиглэлээр манай Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид ажиллагаа явуулж байна. Энэ хэргийн хувьд автомашинуудын цонхыг хагалсан боловч алдагдсан эд зүйл харьцангуй цөөн байгаа.
Улаанбаатар хотын хэмжээнд автомашины цонх шил хагалж, доторх эд зүйлийг нь хулгайлах хэрэг дийлэнхдээ үйлдэгдэж байна. Сүүлийн үед энэ төрлийн хэргийг бага насны, тэнэмэл амьдралтай хүүхдүүд ихээр үйлдэж байгаа. Мөн 18-25 насны залуус ч ихээр үйлдэж байна. Манай цагдаагийн хэлтэсээс СӨХ-үүдтэй хамтарч ажиллаад орон сууцны хорооллуудад гэрэлтүүлэг болон хяналтын камерууд байршуулсан. Эдгээр камерын тусламжтайгаар гэмт хэргийн илрүүлэлт ч сайн байгаа” гэв.
-ӨМЧ ХӨРӨНГӨДӨӨ ЭЗЭН БОЛООГҮЙ БАЙЖ ӨӨРӨӨСӨӨ ӨӨ ХАЙДАГГҮЙ ЖОЛООЧ НАР ОЛОН-
Энэ үед тухайн байранд амьдардаг иргэн 25-ны шөнө машиныхаа толийг хулгайд алдсан талаараа ярьсан юм. Тэрбээр “Өглөө босоод ажилдаа явах гэтэл машины толь байхгүй байсан. Тэгээд нэг толь юм чинь гэж бодоод цагдаад хандаагүй л дээ. Өмнө нь бас машинаа тонуулж байсан. Цагдаад хэлдэг. Гэхдээ ер нь бол үйлдэл дээр нь хулгайчийг барихгүй бол дараа нь хулгайчийг олоход хэцүү юм шиг байна. Хулгайч нь олдоогүй. Тийм учраас толио алдчихаад цагдаад хэлсэнгүй. Манай байрныхан машиныхаа толийг зөндөө алдаж байна. Цонх, шилээ байнга хагалуулж байна. Одоо тольгүй тавьчихсан байж байна” гэв. Түүнээс цөөхөн зүйл тодрууллаа.
-Харуул хамгаалалттай газар машинаа тавьсан бол толио алдахгүй байсан шүү дээ?
-Харуул хамгаалалт гэж байхгүй шүү дээ. Иргэд бид амьдарч байгаа байрныхаа эргэн тойронд л машинаа тавиад хонодог. Энд хамгаалалтын алба гэж байхгүй. Машин тавих зогсоол байхгүй болохоор ингээд зохицоод байрныхаа гадаа шахаад шахаад л тавьдаг. Бүх жолооч нар ингэж машинаа тавьдаг.
-Машиндаа дохиололтой юу?
-Дохиолол байхгүй. Гайгүй биз, гайгүй газар тавьчихлаа гэж бодоод л байж байдаг.
-Ер нь толио алдахад таны буруу байна уу?
-Миний буруу юу гэж байх вэ. Зогсоолд тавьсан машины толийг хулгайлчихна гэж яаж мэдэх вэ.
-Машинаа эргэж тойрсон уу?
-Шөнө босоод машинаа эргээд явж байлтай нь биш дээ.
Ийнхүү толио алдсан жолооч цагдаад ч мэдэгдээгүй, өөрийн өмч хөрөнгөдөө эзэн болоогүй мөртлөө өөрийгөө өмөөрөн “Миний буруу гэж юу байх вэ” гэж хэлээд зогсож байгаа нь энэ.
-ХҮҮХДҮҮД ХУЛГАЙ ХИЙЖ БАЙГАА НЬ ЭЦЭГ ЭХ, БАГШ НАРЫН УЯЛДАА
ХОЛБОО ЯМАР БАЙГААГ ХАРУУЛЖ БАЙНА-
Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Б.Саруултуяа “Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс нэгээс наймдугаар хороог хариуцаж ажилладаг. Голдуу орон сууцны хорооллууд байдаг. Манай цагдаагийн хэлтэст бүртгэгдэж байгаа дийлэнх хэргүүд хулгайлах төрлийн гэмт хэрэг байна. Үүнээс автомашины эд анги, орон байрны эд зүйлс хулгайлах гэмт хэрэг тасрахгүй байна. Саяны иргэний ярьж байгааг сонссон уу. Энэ мэт жолооч нар машиндаа дохиолол суулгадаггүй, машинаа эргэж тойрдоггүй, өөрийн өмч хөрөнгөндөө эзэн болдоггүй байдал хулгайч нарт боломж олгож байна гэдгийг хэлэх хэрэгтэй.
Шөнийн цагаар сэжиг бүхий хүүхдүүд байрны ойр орчимд эргэлдээд байна гэсэн дуудлага есдүгээр сарын эхээр манай камеррын хяналтын ажилтнаас хэд хэдэн удаа ирсэний дагуу тухайн хүүхдүүдийг газар дээр нь илрүүлсэн. Гэтэл тухайн гэмт хэргийг үйлдсэн этгээдүүд нь 11-14 насны хүүхдүүд байсан.
Тэд бусад дүүргүүдэд ч энэ төрлийн хулгайн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж шалгагдаж байна. Бид хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагч, багш нартай нь уулзсан. Хүүхдүүд хулгай хийж байгаа нь хараа хяналтгүй байлгадаг эцэг эх, багш нарын хоорондын уялдаа холбоо ямар байгааг харуулж байгаа юм.
Хүүхэд нэг хоног хичээлдээ ирэхгүй байхад эцэг эхэд нь мэдэгдэх ёстой байтал мэдэгддэггүй, эцэг эх нь хүүхдээ найзындаа очоод хоносон биз гэж бодоод асууж сурагладаггүй. Энэ байдал нь хүүхдийг бусдад уруу татагдаж, гэмт хэрэгт холбогдоход түлхэж байна гэж хэлэхэд хилсдэх юм байхгүй” гэлээ.
Б.САРУУЛТУЯА: PC ТОГЛОХЫН ТУЛД ХУЛГАЙ ХИЙСЭН ГЭЖ
ХҮҮХДҮҮД МЭДҮҮЛДЭГ
Цахим тоглоомын газрууд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг, хоногоор ажилладаг байдал сургуулийн насны хүүхдүүдийг тоглоомонд донтох байдал хүргэж байна. Тэд тоглоом тоглохын тулд хулгайн гэмт хэрэг үйлдэх тохиолдлууд гарч байна. Хулгайн гэмт хэрэгт холбогдон шалгуулж байгаа хүүхдүүдээс асуухад PC тоглохын тулд хулгай хийсэн гэх байдлаар мэдүүлэг өгдөг талаар тус цагдаагийн хэлтэсийн урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Б.Саруултуяа ярьж байна.
Тэрбээр “Манай цагдаагийн хэлтэсийн алба хаагчид “Цахим тоглоом” нэгдсэн арга хэмжээг үе шаттай явуулж, сард хоёр удаа хянаж шалгадаг. Гэвч энэ төрлийн зөрчил буурахгүй байна. Энэ төрлийн үйлчилгээ эрхэлж байгаа газрууд зөвхөн ашиг орлогоо бодоод, насанд хүрээгүй хүүхдүүдийг удаан хугацаагаар, хоногоор хаалгыг нь түгжиж тоглуулж байна. Энэ байдал нь хүүхдийг буруу замаар орох, цаашлаад эрүүл мэндээрээ хохирох эрсдэлд хүргэж байна.
Шаардлага хангаагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг, хүүхдүүдийг хоногоор тоглуулдаг зөрчилтэй газруудын үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг цуцлуулах саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Цагдаагийн байгууллага Зөрчлийн хуулийн хүрээнд торгуулийн арга хэмжээ авдаг ч эдгээр газрууд дахиад л хууль зөрчин ажилласаар байна. Тиймээс энэ асуудалд зөвхөн цагдаагийн байгууллага биш хүүхдийн байгууллагууд, эрчим хүчний газар хамтарч тогийн нь хязгаарладаг ч юм уу ямар нэг байдлаар дорвитой арга хэмжээ авах цаг нь болсон” гэлээ.
Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт нийт 12 PC тоглоомын газар үйл ажиллагаа явуулдагаас хуулийн хүрээнд ажилладаг, зөвшөөрөлтэй нь цөөхөн гэнэ. Бид тус хороонд байрлах, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг “Tinker” PC тоглоомын төв рүү 22:30 цагийн үед орлоо.
Энэ газар цагийн хуваарь дээрээ 23 цагт хаана гэж бичсэн байх боловч хүүхдүүдийг цоожилж, хоногоор тоглуулдаг газар байв. Биднийг ороход ухаан санаа нь тэр тогломондоо бүрэн автсан хүүхдүүд хүмүүс орж ирсэнийг ч үл ажран “буудалцсаар” сууна.
Цагдаагийн алба хаагчид тухайн газрын ажилтан залууд шаардлага тавьж бүх компьютерийг нь автоматаар унтраалгав.
Энэ үед өнөөх хүүхдүүд сэхээ авсан мэт хараалын үг урсгацгаан босч ирэх нь тэр. Мэдэхгүй хүн орж харвал нэг л жижиг өрөөтэй юм байна гэж харахаар. Гэтэл хаалттай хаалганы цаана зочид буудлын өрөө шиг урт хонгил байх бөгөөд маш олон өрөөтэй, өрөө бүрт дүүрэн хүүхэд тоглоцгоож байлаа.
“ААВ НЬ СУРАН БҮСЭЭР ЗОДСОН ЧИНЬ ХҮҮ МИНЬ УУРЛААД, ТЭР ЧИГЭЭРЭЭ
УТСАА ХААГААД АЛГА БОЛЧИХСОН. ОДОО ЯАХ ВЭ”
Тухайн газрыг ажиллуулж буй залуу өөрийгөө энд ажилд ороод хоёрхон хонож байгаа гэж танилцуулаад “Юу ч мэдэхгүй. Нарийн ширийн асуудлыг дарга мэднэ” гэв. Тус газар өдөрт хамгийн багадаа 300 мянган төгрөгийн орлого олдог гэх бөгөөд долоон настангуудаас авахуулаад 30-аад насны залуус ч орж ирж тоглодог гэнэ. Дотроо камертай байх бөгөөд түүгээрээ гадна болон доторх байдлыг хянаад сууж байдаг юм байна. Цагдаагийн алба хаагчийн хэлж байгаагаар 23 цагаас өмнө орж ирсэн тулдаа биднийг оруулсан гэнэ. Хэрвээ 23 цагаас хойш ирсэн бол хаалга үүдээ дотроос нь түгжээд нуугдмал байдалдаа шилждэг гэх бөгөөд хууль сахиулагч цагдаагийн алба хаагч шаардлага тавьж, хаалгыг нь нүдээд ч хаалгаа тайлдаггүй аж. Камераараа цагдаа ирсэнийг харчихаад хээв нэг сууж байдаг том толгойтой улс бололтой.
Тэнд тоглож буй хэдэн хөвгүүдтэй ярилцлаа. Тэд нэг хонож байгаа гэж ярих боловч хэд ч хоносон юм бүү мэд. Нүд нь улаанаар эргэлдэж, үс зүс нь гундаж царай алджээ. Тэд “Бид 17-той. Энэ газар тав, зургаа дахь удаагаа тоглож байна. Өмнөговь аймгаас оюутан болж ирсэн. Өчигдөр энд хонож тоглосон. Хоногийн 3500 төгрөг байдаг. Дотроосоо гоймон авч идээд, ундаа уучихдаг. Зөвшөөрөлгүй газар байна гэж мэдээгүй. Сонирхолтой болохоор ядарсанаа ч мэдэрдэггүй. Долоо хоногт хоёр удаа л тоглодог. Ноль руу нь орж тамхи татдаг юм билээ. Дахиж тоглохгүй” хэмээн “худлаа” хэлцгээн гарч одоцгоов.
Хоёр ээж тус цагдаагийн хэлтэст енгэнэтэл уйлаад ирсэн гэнэ. Нэг нь “Манай хүү гэрээсээ гараад алга болчихлоо. Сүүлийн үед дандаа PC тоглоом тоглодог болчихсон. Сүүлдээ бүр ном дэвтрээ зараад эхэллээ. Бид зогсоох гээд уурлахаар уйлж загнаад утсаа хаагаад алга болчихлоо. Миний хүү амиа хорлочих юм биш биз дээ” хэмээн уйлжээ.
Бас нэг ээж “Хүү маань 12-р анги. PC тоглоомонд донтчихсон. Нөхөр бид хоёр болиулах гээд үнэндээ хүчрэхгүй байна. Аав нь суран бүсээрээ зодсон чинь уурлаад тэр чигээрээ утсаа хаагаад алга болчихсон. Одоо би яах вэ” хэмээн цагдаад хандсанаар цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж хүүг нь олж өгсөн байна.
-ГОО САЙХАНЧ МЭРГЭЖИЛТЭЙ БҮСГҮЙ ГУРВАН ЖИЛ
МАССАЖИСТ ХИЙСЭН ГЭВ-
Хамгийн сүүлд тус дүүргийн цагдаагийн хэлтэст иргэдээс ирсэн гомдлын дагуу биеэ үнэлэх үйл ажиллагаа зохион байгуулж байж болзошгүй гэх үндэслэлээр тус дүүргийн долдугаар хороонд орших “Цахирмаа” гэх массажны газарт орлоо. Шөнийн 24 цаг болж байхад үүдэнд нь ресепшн бололтой хоёр бүсгүй сууж байв. Үүдэнд нэг эрэгтэй хүн суух бөгөөд үйлчлүүлэхээр ирсэн бололтой.
Зөвшөөрлийг нь шалгахад өмнөх захирлынх нь нэртэй канондсон хуулбар байх бөгөөд түүнийгээ ханандаа өлгөөгүй далд хийсэн байснаа гаргаж үзүүлэв. Уг нь хууль номондоо өмнөх эзнийх биш, яг одоо үйл ажиллагаа явуулж буй иргэн өөрийн нэр дээр зөвшөөрөл авч, түүнийгээ эх хувилбараар нь ханандаа өлгөсөн байх ёстой аж.
Тэнд суух хоёр бүсгүй энэ газрыг түрээслэх гээд хэр их үйлчлүүлэгчтэйг нь мэдэхээр хоёр хоног туршилтаар ажиллуулж үзэж байгаа гэв. Тиймээс зөвшөөрөл энэ тэрийг нь шинээр авах ёстойг мэдээгүй гэх тайлбар өглөө. Биднийг ороход тэнд үйлчилгээ авч, массаж хийлгэж байгаа хүн байсангүй. Өрөөнүүдийг нь шалгаж үзэхэд эрүүл ахуйн шаардлага хангахгүй, бохир орчинтой, өрөөнүүд нь стандарт хэмжээнээс жижиг гэх мэт олон асуудал байгааг цагдаагийн алба хаагч бидэнд хэлсэн.
Нэг өрөөнд ороход нэг бүсгүй үсээ янзлаад зогсож байв. Тэндээ амьдардаг бололтой ор дэр нь засаастай, энд тэнд хамаг юм нь хөглөрсөн байдалтай харагдав. Ямар учиртай хүн болохыг нь асуувал тэнд гурван жил массажистаар ажиллаж байгаа бөгөөд тэндээ хааяа оройтохоороо хонодог ажээ.
Хогийн саванд нь архи, пивоны сав хөглөрч харагдав. Цагдаагийн албан хаагч эрүүл мэндийн дэвтэр болон массажист гэх мэргэжлийн үнэмлэхийг нь шалгахыг хүсэхэд гоо сайханчаар ажиллах зөвшөөрөл үзүүлэв. Үүнийгээ тайлбарлахдаа “Анх энд гоо сайханчаар ажилд орж байсан. Сүүлдээ массажист болсон. Массажистын үнэмлэх, эрүүл мэндийн дэвтэр хоёр захиралд байгаа” гэлээ.
Ийнхүү түрээслэх гэж байгаа гэх бүсгүйг зохих зөвшөөрлөөс гадна эрүүл ахуй, стандартын шаардлагаа хангаж ажиллахыг үүрэгдэв. Мөн мэргэжлийн массажист авч ажиллуулах шаардлагатайг хэлж, тун удахгүй дахин шалгана хэмээгээд гарцгааснаар бидний шөнийн сурвалжлага өндөрлөв.
Б.ЦЭЛМЭГ
Сэтгэгдэл