А.Бат-Эрдэнэ: Дулааны төлбөрөө хэрэглээгээрээ төлбөл задгайгаар буюу м.кв-ын хэмжээгээр төлснөөс 30-50 хувь хэмнэнэ

Aдмин / Эдийн засаг

Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ) болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) хамтран зохион байгуулсан “Хэрэглээнд суурилсан, зах зээлд нийцсэн дулааны төлбөрийн тогтолцоог нэвтрүүлэх нь” сэдэвт зөвлөгөөн өчигдөр болж өндөрлөлөө. Энэ үеэр ЭХЗХ-ны Эрчим хүч хэмнэлтийн газрын дарга А.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


-Хэрэглээнд суурилсан, зах зээлд нийцсэн дулааны төлбөрийн тогтолцоо гэдэгт юуг ойлгох вэ?

-Одоо зарим айл өрх, ААН, байгууллагууд барилгын хэмжээгээрээ дулааны төлбөрөө төлж байгаа. Үүнийг хэмжүүрээр буюу хэрэглэснээр нь төлбөр төлдөг тогтолцоонд шилжье гэсэн санаа юм. Одоогоор Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд 343.600 хэрэглэгч холбогдсон байгаа бол үүнээс 21.7 мянга нь ААН, байгууллага, 321.9 мянга нь айл өрх байгаа юм. Нийт айл өрхийн 0.5 хувь буюу 1500 айл өрх л дулааны тоолуураар буюу хэрэглээгээрээ төлбөрөө төлж, үлдсэн 336 мянга гаруй айл өрх тоолуургүй, задгайгаар төлбөрөө төлж байна. Тэр айл өрхүүдэд дулааны тоолуур болон дулааны зардал хуваарилах төхөөрөмж суурилуулж, төлбөрийг гаргасан хэрэглээгээр нь төлдөг болъё гэдэг талаар өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцогч байгууллагуудтай хамтран санал солилцож байгаа юм. Жил бүр өсөн нэмэгдэж байгаа дулааны эрчим хүчний хэрэгцээг хангахын тулд шинээр эх үүсвэр байгуулахаас илүүтэй дулаан түгээх, хангах, ашиглалтын үеийн дулаан алдагдлыг бууруулах, барилга байгууламжийг дулаалах, хэрэглэгчдийн дулааны хэрэглээг хэрэглэснээр нь тооцдог болсон нөхцөлд дулааны эрчим хүчний хэмнэлт бий болж, дутагдаж байгаа чадлыг нөхөх, хүлээгдэж буй хэрэглэгчийг дулаанаар хангах боломж бүрдэнэ.

-Ард иргэд дулааны үнэ нэмэгдчих вий гэсэн айдастай байна. Энэ тогтолцоог нэвтрүүлснээр дулааны үнэд өөрчлөлт орох уу?

-Цахилгаан, дулааны тариф нэмэгдсэн. Харин эдийн засгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан дулааны үнийн нэмэгдэл ирэх оны нэгдүгээр сарын 1 хүртэл үйлчлэхгүй, хойшилчихсон. Хэрэглэгчийн төлж буй дулааны төлбөр үйлдвэрлэж, түгээж, дамжуулж буй өртгөөсөө 2-3 дахин бага байгаа. Тиймээс хэзээ нэг өдөр зайлшгүй үйлдвэрлэж, түгээж, дамжуулж буй өртөгтөө хүрнэ. Харин тэр үед хэрэглэгчид хүндрэл үүсэх нь гарцаагүй шүү дээ. Тиймээс дулааны төлбөрөө хэрэглээгээрээ төлбөл задгайгаар буюу м.кв-ын хэмжээгээр төлснөөс 30-50 хувь хэмнэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, гарах ёстой байсан төлбөрөөсөө 30-50 хувь бага төлбөр төлнө. Задгайгаар төлбөрөө төлж байгаа тохиолдолд айл өрх, ААН, байгууллагууд аль ч сард адилхан төлбөр төлж байгаа. Дулааны тариф 2-3 дахин нэмэгдчих юм бол төлбөр нь ч 2-3 дахин нэмэгдэнэ. Хэрэв тухайн барилга дулаан алдагдал багатай, өөрсдөө дулаанаа тохируулаад хэрэглэчихдэг бол одоо төлж буй төлбөртэйгөө адилхан төлбөр төлөх боломжтой. Тэрхүү боломжийг нь л нээж өгч байгаа хэрэг.

-Хаанаас тоолуур авах вэ?

-Эхлээд айл өрх, ААН, байгууллагууд тоолуураа худалдаж авна. Стандарт, хэмжил зүйн газраас тусгай зөвшөөрөл авсан гадны улсаас тоолуур импортолж борлуулдаг арваад байгууллага бий. Тэр газруудаас худалдаж авна. Ингээд суурилуулах тусгай зөвшөөрөл эзэмшигч хүмүүсээр суурилуулж, орон сууцны контортоо хандаад төлбөр тооцоондоо ашиглаад явах боломжтой. Одоо ч тэрхүү тоолуурыг суурилуулах боломжтой.

-Үнэ өртөг нь хэд вэ?

-Аль улс оронд үйлдвэрлэсэн бэ гэдгээс хамааран тоолуурын үнэ хэлбэлздэг. БНХАУ-д үйлдвэрлэсэн бол 700 мянга, ОХУ-ынх 900 мянга, Европын улс орнуудынх 1.2 сая төгрөг болно. Энэ бол суурилуулах үнэ хөлсийг нь нэмж тооцсон дүн гэдгийг хэлэх нь зүйтэй.

-Тоолуурын баталгаат хугацаа хэдэн жил бэ?

-Айл өрх, албан байгууллагууд тоолууртай болчихвол түүнийг баталгаажуулах гэдэг ажил гарна. Тоолуурыг суурилуулснаас хойш дөрвөн жил болоод баталгаажуулах гэхээр баталгаажуулах лабораторийнх нь хүчин чадал хүрэлцэхгүй гэх асуудал бий. Одоо ч хүчин чадал нь хүрэлцэхгүй хэмжээнд байгаа шүү дээ. Тиймээс баталгаажуулах лабораторийг өргөтгөж шинэчлэх, тоог нь нэмэх, орон нутагт тоолуурын лаборатори байгуулах тухай өнөөдөр (өчигдөр) хэлэлцэнэ. Тоолуурын үйлдвэрийн баталгаат хугацаа 8-10 жил байдаг юм. Гэтэл Монгол Улсын дүрэм, журамд дөрвөн жил байна гээд заачихсан. Тиймээс бид үйлдвэрийн баталгаат хугацаанд буюу 8-10 жилд бус, дөрвөн жил болоод л тоолуураа баталгаажуулж буй. Тоолуур нь буруу зааж, эсвэл эвдрэл гэмтэл гарсан бол тухайн үед нь баталгаажуулж болно. Харин ямар ч асуудалгүй ажилладаг тоолуурын баталгаат хугацааг нь баталгаажуулалтын хугацаа болгочихъё гэсэн санааг ярилцаж байгаа.

-Хэрэглээнд суурилсан, зах зээлд нийцсэн дулааны төлбөрийн тогтолцоо нэвтрүүлснээр ямар бодит өөрчлөлт гарах вэ?

-Нэгдүгээрт, хэрэглэгчдийн төлөх дулааны зардлыг бууруулна. Үүнийг дагаад барилгын дулаан алдагдал болон барилгын чанар дээшилнэ гэж үзэж буй. Манай улсын тухайд өвлийн улиралд барилгын зарим хэсэг халахгүй, эх үүсвэрүүдийнх нь хүчин чадал ч хүрэхгүй, шугам сүлжээнд эвдрэл гэмтэл гарах гэх мэтчилэн асуудлууд үүсдэг. Хэрэв нийт хэрэглэгч хэрэглээнд суурилсан, зах зээлд нийцсэн дулааны төлбөрийн тогтолцоонд шилжчихвэл багадаа 20 хувийн хэмнэлт гарна. 20 хувийг хэмнэснээр шугам сүлжээ рүү орж буй усны зарцуулалт тэр хэмжээгээр буурч, станцад үйлдвэрлэж буй дулааны хэмжээ ч буурна. Түүнчлэн шинэ хэрэглэгч холбох боломж тэр хэмжээгээр бүрдэх юм.

Улсаараа ямар үр дүнд хүрч болох талаар яривал, Парисын хэлэлцээрийн хүрээнд манай улс “Хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах” зорилт тавьж, олон улсын хэмжээнд үүрэг, амлалт авчихсан байгаа. Дулааны төлбөрийн тогтолцоог нэвтрүүлснээр тэрхүү үүрэг, амлалтаа биелүүлэхэд ихээхэн дэмжлэг болох боломжтой. Мөн байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулахад иргэн хүний оруулж буй хувь нэмэр гэж ойлгох хэрэгтэй. Хамгийн гол нь дулаан хангамж дутагдаж, хүчин чадал хүрэлцэхгүй байгаа энэ үед хэмнэлт хийх нь зүйтэй. Хэрэв дулааны тариф өртөгтөө хүрчих юм бол зардлын хүнд асуудал үүсэх магадлалтай. Тиймээс түүнээс сэргийлж, хэрэглээгээрээ төлбөрөө төлөх боломжоо өөрсдөө бүрдүүлье. Эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгье гэсэн санаа юм.

-Тухайн барилгын аль хэсгийг халаахаа эзэмшигч нь өөрөө шийддэг болно гэж ойлгож болох уу. Энэхүү тоолуур зөвхөн төвлөрсөн дулаан хангамжийн системд холбогдсон айл өрх, байгууллагуудад хамаатай юу?

-Тийм ээ. Тухайлбал, танайх 50 м.кв хоёр өрөө байртай байгаад нэг өрөө нь халаалттай байх шаардлагагүй бол тэр өрөөг халаалтгүй гэж тооцдоггүй шүү дээ. 50 м.кв-аар нь буюу хэмжээгээр нь төлбөр авдаг. Хэрэв тоолууртай болчих юм бол халааж буй м.кв-ын хэмжээгээр буюу хэрэглээгээр нь дулааны төлбөр гарна. Орон сууцтай айл өрхүүдийн зарим угсармал барилгуудад тоолуур тавих боломжгүй. Учир нь 70 орчим мянган айлын нэг өрөөнийх нь халаалтын босоо шугам дээд айл руу нь дамжсан байдалтай байна. Тэдгээр айлд дулааны тоолуур тавих боломжгүй. Энэ тохиолдолд Европын улс орнууд яадаг вэ гэвэл халаалтын зардал хуваарилах төхөөрөмжийг паар дээрээ суурилуулсан байдаг.

Дулааны тоолуур тавих боломжтой 170 гаруй мянган айл, өрх Улаанбаатар хотод байгаа. Гэхдээ коллекторт нь дулааны тоолуур тавьдаг учраас коллекторын хайрцгийг томсгох, багасгах зэрэг сантехникийн жижиг ажлууд хийгдэх магадлалтай. Үлдсэн 63 мянган айл, өрхөд дулааны тоолуур, халаалтын зардал хуваарилагч аллокаторын аль алийг нь суурилуулах боломжгүй. Гэхдээ сантехникийн дотор холболтыг өөрчилбөл боломж үүснэ. Өөрөөр хэлбэл, тухайн байшингийн доор тоолуур суурилуулж м.кв-д нь хуваах замаар шийдэх боломж харагдаж байна. Гэхдээ эхний ээлжинд тоолуур суурилуулах боломж, нөхцөлтэй айл, өрхүүдийг тоолууржуулах ажлыг нэгдсэн байдлаар хэрэгжүүлнэ. Дараа нь аллокатор шаардлагатай айл өрх, байгууллагууд руу чиглэнэ. Шинээр баригдах барилга болгон энэхүү тоолуурыг суурилуулсан байх ёстой гэсэн шаардлагыг дүрэм, журамд нь оруулж өгвөл ашиглалтад орохдоо дулааны тоолууртай байх талаар ярилцаж байгаа.

-Орон нутгийн айл өрх, байгууллагууд дулааны тоолууртай болж болох уу?

-Эхний ээлжинд Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд холбогдсон хэрэглэгчдээ дулааны тоолууртай болгох байх. Цаашдаа орон нутгийг хамруулна гэж харж байна.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

Ө.АНХЗАЯА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000