Засгийн газрын өр, ДНБ-ий харьцаа дефольт болох эрсдэл дагуулж байна

Д.Тулга / Эдийн засаг

zasag

Дефольт гэдэг нь товчхондоо зээлийн хүүгээ цагт нь төлөөгүй, эсвэл өрийн гэрээний дагуу үндсэн өрөө төлөөгүй, зээлээр гаргасан облигацийнхаа нөхцлийг биелүүлээгүй явдлыг хэлдэг.

Орлого багатай улс орны Засгийн газрын өр, дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа 50 хувиас дээш гарвал дефольт болох эрсдэлтэй, өрийн эмзэг байдал өндөр гэж үздэг билээ.

Монгол Улсын Засгийн газрын нийт өрийн үлдэгдэл 2017 оны жилийн эцсийн байдлаар 22.7 их наяд төгрөг болж, өнөөгийн үнэ цэнээр дотоодын нийт бүтээгдэхүүний 74.4 хувьтай тэнцэж байв. Үүний 18.6 хувийг дотоод өр, 74.1 хувийг гадаад өр, 7.3 хувийг өрийн баталгаа эзэлжээ.

Монгол Улсын Сангийн яамнаас тооцоолсон 2018 оны урьдчилсан үзүүлэлтээр Засгийн газрын өр, дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа 63.4 хувьтай байгаа нь өндөр эрсдэлтэйг эдийн засагчид хэлж байна.

Төсвийн хүрээний мэдэгдэлд энэ онд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг найман хувьтай байхаар төсөөлжээ. Хэрэв энэ өсөлтөд хүрэхгүй бол өр, дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа 63 хувиас дээш давах болж байна.

zasag

Сангийн яамнаас “Засгийн газрын өрийг үе шаттайгаар бууруулах бодлого баримтална” гэж мэдээлж буй юм. Тухайлбал, 2019 оны Төсвийн хүрээний мэдэгдэлд Засгийн газрын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг 55.3 хувьд, 2020 онд 47.8 хувьд, 2021 онд 41 хувьд хүргэхээр төлөвлөсөн байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сүүлийн хоёр жил Засгийн газрын өрийг 2.8 их наяд төгрөгөөр бууруулсан талаар мэдээлсэн. Дотоодод өндөр хүүтэй бондуудыг бага хүүтэй бондоор сольсон нь 2018 оны Төсвийн хүрээний мэдэгдлийн батлагдсан түвшнээс 25 нэгж хувиар бууруулсан үзүүлэлт болжээ.

2016 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулан, өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн Засгийн газрын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулсан харьцааг 2016 оны төсвийн жилд 88.0 хувиас эхлэн жил бүр бууруулж, 2021 онд 60.0 хувиас тус тус хэтрүүлэхгүй байхаар хуульчилсан.

Эдийн засагчид “Өрийн таазыг тодорхойлсон хуулийг байнга өөрчилж ирсэн нь тогтвортой тогтолцоог гажуудуулж байна” гэж үзэж байна. Иймд зөвхөн өр, дотоодын нийт бүтээгдэхүүний харьцааг хуульчилж өгөхөөс гадна өрийн таазтай уялдуулж төсвийн зардлыг танах зохицуулалтыг хуульд шингээж, тогтолцоог өөрчлөх шаардлагатай байгаа ажээ.

Д.ТУЯА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000