Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харъяалах Байнгын хороодод шилжүүлэв
Гааль, НӨАТ-ыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын өнөөдрийн (2019.10.18) үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаан 15 цаг 16 минутад 54.7 хувийн ирцтэйгээр эхэлж, Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв.
Төсөл санаачлагчийн илтгэлийн Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар танилцууллаа. Засгийн газраас газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг хэрэгжүүлэх үүрэг бүхий 100 хувь төрийн өмчит компани байгуулахыг 2017 оны 92 дугаар тогтоолоор холбогдох сайд нарт үүрэг болгосны дагуу 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулагдсан. Уг компани нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг БНЭУ-ын Экспорт импортын банкны 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж эхлэн 2023 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа гэв. Үйлдвэрт шаардлагатай төмөр зам, авто зам болон цахилгаан хангамж зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд бүрэн хийгдэж дууссан төдийгүй үйлдвэрийн технологийн хувьд унд, ахуйн усан хангамжийг шийдэж, үйлдвэрийн хэрэгцээнд зориулан нийт 405 га газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад байгаа аж. Төслийн менежментийн үйлчилгээний гэрээг БНЭУ-ын “Инженерс Индиа Лимитед” компанитай энэ оны 05 дугаар сард байгуулснаар үйлдвэрийн зураг төсөл боловсруулах болон дараагийн шатны ажлууд хийгдэх нөхцөл бүрдээд байна. “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 129 дүгээр тогтоолоор үүрэг болгосны дагуу Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны бүтээн байгуулалтад шаардагдах, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортын бараа материал, барилгын материалыг гаалийн татвараас хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
Уг асуудлыг хэлэлцсэн Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа танилцууллаа. Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт барих газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны барилга байгууламжийн үндсэн хөрөнгө бий болгоход шаардагдах, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй бараа материалд тухайн татварын жилд ногдуулан төлсөн гаалийн албан татварыг 100 хувь хөнгөлж дараа жилийн эхний улиралд багтаан буцаан олгох нь зүйтэй. ингэснээр газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөлд төрөөс үзүүлэх бодитой дэмжлэг болно гэж төсөл санаачлагч Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр газрын тосны үйлдвэр шинээр байгуулан банкнаас зээл авч үйл ажиллагаа нь эхлэх учраас үйлдвэрийн бүтээн байгуулалтын зардал өсөхөөс болгоомжлох хэрэгтэй, цаашид зээл аваад буцааж төлдөг хэлбэр нь зөв үү гэдгийг анхаарах нь зүйтэй гэсэн саналыг гаргасан болно. Гаалийн албан татварыг хөнгөлж. буцаан олгох тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж. чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Төсөл санаачлагчийн илтгэл, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, О.Баасанхүү, Ч.Содбаатар, Ж.Ганбаатар, Д.Хаянхярваа, Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж Д.Сумъяабазар сайд болон ажлын хэсгийн гишүүдээс тодруулга хийв. Мөн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Хаянхярваа нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн. Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд 58.1 хувийн саналаар дэмжив. Иймд Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харъяалах Байнгын хороонд шилжүүлэв.
Дараа нь Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлсэн. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа нар тус тус танилцуулсан юм. Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт барих газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны барилга байгууламжийн үндсэн хөрөнгө бий болгоход шаардагдах, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй, импортоор оруулах бараа материалыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх нь зүйтэй, ингэснээр төслийн нийт хөрөнгө оруулалтын зардлыг 10 хувиар бууруулах боломж бүрдэх юм гэж үзэж хууль санаачлагч хуулийн төслийг боловсруулсан байна.
Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн газрын тосны үйлдвэр барих төслийг хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага байгаа боловч түүхий эдийн нөөц хангалтгүй байгаа учраас газрын тосны хайгуулын ажлыг эрчимжүүлж баталгаат нөөцийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах. үүний тулд хуучин хайгуул хийж байсан газруудыг бүрэн ашиглах. цаашид газрын тосны салбарыг хөгжүүлэх, салбарын бие даасан бодлогыг хэрэгжүүлэх үүднээс бие даасан агентлаг байгуулах. мөн газрын тосны эрэл, хайгуулын чиглэлээр төрийн өмчит компани байгуулах талаар Засгийн газар онцгой анхаарч ажиллах, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн үйл ажиллагааг олон улсын стандартын дагуу сайн засаглалын түвшинд хөгжүүлэх шаардлагатай байна гэсэн саналыг гаргасан гэв. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж. төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Төсөл санаачлагчийн илтгэл, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Түүнчлэн газрын тос боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулалтын зардыг 10 хувиар бууруулах ач холбогдолтой дээрх хуулийн төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсэн юм. Ийнхүү санал хураалт явуулахад гишүүдийн 51.2 хувь нь дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.
Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ
Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан. Уг асуудлыг хэлэлцсэн Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулав. Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь III” төслийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Төсвийн байнгын хороо 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ.
Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Эрдэнбат нар асуулт асууж, Сангийн сайдаас хариулт, тайлбар авлаа. Уг төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг 57.9 хувийн саналаар дэмжсэн. Иймд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Хуулийн төслийг төсөл санаачлагчид нь буцаахаар шийдвэрлэв
Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа танилцуулав.
Улсын Их Хурлаас 2010 онд шинэчлэн найруулж баталсан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд “химийн хорт болон аюултай бодис импортлох, хил дамжуулан тээвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход 1 200 000-3 000 000 төгрөг” гэж заасан нь химийн хорт болон аюултай бодисыг бага хэмжээтэй импортолж, ашигладаг эрдэм шинжилгээний хүрээлэн, их, дээд сургууль, лабораториуд худалдан авч байгаа бодисынхоо үнэнээс хэд дахин их тэмдэгтийн хураамж төлж байгаа нь химийн хорт болон аюултай бодисыг хууль бусаар импортлох, нэг зөвшөөрлөөр аль болох их хэмжээтэй бодис авах сөрөг үр дагавар үүсч байгаа аж. Иймээс аж ахуйн нэгж, байгууллагуудад үүсч буй дээрх хүндрэл бэрхшээлийг арилгах зорилгоор улсын тэмдэгтийн хураамжийн дээд доод хязгаарыг өөрчлөн “химийн хорт болон аюултай бодис импортлох, хил дамжуулан тээвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход 50.000-20.000.000 төгрөг” болгохоор хуулийн төслийг боловсруулсан байна. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжиж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Төсөл санаачлагчийн илтгэл, Төсвийн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Д.Эрдэнэбат, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, хариулт авав. Жилд 839 сая тонн хортой бодис улсын хилээр орж ирж байгаа тохиолдолд тэдгээрийг хадгалах, хамгаалах, цаашлаад ашиглалтын дараа устгах бодлого байхгүйг байгааг Д.Тэрбишдагва гишүүн хэлсэн. Ийн гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй хэмээн үзсэн. Иймд төслийг төсөл санаачлагчид нь буцаахаар шийдвэрлэсэн.
Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ
Үргэлжлүүлэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Үйлдвэрлэл, технологийн паркийн харилцааг зохицуулж буй хууль хоорондын зөрчлийг арилгах, судалгаа, шинжилгээний үр дүнд суурилан үйлдвэрийг хөгжүүлж, шинэ дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, нутагшуулах, технологийн тасралтгүй хөгжлийг хангах санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх, төрөөс паркийн удирдлага, нэгжид үзүүлэх дэмжлэгийг тодорхой болгох, паркт хөрөнгө оруулалт татах, бизнес эрхлэх тогтвортой эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор хуулийн төслийг Засгийн газраас санаачилжээ. Эдийн засгийн байнгын хорооны 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн дээрх төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн гэв. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийн үзэл баримтлалыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжиж, Улсын Их Хурлын гишүүд гадаад, дотоод зах зээлд гарах бодлоготой уялдуулан үйлдвэр, технологийн паркийг хөгжүүлэх, татварын хөнгөлөлтийн асуудлыг сайтар судалж, хуулийн төсөлд тусгах саналыг гаргасан байна. Мөн үйлдвэр, технологийн паркийг хөгжүүлэх бодлого, хэрэгжилтийн асуудлыг хариуцсан институцийг тодорхой болгох, бодлогын нэгдмэл байдлыг хангах чиглэлээр холбогдох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгах, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Сангийн яам, Үндэсний хөгжлийн газрыг оролцуулсан өргөтгөсөн ажлын хэсгийг байгуулан ажиллах саналыг тус тус гаргажээ.
Д.Сумъяабазар сайдын танилцуулга, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Б.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр нар асуулт асууж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болон ажлын хэсгээс хариулт авлаа. Салбарын яамны зүгээс уул уурхай, хүнд үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулж Эрдэнэт, Тавантолгой, Сайншандын газрын тосны үйлдвэр дээр суурилсан хүнд үйлдвэрийн аж үйлдвэрийн паркийг байгуулах нь оновчтой, үр дүнтэй гэж үзсэн гэлээ.
Төслийн хэлэлцэхийг дэмжиж буйгаа Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, О.Содбилэг нар илэрхийлсэн юм. Мөн Д.Эрдэнэбат, Ж.Ганбаатар, С.Бямбацогт нар үг хэлснээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.
Сэтгэгдэл