НӨАТ-ын буцаан олголтыг ядаж таван хувь болгочиход л Монголын эдийн засаг сэгхийгээд босоод ирнэ дээ
-Дампуурлаа зарлан баларч байсан Грект гэхэд 23 хувийн буцаан олголт олгодог-
Татвар нэмнэ л гээд дайраад байхаас ядарсан ард түмнийхээ алгыг жаахан ч гэсэн тэнийлгэе гэх бодолгүй төр засагтаа, тэр дундаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт цаанаасаа нэг гомдоод байх юм. Гомдлоо гээд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болохоор боож үхэх бор шидмэс ч олдохгүй борог амьдралтай ард бид чинь ядуурч, зүдүүрч, ягтаж зовж л суух юм. Гадны улс оронд Нэмүү өртгийн албан татварын буцаан олголт гэж 7.7-25 хүртэл хувийг олгодог тухай УИХ-ын Хэвлэлийн албанаас ирүүлсэн мэдээнээс уншаад үнэндээ гутарлаа. Эрх баригчид минь, эрдэнэсийн санг баригчид минь та бүхэнд гутарч гунихын шалтгаан юу вэ гэвэл биднээс авсан өчнөөн их татвар татаасынхаа цөөхөөн хувийг ч гэсэн буцаан олгож болдоггүй юм уу гэсэн цөхрөл горьдолт цээжинд төрөөд байна л даа. Өвлийн тэсгим улирлыг ардаа хийсэн хөр хунгар цасан хаврын цас ороход “Хүний дүү өөд нь татдаг, миний дүү уруу татдаг” гэж гашуудан хайлан урсаж оддог гэсэн ёгт үг бий. Тэгвэл манай төр засгийнхан ёстой л амьдрал аж төрлийг уруу татдаг юм уу гэмээр ард түмнээ дэндүү дорд үзэж доромжлох юм.
УИХ-ын гишүүн Н.Оюундарь, С.Бямбацогт нарын гишүүд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулснаа УИХ-ын дарга Г.Занданшатарт уржигдар өргөн барилаа. УИХ, Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг татварын бодлогоор дэмжих, татварын энгийн ойлгомжтой, тэгш шударга зарчмыг хангах, олон улсын жишигт нийцүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн үе шаттай, тодорхой арга хэмжээний нэг нь 2015 оны долоодугаар сарын 01-ний өдөр баталж, 2016 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж байгаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль юм. “Уг хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар татварын хуулийн хэрэгжилтэд татвар төлөгчдийн оролцоотойгоор хяналт тавих, татвар төлөгчийг урамшуулах, бүртгэл, хяналтын тогтолцоог сайжруулах замаар бизнест ээлтэй, тэгш шударгаар өрсөлдөх боломжийг бий болгох, далд эдийн засгийг бууруулах эрх зүйн таатай орчин бүрдсэн” гэж албаныхан өөдрөг юм өгүүлдэг. Манайд НӨАТ-ын буцаан олголт хоёр хувьтай байгаа. Тэрийгээ жилдээ нэг олгохдоо “Олгоно, олгохгүй” гэж бөөн юм болдог нь нууц биш.
Мөнөөх УИХ-ын Хэвлэлийн албанаас ирүүлсэн мэдээлэлд “Дэлхийн бусад орнуудад нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын хэмжээ өндөр байдаг аж. Тухайлбал, БНСУ-д үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх буцаан олголт олгодог бол Швейцарьт 7.7, Японд найм, Люксембургт 17.1, Германд 19, Англи, Австри, Монакод 20, Португали, Грект 23, Дани, Испани, Норвеги, Швед зэрэг улсад 25 хүртэлх хувийг буцаан олгодог байна” гэж цагаан цааснаа хар хороор мөн ч дурайтал сайхан бичжээ. Үүнийг уншаад л нөгөө муу өвлийн цасны үг санаанд ороод “Хүний улс орны удирдагчид, Сангийн сайд нар ямар ч сайхан сэтгэлтэй юм. Тэгэхэд миний Монгол Улсын Сангийн сайд ямар муухай бэртэгчин, харамч хахир юм” гэсэн гунигт бодол дотор огшоогоод, нулимс аяндаа мэлтэлзүүлээд ирэх юм. Хар ухаандаа Ч.Хүрэлбаатар сайддаа л гомдоод байгаа хэрэг шүү дээ. Сангийн сайд Хүрэлбаатар 2019 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр сэтгүүлчид тойруулж зогсож байгаад “НӨАТ-ын буцаан олголтыг нэмнэ гэдэг чинь сонгуулийн шоу шүү дээ. Энэ бол ганц Монголд биш дэлхий даяар л гарч байсан шоу. Энийгээ шоу хийж байгаа хүмүүсээсээ очиж асуух хэрэгтэй” гэж биднийхээ ам руу алгадаж, аягаа уруу нь харуулж шидэх юм даа. Бид өгсөн мөнгөнийхөө цөөхөн хувийг, за ядаж арваа байг гэхэд таван хувийг нь буцаан олголтоор авъя гэж бодитой юм ярьж байхад сонгууль монгууль ярьж, сандал ширээ зүүдлээд эрх мэдэл, албан тушаалаа л хадгалахыг тэсэн ядан, тэчьяадан хаацайлсан мөн ч дүүрчихсэн тэнэг сайд юм даа.
НӨАТ-ын буцаан олголт өнөөдрийнхтэй адил хоёрхон хувь биш байсан бол монголчууд байр, гудамжныхаа жижиг мухлаг дэлгүүр, захын лангуу, хүнсний ТҮЦ-үүдэд E баримтаа хулхидуулж алдахгүй л байх байсан. Бараа, үйлчилгээ, худалдан авалтын НӨАТ-ын буцаан олголт ядаж арван хувьтай байхад л хүн бүхэн Е баримтаа нэхэж авдаг болчихно. Хэрвээ баримтаа заавал авдаг болчихвол татвараа нуудаг мөнөөх жижиглэнгийн амьжиргаатнууд посс машин авахаас аргагүй байдалд орно. Үүнийг албаны тайлан мэдээ ч нотолж байгаа. Тухайлбал, посс машин хэрэглэгчийн тоо 2016 онд 65.199, 2017 онд 88.010, 2018 онд 118.876 болж өсөн, мэдээллээ цахим төлбөрийн баримтын санд илгээж хэвшсэн нь үүнийг нотолно. “БНСУ-д үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх буцаан олголт олгодог бол Швейцарьт 7.7, Японд найм, Люксембургт 17.1, Германд 19, Англи, Австри, Монакод 20, Португали, Грект 23, Дани, Испани, Норвеги, Швед зэрэг улсад 25 хүртэлх хувийг буцаан олгодог” гээд уншихад мөн ч урамтай сайхан. Гэтэл манайх хоёрхон хувь шүү гэж бодохоор л гол зураад, гол горойгоод явчихаж байгаа юм. Дээр нь Хүрэлбаатарын хүйтэн үг дотор нухаад горойлгоно.
“Дампуурлаа зарлан баларч байсан Грект хүртэл 23 хувийн буцаан олголт олгодог юм байна” гээд хүний л улс гүрэнтэй өөрийн улсаа харьцуулаад эхэлнэ. За тэр, Испани, Норвеги, Швед зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудтай барьцаад яах вэ гэж бодоход Япон, Солонгосын хэмжээнд долоо найман хувь болгоод нэмчихэд л мань мэт нь “Хүргэн хүү” киноны Жамц баян хүргэн Дэмбэрэлээ “Манай Дэмбэрэл юм үзээгүй юм болохоор баярлаад явчихна” гэдэг шиг л хөөрөөд, нүдэнд аяндаа гал дүрэлзээд явчихна шүү дээ. Тэр ч урмаараа Е баримт өгдөггүй “хулхины” жижиг газруудаас тойрч зугтаад, улсад татвараа үнэнч төлдөг худалдаа, үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэх сонирхолтой болцгоочихно. Энэ бол ёстой нэг баталгаатай эдийн засгийн хөшүүрэг мөнөөс мөн байлтай. Тэгэхэд Сангийн сайд ард түмнийг яавал нэг туйлдуулчих вэ гэсэн аятай л “татвар нэмнэ, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлнэ, АМНАТ-ийг давхардуулж авна” гэх мэтээр солиу гажуу юм ярьж суух юм.
Сэтгэгдэл
ТАТВАРын байцаагч ажлаач [103.229.121.130] 2019-12-29 02:21:18
ХУВЬ нэмэхгүй гэхэд АДАГЛААД захуудыг төлбөрийн баримт өгдөг болгооч. ЭНД хариуцсан ТАТВАРЫН байцаагч нар ажлахгүй байна. ИРГЭД гомдол гаргавал торгох боломжтой гэж яриад сууж байж болохгүй. ТАТВАРынхан баримт өгөхгүй захуудыг бүү ажлуулаач, ТЭГЭХЭД ТЭД БАРИМТ өгөөд л эхлэнэ дээ.
Зочин [202.55.188.87] 2019-12-28 14:26:43
Буцаан олголтыг нэмээд хэрэггүй,харин ноат татварын хувийг бууруулаад нийт бизнес эрхлэгчдийг жигд татварт албан ёсоор хамруул.
Зочин [113.65.30.3] 2019-12-28 07:02:18
Bitgii tenegt, jargasa zalhuu mongolchuudaa
Зочин [202.126.88.177] 2019-12-28 05:38:50
Бууаан олголтын хувийг нэмээч ээ хулгайч дарга нар чинь үүнээс ихиыг идэж байна ард түмэнд яагаад энэ ѳ чүүхэн % олгож болохгүй гэж
энх [202.126.88.177] 2019-12-28 05:37:35
Бууаан олголтын хувийг нэмээч ээ хулгайч дарга нар чинь үүнээс ихиыг идэж байна ард түмэнд яагаад энэ ѳ чүүхэн % олгож болохгүй гэж