Элсэгчдэд зориулсан танин мэдэхүйн зөвлөгөө

Их, дээд сургуульд элсэгчдийн элсэлтийн ерөнхий шалгалт долдугаар сарын эхний долоо хоногт багтаж зохион байгуулагдах товтой байна. Тиймээс ЭЕШ-д бэлтгэн суугаа элсэгчдэд хэрэгтэй зарим мэдээллийг хүргэж байна.
Элсэгчид суудлын хуваариа хэзээ авах вэ?
Юуны өмнө элсэгчид маань бүртгэлийн хуудсаа хаанаас, хэзээ авахыг хэлж өгье. 2020 онд ЕБС төгсөж буй шалгуулагчид www.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-гаас QR код бүхий бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сургуулийн захирлаар гарын үсэг зуруулан тамга даруулж баталгаажуулна.
Харин өмнөх онд төгссөн шалгуулагчийн бүртгэлийн хуудас нь QR кодоор баталгаажсан байх бөгөөд шууд хэвлэн авна. Харин суудлын хуваарь буюу ЭЕШ өгөх шалгалтын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудсаа өөрийнхөө бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авах юм байна. Хугацааны хувьд, зургадугаар сарын 1-нээс суудлын хуваарь хэвлэлт эхэлжээ.
ЭЕШ-д сонсоод ойлгох чадварын даалгаврыг оруулахгүй
Энэ онд ЭЕШ өгөх 10 хичээлийн ерөнхий блюпринт батлагдсан байна. Блюпринт нь тухайн шалгалтын зорилгоосоо хамаарч судлагдахууны агуулгын хүрээнд, даалгаврыг гүйцэтгэх хугацааг тооцон хэдэн даалгавраар шалгалт авах вэ гэсэн даалгаврын бүтцийг тодорхойлсон үнэлгээний баримт бичиг юм. Харин энд нэг зүйлийг онцлоход, энэ жилийн ЭЕШ-д Монгол хэл, Англи хэл, Орос хэлний хичээлүүдийн сонсоод ойлгох чадварыг шалгах даалгавруудыгшалгалтад оруулахгүй байх зохицуулалтыг хийгээд байгаа аж.
Хариултын хуудас гэж юу вэ?
Хариултын хуудас гэдэг нь компьютерийн програм ашиглан тусгай машинаар уншуулж дүгнэхэд зориулагдсан, технологийн нууцлал, тестийн хариултыг тэмдэглэх хэсэг бүхий тусгайлан бэлдсэн бичгийн цаасны хэмжээтэй хуудас юм.
Түүнийг хэрхэн бөглөх вэ?
ЭЕШ-ын хариултын хуудсыг бөглөхөө дараах зүйлсийг анхаараарай.
• Хариултын хуудасны I,II хэсгийн бөглөх хэсгээс бусад газар ямар нэгэн тэмдэглэгээ хийж болохгүй бөгөөд хийсэн тохиолдолд засагч машинаар уншуулах үед таны хариултын хуудас хүчингүй болох магадлалтай тул үүнийг анхаарна уу. Өөрөөр хэлбэл, хариултын хуудасны дээд болон баруун хэсэгт байрлах зураасан тэмдэглэгээ дээр балаар нэмж зурах зэргийг хориглоно.
• Сонгох хэлбэрийн хариулттай даалгаврыг гүйцэтгэн хариултыг тэмдэглэхдээ хариултын хуудасны I хэсэг дэх даалгаврын дугаарын арын эгнээн дэх үсгэн тэмдэглэгээнд тохируулан зөвхөн нэг хариултыг сонгож заавар журмын дагуу будаарай.
Аливаа шалгалттай холбоотой сэтгэл түгшилт шалгалт өгөгч хэн бүхэнд үүсдэг. Амралтын энэ өдөр шалгалтандаа хичээнгүйгээр бэлдэж суугаа төгсөгчиддөө айдсаа хэрхэн даван туулах талаар танин мэдэхүйн мэдээлэл хүргэж байна.
Шалгалтын айдас хэт их байх тохиолдолд хүүхэд заримдаа Blackout-д орох буюу манайхны хэлдгээр самуурлын байдалд (паниканд) ордог. Толгой хоосорсон мэт санагдаж, мэддэг зүйлээ ч санахаа больчихно. Шалгалтаас айх үед сурах гээд ч олигтой сурч чадахгүй, сурсан мэдсэнээ ч санахаа болих үе тохиох тул эцэг эх, багш хүмүүжүүлэгчид шалгалтын айдсаа хэрхэн даван туулахад нь хүүхдүүддээ туслах хэрэгтэй.
1. БОДОЛ САНААГАА УДИРДАН ЖОЛООД
Хамгийн шилдэг, үр дүнтэй арга бол бодол санаагаа жолоодох арга юм. Шалгалт гэхээр хүмүүс ихэвчлэн бүтэлгүйтэх талаар бодож, бүтэлгүйтэж болох болгоныг төсөөлж, өөрөө өөрсдөдөө айдсыг үүсгэдэг. Түүнчлэн өөрийгөө голж “Би үүнийг тэртээ тэргүй ойлгохгүй” гэж бодох нь хэвийн үзэгдэл. Ийм бодлууд айдсыг улам тэтгэхээс гадна сурах цаг, энергиэс сорж байдаг.
Үүний оронд өмнө нь гаргасан тодорхой амжилтыг эргэн санах нь тус болох үе бий. Үүнийхээ үндсэн дээр “Би чадна аа”, “Тайван байя. Юмаа нэг нэгээр нь хийе” зэргээр өөдрөг бодол өөртөө төрүүлэх хэрэгтэй. Харин шалгалтын айдас хэт их тохиолдолд итгэж ойлголцдог багштайгаа ярилцах эсвэл сургуулийн сэтгэлзүйчид хандах хэрэгтэй.
2. ТАЙВШРУУЛАХ ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ
Зарим хүүхэд шалгалтаас маш их айж, шалгалтын хуудсыг гартаа барьж, ганц харц чулуудаад л толгой нь хоосорсон мэт болдог. Үнэн хэрэгтээ энэ бол хурц стрессийн үр дагавар болох Блэк-Аут (Blackout) юм.
Айх дохиогоор л бие адреналин, норадреналин зэрэг гормонууд, кортизолыг ялгаруулж эхэлдэг. Кортизол хэт их ялгарахад тархины хиппокампус дахь нервийн эсүүд бүрэн хаагдах буюу блоклогддог. Гэтэл хиппокампус мэдээллийг ой санамжид хадгалах, ой санамжаас сэргээх үүрэгтэй тархины хэсэг юм.
Гэхдээ үүнд ч гэсэн туслах арга бий. Тархинд аюулгүй гэсэн дохио өгч, мартахаас сэргийлэх хэрэгтэй. Үүний тулд амьсгалын дасгал, тайвшруулах дасгал хийж болно. Эсвэл гоё, сайхан зүйлийг төсөөлж бод. Түүнчлэн сайхан дуу дуулах, анхилуун үнэр ч тайвшрахад нөлөөлдөг.
3. ЧАДАХААСАА ЭХЭЛЖ ХИЙ
Шалгалтын хуудсаа аваад даалгавруудыг эхнээс нь дуустал хийх гэж оролдох хэрэггүй. Тэгвэл хүнд хэцүү даалгавар дээр гацаж хугацаа их алддаг. Үүний оронд чадах, амархан даалгавруудыг эхэлж хийгээд эцэст нь хэцүүгээ хийгээрэй.
4. ХӨДӨЛГӨӨН ХИЙ
Хөдөлгөөн биеийг чөлөөлж, оюуны ачааллаас гаргаж, биеийг тэнцвэржүүлдэг. Дасгал хөдөлгөөн, спорт хийхэд заавал цаг гаргах хэрэгтэй. Хичээлээ удаан уншиж давтвал хэсэг түүнээсээ хөндийрч, хөдөлж, агаар амьсгалах хэрэгтэй.
Хүн хичээл хийх цагаараа өөр юм хийлээ хэмээн өөрийгөө буруутгах хандлагатай байдаг. Гэтэл завсарлаж биеэ сэргээхгүйгээс сурах үр дүн улам бүр буурдаг. Харин хөдөлгөөн, эрүүл агаар тархины цусны эргэлтийг сайжруулж, сэргээнэ. Хичээлээ улам сэргэг давтана.
5. АЛХАМ АЛХМААР ХИЧЭЭЛЭЭ ДАВТ
Хичээлээ яаж давтахаа тодорхой төлөвлөх нь үр дүнтэй. Шалгалт хүртэл хэчнээн бага хугацаа үлдсэн ч давтах хичээлээ өдөр өдрөөр порцолж, хэсэгчилж хуваарилах хэрэгтэй. “Маргааш ёстой давтаж эхэлнэ ээ” гэж бодсоноос “Би маргааш 10-12 цагийн хооронд номынхоо 20-21-р нүүрийн дасгалуудыг хийнэ” гэж төлөвлөсөн нь илүү үр дүнтэй. Хэт их зүйлийг өмнөө харалгүйгээр бага багаар, алхам алхмаар ард нь гарах нь илүү амар байх болно.
Сэтгэгдэл