Сураггүй алга болсон Сөүл хотын захирагчийн цогцсыг олжээ

Aдмин / Гадаад мэдээ

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын захирагч Пак Вон Суны цогцсыг цагдаагийнхан олжээ. Түүнийг алга болсны дараа өчигдрөөс эрэн хайж байв. Цагдаагийн урьдчилсан дүгнэлтээр түүнийг амиа егүүтгэсэн гэж үзжээ.

64 настай Пак Вон Суныг алга болсон талаар өчигдөр охин нь мэдээлжээ. Түүний хэлснээр аав нь гэрээсээ гараад эргэж ирээгүй байна. Алга болохоосоо өмнө зурвас үлдээсэн бөгөөд энэ нь охиныг нь ихэд цочирдуулсан тул цагдаагийнхныг дууджээ.

Ассошиэйтед пресс агентлагийн мэдээлснээр Пак Вон Сун пүрэв гарагт ажилдаа ирээгүй тул түүний оролцох ёстой байсан бүх уулзалт, үйл ажиллагаа цуцлагдаад байв. Пакийн дүрс 10:53 цагт Сонбүк-гү дүүргийн ойн бүсийн ажиглалтын камерт үлдсэн бөгөөд түүний утасны хамгийн сүүлийн дуудлага энэ байршилд бүртгэгджээ.

Хотын захирагчийг эрэн хайх ажиллагаанд 600 орчим цагдаа, онцгойгийн алба хаагчид оролцож, сургуультай ноход болон дрон ашиглан эрэн хайсан байна. "Түүнийг эсэн мэнд оллоо, одоогоор эмнэлэгт хүргэсэн байна" гэх цуурхлын дараа олон хүн Сөүлийн их сургуулийн улсын эмнэлгийн гадаа цуглажээ.

Пакийг алга болохоос өмнө хамт ажиллаж байсан эмэгтэй ажилчдынх нь нэг түүнийг өөрт нь бэлгийн дарамт учруулсан хэрэгт буруутгаж байв. Гэвч цагдаагийнхан энэ мэдээллийг баталгаажуулаагүй байна.
Энэ мэдээлэл нь түүний үхэлтэй холбоотой эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа ажээ.

Ерөнхийлөгчид нэр дэвшигч

Пак Вон Сун анх 2011 онд Сөүл хотын захирагчаар сонгогджээ. Өнгөрсөн оны долоодугаар сард гурав дахь удаагаа сонгогдсон байна. Сөүлийн захирагч 2022 оны ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч Тобүро Ардчилсан намаас нэр дэвших өндөр магадлалтай хүн байв.

Тэрбээр 1982 оноос хойш өмгөөлөгчөөр ажилласан бөгөөд хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн байна. 1970-аад оны сүүлд тэрбээр Пак Чун Хигийн дарангуйллыг эсэргүүцсэн оюутны жагсаалд оролцсоныхоо төлөө Сөүлийн үндэсний их сургуулиас хөөгджээ. Түүний дараа хэдэн сар шоронд хоригдсон байна.

1993 онд тэрбээр Харвардын их сургуулийн эрх зүйн сургуульд судлаачаар ажиллаж байжээ. Сөүлийн захирагч байхдаа Пак Вон Сун хотын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож байв.

Эх сурвалж: ВВС


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.85] 2020-07-10 14:18:25

Маш өндөр ёс суртахуун байна даа Манайхан бол хүчин хийсэн ч \томчууд \ юүн сүртэй юм вэ гээд дараачийн хүчингээ хийх бэлтгэлдээ гарна даа

Зочин [192.82.74.35] 2020-07-10 04:41:06

Um mani


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.