Б.Батхишиг: Ерөнхийлөгчийн Тамгын газар бол Монголын нийгмийн бүх талын асуудлыг хамаардаг, “универсаль” байгууллага гэдгээрээ төрийн бусад байгууллагаас ялгагдана

Aдмин / Хууль

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын 30 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Б.Батхишигтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-Та Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгчийн үед Тамгын газрыг удирдаж явсан хүн. Ерөнхийлөгчийн ажлын алба гэдэг утгаараа үйл ажиллагаа нь ямар онцлогтой байдаг талаар өөрийн санаа бодлыг хуваалцахгүй юу?

-Би 1997-2001 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх, 2001-2005 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байв. Миний өмнө тус газрыг Монголын нэртэй улс төрчид Ч.Дашдэмбэрэл, Б.Түмэн, М.Энхсайхан, Б.Чимэд, С.Баяр нар удирдаж байсан болохоор Ерөнхийлөгчийн Тамгын газар нэр хүндтэй байгууллага болсон байв.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албан тушаалыг авсны дараа тус байгууллагыг яаж удирдаж явах вэ гэсэн асуулт надад тулгарсан. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 17 дугаар зүйлд “Ерөнхийлөгчийн ажлын алба нь Ерөнхийлөгчийн Тамгын газар байна” гэснээс өөр тодорхой юм байхгүй. Өөрөөр хэлбэл, тус газрын эрх, үүргийг тодорхой зааж өгөөгүй байв. Тэгэхээр Ерөнхийлөгчийн хий гэснийг хийгээд байх уу, эсхүл Ерөнхийлөгчийн Тамгын. газар өөрөө санаачилгатай ажиллаж, ийм ийм юм хиймээр байна гэж Ерөнхийлөгчид санал болгох уу гэдэг асуудал гарч ирсэн. Ингээд энэ хоёр чиглэлийг хослуулах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн.

УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яамд бүгд дор дороо тодорхой үүрэг, чиглэлтэй. Харин Ерөнхийлөгчийн Тамгын газарт оролцохгүй ажил гэж байхгүй. Ерөнхийлөгчийн Тамгын газар зөвхөн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд тусална гээд суугаад байж таарахгүй. Эдийн засаг, аж ахуйн ажилд ч орох хэрэг гарна. Эмнэлэг сургууль, хүүхэд залуучууд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, байгаль орчныг хамгаалах, хөдөө орон нутгийг хөгжүүлэх асуудлаас авахуулаад улс төрийн нам, төрийн бус байгууллага, ардчилал, хүний эрхийн асуудал ч хамаарна. Дээр нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхтэй холбоотой шүүх, зэвсэгт хүчин, үндэсний аюулгүй байдал, гадаад харилцаа, төрийн шагнал, уучлал гээд олон асуудал нэмэгдэнэ. Иймд Ерөнхийлөгчийн Тамгын газар энэ бүх асуудлыг судалж, шийдвэрлэх арга замыг тодорхойлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлах хууль, гаргах зарлиг, хэлэх үг, өгөх ярилцлага зэрэгт тусгах нь түүний гол үүрэг гэж ойлгож, тусгаж, хэрэгжүүлж ирсэн. Үүнээс үзэхэд Ерөнхийлөгчийн Тамгын газар бол Монголын нийгмийн бүх талын асуудлыг хамаардаг. Аль нэг нь бидэнд хамаагүй гээд орхидоггүй. Өөрөөр хэлбэл, “универсаль” байгууллага гэдгээрээ төрийн бусад байгууллагаас ялгагдана.

Энэ бүх асуудлыг Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газар дангаараа шийдвэрлэх аргагүй учир төрийн бусад байгууллагатай харилцаж, хамтран ажиллах арга хэлбэрийг зөв олох хэрэгтэй. Бичиг цаас шидээд нэг их үр дүнд хүрэхгүй. Иймд хамгийн гол нь Ерөнхийлөгчийн гаргаж буй санал, санаачилга нийгэмд зайлшгүй хэрэгтэй, бодит үндэслэлтэй, ард иргэдийн дэмжлэг хүлээх, төрийн бусад байгууллага хүлээн авч хэрэгжүүлэхээс өөр гарцгүй байх ёстой. Чухам үүнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажлын гол онцлог оршино гэж бид үзэж байв.

-Ерөнхийлөгчийн Тамгын газрыг удирдан ажиллаж байхад танд тулгарч байсан сорилт, бэрхшээлүүдийн гаргалгааг хэрхэн гаргаж, шийдвэрлэж байв?

-Янз бүрийн бэрхшээл тулгарч байсан. Жишээ болгож ганцхан баримтыг хэлье. Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх бөгөөд энэ талаар зарлиг гаргавал түүнд Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж хуульд заасан. Энэ заалтыг хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй тулгарч байв. 1997 оны намар Ерөнхийлөгч Н.Багабанди Төв, Сэлэнгэ аймагт томилолтоор ажиллаж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд “Газар тариалангаа сэргээн хөгжүүлье” гэсэн утгатай үг хэлж, уг асуудлаарх бодлого, зорилтоо тодорхойлсон юм. Тэгээд нийслэлд буцаж ирээд “Газар тариаланг сэргээн хөгжүүлэх хөтөлбөр боловсруулах талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай” Ерөнхийлөгчийн зарлигийн төсөл боловсруулаад тэр үеийн Ерөнхий сайдад танилцуулав. Гэтэл Ерөнхий сайд ийм зарлиг гаргах шаардлагагүй талаар эдийн засгийн бодлогын зөвлөх надад баахан тайлбар хийв. Гурил, будааг гадаадаас авчихаж болно. Ийм байхад хүүхдийн зулай шиг болчихсон жаахан газраа дахин хагалж сүйтгээд яахав гэж хэлэв. Ингээд нэгэнт Ерөнхий сайд гарын үсэг зурахгүй гэсэн болохоор зарлиг гаргах аргагүй болов. Би энэ тухай Ерөнхийлөгчид танилцуулаад нөгөө зарлиг гэснээ өөрчилж, “Газар тариаланг сэргээн хөгжүүлэх хөтөлбөр боловсруулах талаар Засгийн газарт тавих санал” гэж нэрлээд илгээсэн билээ. Тэр үеийн Хөдөө аж ахуйн сайд ухаалаг, туршлагатай хүн байсан болохоор уг саналыг хэрэгжүүлж, 1998 оны зун Засгийн газрын хөтөлбөр батлагдсан. Өргөн уудам нутаг дэвсгэртэй Монгол Улс газар тариалангийн бүтээгдэхүүнээр дотоодынхоо хэрэгцээг хангаад зогсохгүй гадаадад гаргах бүрэн боломжтой, тэгэх ч ёстой.

-Ерөнхийлөгчийн Тамгын газрын үйл ажиллагааг төрийн бусад байгууллагатай уялдуулах, хамтран ажиллахдаа юунд анхаарах ёстой вэ?

-Ер нь Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурвын ажил хэргийн болон хувийн харилцаа нийт төрийн ажилд их чухал болох нь мэдрэгдсэн. Хэдийгээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр нэг намын гаралтай ч тэдний хувийн харилцаанаас болоод зарим зөрчил гардаг. Жишээ нь, Ерөнхийлөгч эдийн засгийн юмуу нийгмийн чиглэлийн сайд нарыг хүлээн авч уулзаж, салбарын ажил төрлийн тухай ярихаар Ерөнхий сайд эмзэглэх явдал гарч байв. Ерөнхийлөгч сайд нарыг хүлээн авч үүрэг даалгавар өгч байгаа нь Засгийн газар болон Ерөнхий сайд сайн ажиллаж чадахгүй байна гэж ойлгогдоно хэмээн Ерөнхий сайд бодсон бололтой. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга энэ асуудлаар надтай уулзахад нь би Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд “Батлан хамгаалах, улсын болон эдийн засаг, экологийн аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий байгууллагын эрх баригчдын илтгэл, мэдээллийг сонсоно” гэж заасан тухай хэлж ойлгуулж байсан.

-Монгол Улсын Ерөнхийлөгч гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлдөг. Монгол Улсын гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд Ерөнхийлөгчийн Тамгын газрын гүйцэтгэх үүрэг өндөр?

-Ерөнхийлөгч Н.Багабанди ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Зянь Земин, АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буш болон Европын холбооны гишүүн улсуудын удирдагчидтай дотно, сайн харилцаатай байсан. Тийм ч учир эдгээр улстай хоёр талын харилцаа их сайн хөгжсөн.

Жишээ нь, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад Л.И.Брежнев дарга 1974 онд айлчилснаас хойш 26 жилийн дараа ирж, их өрийн асуудлыг Монголын эдийн засагт дарамт учруулахгүйгээр шийднэ хэмээн тунхаглал гаргаж байв. Ерөнхийлөгч В.Путин Монголд ийнхүү айлчлахдаа ердөө хэдхэн цаг болоод явна гэсэн мэдээлэл аваад бид Багабанди Ерөнхийлөгчид хэлэхэд тэрбээр В.Путинтэй шууд утсаар орчуулагчгүй ярьж, хоёр өдрийн айлчлал болгосон юм. Удаж удаж ирээд хонохгүй явна гэдэг нэг л дутуу санагдсан хэрэг.

Мөн БНХАУ-ын дарга Ху Жиньтао 2003 оны хавар энэ албан тушаалд сонгогдоод анхныхаа гадаад айлчлалын хүрээнд Монгол Улсад айлчлах хүсэлт тавихад Ерөнхийлөгч Н.Багабанди тэр дор нь шийдэж, төрийн айлчлалыг өндөр хэмжээнд зохион байгуулсан. Ийнхүү Ху Жиньтао дарга анхныхаа гадаад айлчлалыг Монголоос эхэлсэн бөгөөд манай улсад 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох болсон билээ.

Ерөнхийлөгч Н.Багабанди 2004 оны 7 дугаар сард АНУ-д айлчлах болоход айлчлалын зэрэг ямар байх талаар асуудал үүсэв. Манай улсын Гадаад хэргийн сайд АНУ-ын Элчин сайдтай ярьж, тус улсын Ерөнхийлөгчийн сонорт уг асуудлыг хүргэснээр албан ёсны айлчлал болгон тодотгож, өндөр хэмжээнд зохион байгуулагдсан юм. Ерөнхийлөгч Ж.Буш, Н.Багабанди нар Цагаан ордны зууван танхимд уулзахад ганц хоёрхон сэтгүүлч оруулж зураг авахуулаад гаргав. Уулзалтын төгсгөлд Н.Багабанди “Монголын хэдэн сэтгүүлч надтай яваа юм, та тэдэнд товчхон ч гэсэн ярилцлага өгөхгүй юү” гэхэд тэрбээр дуртайяа зөвшөөрч, манай сэтгүүлчид зууван танхимд орж, хол газар зардал чирэгдэл болж явсныхаа хэргийг гаргасан билээ.

-Ерөнхийлөгчийн Тамгын газрыг удирдаж байх үедээ тус байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, шинэчлэх чиглэлд та ямар хувь нэмэр оруулсан гэж үздэг вэ?

-Ерөнхийлөгч Н.Багабанди үндэсний түүх, соёлыг дээдлэн хөгжүүлэх, хүүхэд залуучуудад өвлүүлэн үлдээх асуудалд онцгой анхаарч, олон зүйл санаачлан хийсэн юм. Тухайлбал, 2003 онд “Үндэсний их баяр наадмын тухай” хууль, “Чингис хаан одон бий болгох тухай” тогтоол санаачлан батлуулсан. “Чингис хааны 840 жилийн ойг 2002 онд, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг 2006 онд тэмдэглэн өнгөрүүлэх тухай”, ”Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай”, “Үндэсний сурын харвааг хөгжүүлэх тухай”, ”Чингис хааны илгээсэн Монгол төрийн бичиг хэрэглэсний 800 жилийн ойг тэмдэглэх тухай”, “Монголын нууц товчоо”-г мөнхөд эрхэмлэн дээдлэх тухай”, ”Уртын дуугаа өвлөн дэлгэрүүлэх тухай”, “Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал байгуулах тухай” зэрэг зарлиг буулгасан нь үндэсний соёл, уламжлалаа сэргээн хамгаалах, үндэсний бахархал, үзэл суртахууныг түгээн дэлгэрүүлэх, үндэсний эв нэгдэл, нягтралыг бататган бэхжүүлэхэд нэн чухал ач холбогдолтой болсон билээ.

Мөн 1999 онд “Монгол Улсын түүхийг шинээр туурвин хэвлүүлэх тухай” зарлиг гаргаж Монголын түүхч эрдэмтэд уг ажлыг амжилттай гүйцэтгэж, Монголын түүхийн 5 боть 2003 он гэхэд шинээр хэвлэгдсэн.

Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтанд олгох шагнал, дээд сургуулийн шилдэг сурах бичгийн зохиогчид олгох шагнал, морин хуурын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлчид олгох шагнал, шилдэг залуу эмчид олгох шагнал, Монгол судлалын шилдэг гадаадын эрдэмтэнд олгох шагнал зэрэг Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналуудыг бий болгож, жил бүр шалгаруулан шагнаж байв.

Мөн шагнал олгох журмыг шинэчилсэн. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болон Ерөнхийлөгчийн зургаан зөвлөх хамтран хуралдаж, төрийн дээд шагналд тодорхойлогдсон хүмүүсийг нэг бүрчлэн хэлэлцэж, ямар шагналд тодорхойлохыг нь санал хурааж олонхын саналаар шийдэж, Ерөнхийлөгчид Ерөнхийлөгчийн Тамгын газрын саналын хэлбэрээр танилцуулдаг болсон. Энэ нь шагнал олголтыг бодитой, үндэслэлтэй болгосон гэж үзэж байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын төсвийг хэмнэх зорилгоор төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн шинэ журам нэвтрүүлсэн тухай дээр хэлсэн. Мөн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдэхэд нэлээд анхаарсан. Ерөнхийлөгчийн Тамгын газрын 40 ажилтан бүрд зуслангийн 0.07 га газар өгч, хашаа барьж, цахилгаан шугам татаж, худаг гаргуулсан. Хотод ажилтнуудын орон сууцны барилга бариулсан. Мөн НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газрын буцалтгүй тусламжаар бүх ажилтны компьютерыг шинэчилсэн. Энэ бүхэн ажилтнуудын ажиллах урам зоригийг сэргээж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын үйл ажиллагааг сайжруулахад түлхэц үзүүлсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, сэдэл, чиглэл нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын хамт олон, эрдэмтэн зөвлөхүүдийн санаа, зорилго нэг үйл ажиллагааны үр дүн юм.

-Цаашид Ерөнхийлөгчийн Тамгын газар хэмээх институцийг хэрхэн хөгжүүлэн ажиллах нь зүйтэй гэж та хардаг вэ?

-Ерөнхийлөгчийн Тамгын газрыг цомхон, чадварлаг багаар бүрдүүлэх нь нэн чухал. Ялангуяа Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн мэдлэг, чадвараас их зүйл хамаарна.

Ерөнхийлөгчийн Тамгын газарт хамгийн сайн мэргэжилтнүүдийг сонгон авч, үйл ажиллагаандаа цахим технологийг өргөн хэрэглэж, орчин үеийн технологийн хөгжлийн алхаа, хурднаас хоцрохгүй явах, Ерөнхийлөгчид шинэ санаа, шинэ сэдэл өгч, үндэсний эв нэгдлийн болон оюун санааны манлайлагч байх нөхцөлийг бүрдүүлэхэд Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажлыг чиглүүлэх нь зүйтэй болов уу.


Сэтгэгдэл

Elvis Nickle [104.165.169.38] 2023-01-20 07:42:54

To the medee.mn Admin, same in this article: <a href="http://695example695.com" rel="nofollow">Link Text</a>

Зочин [103.11.192.34] 2020-11-09 08:20:40

элдэв ой арга хэмжээ хийх зардал мөнгө үрэхээ дээрээсээ анхаар ..... БАТТУЛГА , ХҮРЭЛСҮХ 2 МИНЬ ЭЭ ард түмэн та 2-т итгэсан цаашид итгэнэ дэргэдэх хорчидоосоо салаад ард түмэнээс дэргэдээ салбар салбарын сайн дураараа зөвлөн , хамтран ажиллах хариуцлага үүрэг хүлээх багуудыг ажиллуулаж дэмжмээр байна

Зочин [103.26.194.223] 2020-11-08 00:22:49

Энэ тамгийн газрын ой гэдгээ болио, 330 сум, 21 аймаг та нарыг дуурайгаад бас тг-ын ой тэмдэглэх болж байна шдээ

Зочин [202.126.90.111] 2020-11-07 18:09:20

Эрдэм,мэдлэг нь тэгширсэн,төрийн ажлын арвин туршлагатай эдийн засгийн ухааны доктор энэ хүний зөвлөлгөөг засаг,төр ерөнхийлөгч нар авч байвал Монголд хэрэгтэй!!!

Зочин [172.58.143.91] 2020-11-07 12:44:57

Аливаа капитал хуримтлал хүчирхийлэлээс эхтэй тиймээ Батхишигээ ?

MOGEUH [202.55.188.82] 2020-11-07 12:27:28

Mongolin Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH

Жамбал /Батбаярийн найз мөн болой/ [202.9.40.40] 2020-11-07 09:07:00

Миний ганц найзын том ах арагагүй л мөн юмааааа. Танд эрүүл энх аз жаргалын дээдийг хүсье.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.