“COVID-19” ба Улс орнуудын эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөө
ГХЯ-наас “COVID-19” цар тахал дэлхийн улс орнуудын эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа талаар түүвэрлэсэн мэдээлэл гаргасныг хүргэж байна.
АНУ, БНХАУ-ын худалдааны хэлэлцээрийн эхний шатны гэрээ зурагдсан нь эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байсан хэдий ч шинээр үүссэн нөхцөл байдал болох коронавирусний халдвар нь өмнө нь тооцож байсан өсөлтийг бууруулах хүчин зүйл болсон байна. АНУ-ын БНХАУ-д үйл ажиллагаа өргөнөөр явуулдаг компаниудын хувьд үйл ажиллагааны доголдол амсаж байгаагаа мэдэгдэж эхэлсэн. Тухайлбал, General Motors, Under armor зэрэг компаниудын үйлдвэрлэл энэ улиралд 15 хувиар буурч, борлуулалт эрс муудах төлөвтэй байгаагаа мэдэгдээд байна. Мөн iPhone гар утас, автомашин, цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэдэг компаниуд, мөн альцгемер, цусны даралт, малариа зэрэг өвчнийг анагаах эм үйлдвэрлэгчид эд анги, түүхий эдээр тасалдах эрсдэлтэй байна.
АНУ-ын 4 хүн тутмын нэг нь COVID-19 ээс болж төлбөрийн чадваргүй болжээ
Pew Research Center-ийн шинэ судалгаагаар АНУ-д нийтдээ насанд хүрэгчдийн дөрөвний нэг нь коронавирусний дэгдэлт эхэлснээс хойш төлбөрөө төлөхөд бэрхшээлтэй тулгарч, гуравны нэг нь мөнгө олох, тэтгэврийн дансаар амь зуух, зургаан хүн тутмын нэг нь найз нөхөд эсвэл гэр бүлийнхнээсээ мөнгө зээлэх болон халамжийн хоол хүнс авсан байдалтай байна. Бага орлоготой насанд хүрэгчдийн 46% нь тахал эхэлснээс хойш төлбөрөө төлөхөд бэрхшээлтэй тулгарсан гэж хариулсан бөгөөд ойролцоогоор гуравны нэг нь (32%) түрээс, моргежийн төлбөр хийхэд хэцүү байна гэж хариулжээ. Ажлын байрны хомсдол нь хүн амын тодорхой бүлгүүдийн дунд илүү хурцаар ажиглагдаж байна. Ерөнхийдөө АНУ-ын насанд хүрэгчдийн 25% нь коронавирусний дэгдэлтээс болж өөрсдийгөө эсвэл гэр бүлийнхээ хэн нэгнийг ажилгүй болсон гэж хариулжээ. Өнөөдрийн байдлаар ажилгүй болсон иргэдийн тал хувь нь ажилгүй хэвээр байгаа бол 15% нь өөр ажил олохоор эрэлхийлээд байна.
Итали Улсын эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөө
Итали Улс нь БНХАУ-ын 9 дэх худалдааны түнш орон бөгөөд Итали Улсад жилд БНХАУ-аас 6 сая орчим жуулчид ирдэг.
Италид Коронавирусний халдвар авсан хүний тоо нэмэгдэж буй тул Хятад Улс руу орж, гарах нислэгийг зогсоогоод байгаа. Энэ нь БНХАУ-аас ирж буй жуулчдын тоог эрс бууруулах хандлагатай байгаа бөгөөд 2020 онд Италийн аялал жуулчлалын салбарын орлого 4,5 тэрбум еврогоор буурах магадлалтай хэмээн судлаачид үзэж байна. Түүнчлэн Зүүн Өмнөд Азийн орнууд болон Хятадын жуулчид Ром хотод урьдчилан захиалсан зочид буудлуудынхаа захиалгыг цуцалсан нь тус хотын зочид буудлуудын орлогыг 30 хувиар бууруулах тооцоо гарсан тухай Ромын CNA аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч М.Мисикиа мэдэгдэв.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2019 оны 3 дугаар сард Итали Улсад айлчилж, энэ үеэр талууд Бүс ба Зам санаачилгын хүрээнд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Энэхүү санаачилгын хүрээнд Италийн компаниуд дэд бүтцийн бүтээн байгуулалтад оролцох, худалдаа эдийн засгийг тээвэр дэд бүтцийн хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар нэмэгдүүлэх, ногоон хөгжлийн төлөөх хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг 20 гаруй тэрбум еврогийн өртөг бүхий төслүүд яригдаж байгаа. Хэрэв "COVID-19"-ийн тархалт нэмэгдэж, нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилвэл, БНХАУ, Итали Улсын хооронд харилцан тохиролцсон зарим арга хэмжээ цуцлагдаж, хүлээлтэд орох хандлагатай байна.
"COVID-19" хурдацтай тархаж буй тул Итали Улс 1 дүгээр сарын 31-ний өдрөөс 6 сарын хугацаатай онцгой байдал зарлаж, 10 хотод сургууль, ресторан зэрэг олон нийтийн газруудыг түр хааж, нийт 11 хотод хөл хорио тогтоогоод байна.
ХБНГУ-ын эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөө
БНХАУ нь Германы хувьд эдийн засгийн хамгийн чухал харилцагчдын нэг юм. Ялангуяа худалдааны салбарт Хятад Улс хамгийн том түнш бөгөөд хоёр талын худалдааны эргэлт жилд 200 тэрбум евро байгаа нь Хятад, Европын гадаад худалдааны гуравны нэгтэй тэнцэж байна. Германы 5200 компани Хятадад үйл ажиллагаа явуулж, нийт 1,1 сая хүн ажиллаж байна. 2019 оны байдлаар Германы 3 машин тутмын 1 нь (5,2 сая орчим ширхэг) Хятадын зах зээлд зарагджээ. Түүнчлэн Германы авто машин үйлдвэрлэгчид Хятад улсад нийт 30 орчим үйлдвэр, 315 газарт сэлбэгийн үйлдвэртэй байна. Хятадад 60.000 ажилчинтай Bosch компанийн 2 том үйлдвэр нь Ухань хотод байрладаг. Webasto компани Хятад даяар 11 үйлдвэртэйгээс хамгийн том нь мөн Ухань хотод байна. Герман Улсад уг өвчний халдварын анхны тохиолдол тус компанийн ажилчнаас илэрсэн.
Бүс нутгийн болон дэлхийн эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөө
Аялал жуулчлалын салбар
2019 онд 150 сая хятад иргэн 277 тэрбум ам.долларыг аялал жуулчлалд зарцуулсан байна. Тэд Хонконг (49 сая), Макао (27.5 сая), Тайланд (10.1), Япон (9.3 сая), Солонгос (6.2 сая), Вьетнам (4.8 сая), Сингапур (3.6 сая), Малайз (3.1 сая), Камбож (2.7сая), Тайваньд (2.7 сая) тус тус аяласан байна. /International tourism expenditure of Chinese tourists from 2008 to 2018 /Эх сурвалж: Дэлхийн аялал жуулчлалын байгууллага/
Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас (ICAO) гаргасан мэдээллээр СОVID-19-ийн улмаас одоогийн байдлаар агаарын тээврийн 70 компани Хятад Улс руу хоёр талын олон улсын нислэгээ цуцалсан бол 50 компани хоёр талын нислэгээ цөөлсөн байна. СОVID-19 сөрөг үр дагавар Азийн аялал жуулчлалын салбарт хамгийн хүндээр тусах бөгөөд 7 тэрбум ам.долларын алдагдалд орно гэсэн тооцоо байгаа бол дэлхийн аялал жуулчлалын салбар нийтдээ 80 тэрбум ам.долларын алдагдалд орж, 2021 оны хоёр дугаар улирал хүртэл сэргэхгүй гэсэн тооцоог “Economist Intelligence” байгууллагаас гаргасан байна.
www.montsame.mn
Сэтгэгдэл
MOGEUH [202.55.188.35] 2020-12-13 03:21:54
Mongolin ontsgoi gamshigin ersdel unlegchdin holboo ard niited gaduur yavah ueiin haldvar hamgaalalin deglemee sain barimtlah ger orondoo chiigtei tseverlegee hiih agaar solij beiin dasgal hudulguun hiij baigaraa MOGEUH
Bilguun [64.119.25.221] 2020-12-10 08:53:48
Sain bainuu ta nar herv medeegee arai tovchhon bichvel yah bol chadah bnuu\