Хувиараа бизнес эрхлэгчид хүндхэн байна
Цар тахалтай холбоотойгоор Бүх нийтийн бэлэн байдлын үед төрөөс хамгийн ихээр харж үзсэн хэсэг бол өрхийн орлогогүй, эмзэг ядуу зорилтот бүлгийнхэн. Тэдэнд хүнсний талоны нэмэгдэл, түлшний үнийг 50 хувь хөнгөлсөн, зарим идэх хоолгүйд нь хүнсний бараа тараасан гээд авч болох бүх арга хэмжээг авсан. Харин эдийн засгийн гол хөдөлгөх хүч болсон жижиг дунд бизнес эрхлэгчдийг төрөөс дорвитой харж үзсэн зүйл одоогоор алга. Хэдийгээр түрээслүүлэгчдэд татварын хөнгөлөлт үзүүлэх байдлаар түрээсээ хөнгөлөх шийдвэр гарсан ч хэрэгжилт алаг цоог байгааг хувиараа бизнес эрхлэгчид хэлж байна. Түүнчлэн түрээсийн хөнгөлөлт үзүүлсэн ч худалдан авагчгүй, үйлчлүүлэгчгүй хөл хорионы үед энэ нь байгаа оносон шийдвэр мөн үү. Мөн өмнөх өндөржүүлсэн бэлэн байдлын үед Татварын ерөнхий газраас 2021 гуравдугаар сард гаргасан татварын хөнгөлөлт үзүүлэх журам түрээслүүлэгч талын эрх ашгийг илүү хамгаалсан бол түрээслэгч талд үйлчилсэн заалт нэг ч байхгүй байгааг хууль судлаач шүүмжилж байв. Өөрөөр хэлбэл, түрээслэгч шат дараатайгаар түрээсээ хэр хэмжээгээр буулгаж төлөх боломжтой байх зэргээр журамд тусгах байсан гэж. Түүнчлэн нэг сар тэг зогсолт хийхэд 280 мянган хүн ажлын байраа алдах бол хоёр сараар хөл хориог сунгавал 500 мянган хүн ажлын байраа алдана гэсэн судалгааг МҮХАҮТ-аас гаргасан. Уг судалгаанд хувиараа бизнес эрхлэгчдэд тулгарч буй хамгийн том бэрхшээлээс 67 хувь нь зээлийн эргэн төлөлт, 61 хувь нь түрээсийн төлбөр, 55 хувь нь ажлын байраа хадгалах, ажиллагсдын цалин тавих гэжээ. Татварын 2020 оны II улирлын тайланд 146 түрээслэгч аж ахуйн нэгж 3368 түрээслэгчийн 18.7 тэрбум төгрөгийн түрээсийг бууруулж 2.3 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдлэхээр тусгажээ. Эцэст нь түрээс хөнгөлөх шийдвэрийн зэрэгцээ аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, усны төлбөрийг төрөөс даах буюу хөнгөлбөл хамгийн бодит дэмжлэг болно гэдгийг ажлын байраа алдах эрсдэлд ороод байгаа хувиар бизнес эрхлэгчид ярьж байна.
Баянгол дүүргийн VIII хороонд байрлах нэгэн Дэн буудлын түрээслэгч Ч.Энхээ: Би түрээсийн 2.4 сая төгрөгийн өрөнд унаж байна
- Манай буудал сард 2.4 сая төгрөгийн түрээс төлдөг.Орон сууцны нэг давхарт байрладаг болохоор нийтдээ таван л өрөөтэй. Манай түрээслүүлэгч эзэн ОХУ-д байдаг болохоор түрээсийн хөнгөлөлт үзүүлэхгүй гэсэн. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед нэг өрөөнд нэг л хүн авч байсан. Өдөрт 165-200 мянган төгрөгийн орлоготой. Урсгал зардал болон цалинд нэг сая орчим төгрөг зарцуулдаг. Манайх нийт 5 ажилтантай. Манайх шиг олон дэн буудал түрээсийн төлбөрийн өрөнд унаж байна. Эздээсээ шаардаж байгаа ч тэд авч хэлэлцэхгүй байна. Тэгэхээр цаашид хөл хориог цуцлах хэрэгтэй байна. Сая 34 аж ахуйн нэгжийн үйл ажиллгааг нээж байгаа ч буудлын үйлчилгээг нээсэнгүй. Харин ч хамгийн эрсдэлгүй, хүн хоорондын зайнд үйлчилдэг газар бол жижиг буудлууд. Хэрэв хөл хориог үргэлжлүүлнэ гэвэл бидний түрээсийн төлбөрийг төрөөс даах хэрэгтэй байна.
Чингэлтэй дүүргийн иргэн, үсчин Ү.Пүрэвжаргал: Ус, цахилгаан, дулааны төлбөрөөс хөнгөлвөл бодит дэмжлэг болно
- Би Сүхбаатар дүүрэгт үсчин гоо сайхны газарт суудал түрээсэлж өөртөө ажлын байр бий болгож ажилладаг. Манай түрээсийн төлбөр хотын төвд учраас сарын 800 мянгаас дээш төгрөг байдаг. Хатуу хол хорионы энэ үед манай түрээсийн төлбөрийг түрээслүүлэгчийн зүгээс хэдийгээр 50 хувь хөнгөлсөн ч өдөр тутмын орлогоор амьдардаг, дээр нь хэрэглээний зээлтэй бидний хувьд хүндээр туслаа. Ус, цахилгааны төлбөр өндөр гардаг онцлогтой учраас үүнээс өөрөөр хөнгөлөх боломж байхгүй гэдгийг бид ойлгож байна. Тиймээс түрээслүүлэгчдийн ус дулаан, цахилгааны төлбөрийг ямар нэг хэмжээгээр төрөөс чөлөөлөөд өгсөн бол том дэмжлэг болох байсан.
Хөвсгөл аймагт хувиараа тавилга үйлдвэрлэдэг Ц.Ренчин: Зээлийн хүүгээ цаашид хэрхэн төлөхөө мэдэхгүй байна
- Манай аймгийн төвд 20 орчим тавилга үйлдвэрлэдэг иргэд бий. Цар тахлын үед бүгд хүнд байдалтай байна. Бүгд 2-3 банкинд зээлтэй. Би 10 гаруй сая төгрөгийн зээлтэй, сард 700 мянган төгрөг төлдөг. Төрөөс зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан ч долоон сарын дараа хүүгийн дарамтад орох учраас бидэнд хүндрэлтэй. Хоёр сарын хүүг нөөц боломжоо шавхаад төлж болж байна. Боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг нээсэн хэдий ч үйлчлүүлэгч нь мөнгөгүй болохоор давхар хамааралд орчихдог. Өөрөөр хэлбэл, жирийн үед өдөрт гурван сандлын захиалгатай байдаг бол одоо захиалга орж ирэхгүй байна. Нөгөөтэйгүүр түүхий эдийн хомсдолд орсон. Мод хилээр орж ирэхийг хорьчихсон учраас бидний бизнес зогсонги байдалд байна. Харин төрөөс зээлд алданга тооцохгүй гэсэн тулдаа нойртой хонож байна. Бодит дэмжлэг хэрэгтэй байна.
Орхон-Уул аймгийн бизнесмен Р.Цэцэглэн: Алтанбулгийн хил хаасан учраас бизнес зогссон
-Би аймагтаа барааны чиглэлээр лангуу түрээслэдэг. ОХУ-аас хувцас, болон бараа оруулж ирж худалдаалдаг. Сүүлийн нэг сарын хугацаанд миний болон надтай ижил үүргийн худалдаачид хүнд байдалд орсон. Харин цахимаар ганц нэг хувцас зарж өдрийн хоолоо залгуулж байна. Түрээслэгч харин түрээсээс чөлөөлсөнд баяртай байна. Цаашид Алтанбулгийн хил нээгдэх хүртэл банкны зээлтэй хэрхэхээ мэдэхгүй байна. Бидэнд хүү багатай хугацаа урт зээл олддог бол өмнөх зээлээ чөлөөлөөд нэг хэсэг аргалах боломж байна. Зээл хойшлуулалтад хамрагдсан ч дараа нь хүүгийн хуримтлагдсан дарамтад орох учраас эрсдэлтэй. Өөр бизнес хийх чиглэлд хөрвөх талаар бодож байна.
Хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг Б.Цогтгэрэл: Хөл хориог цаашид сунгавал байдал хүндрэхээр байна
-Өдрийн орлогоор амьдардаг хэсэг бол такси үйлчилгээ эрхлэгч. Манайх ам бүл тавуулаа. Эхнэр гэртээ хүүхдүүдээ харж, би таксинд явж олсон орлогоороо амьдардаг. Хатуу хөл хорионы үед хүүхдийн 300 мянган төгрөгөөр л амьдарч байна. Мөн автомашины лизингтэй. Сард 280 орчим мянган төгрөг төлдөг. Харин зээл хойшлуулалтад хамрагдсан. Энэ удаа ингээд нэг юм дүүжигнээд өнгөрч байна. Цаашид хөл хорио сунгавал хүнд байдалд орохоор байна. Өдөрт хэр явсанаас шалтгаалж 20-80 хүртэл мянган төгрөгийн орлоготой байдаг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Ц.МЯГМАРБАЯР
Сэтгэгдэл
Зочин [66.181.187.19] 2020-12-12 01:19:48
Гамшигт тахалаас хохирол багатай гарах гэж засаг чадлаараа л хичээлээ. Үр дүн ч гарлаа. НЭГ САР л дэглэм сахилаа. Иргэд , аж ахуй эрхлэгчид бүгд л сүйрч дууссан тухай дуу дуугаа авалцан хашгарч байна. Чөлөөт зах зээлд шилжээд 20 жил өнгөрчээ. Нэг сарын ая даахгүй аж ахуйн нэгж , айл өрхүүд үүнээс илүү гамшиг тохиовол яах болж байнаа. Төр бүгдийн хангаж дэмжих ёстой юу.
Зочин [139.5.216.146] 2020-12-11 14:32:00
бараагаа нээ
Зочин [192.82.74.117] 2020-12-11 08:50:31
Бүгдээрээ өлсгөлөнгөөр тэнгэрийн оронд явчихсан шдээ зайлуул
Зочин [192.82.72.130] 2020-12-11 08:14:00
ДАНДАА СОНГОЖ БАЙДАГ ХАЙРТ НАМ МААНЬ МЭДЭЖ БАЙГАА
унэн [202.179.25.44] 2020-12-11 06:32:41
Манайх шиг жижиг оронд улсын уйлдвэр хэрэгтэй байна. Хувьчлал нэрээр бух уйддвэруудийг луйвардаад соноочихоод ард тумэн нь одоо бугд гуйлгачин болчихоод турээсээр зээлээр луйварчидыг тэжээж байна. Ардчилал хуний эрх, эрх чолоог дээдэлдэг гэдэг ч манай оронд энэ нь огт хэрэгжихгуй иргэдээ гадаадад молжилгийн ходолмор эрхлуулж олсон жаахан монгийг нь ондор унэтэй чанар муу орон сууцанд хураан авч байна. Одоо уунийгээ болих цаг болжээ. Одоо ХАА- бутээгдэхуун арьс шир,ноос унэ хурэхгуй хог дээр хаяагдаж байгаль бохирдуулж байна. Урьд ноос арьс ширийг бурэн боловсруулдаг уйлдвэртэй болосруулсан савхиар нь гутал,савхин эдлэл, эсгий гутал хийгээд дотоодын хэрэгцээгээ хангаад гадаадад гаргаж байсан одоо юу ч байхгуй хэдэн луйварчидын гарт ороод соносон. Жнь: Дэлхийн 2- р дайны жил хичнээн мянган эсгий гутал хандивлаж байлаа одоо малчдаас хонь худалдаж авч л хандивлаж байгаа болохоос улсад юу ч байхгуй.
irgen [202.21.108.26] 2020-12-11 05:08:01
tsahilgaan dulaanii mongoo l avahgui baihad l bolno doo. turiin umchiin company yum chin
Зочин [202.131.244.234] 2020-12-11 03:53:18
Түрээслүүлэгч нь жаахан сэтгэлтэй байж түрээслэгчдээ хөнгөлөх хэрэгтэй, тэгээд ч өнөөдөр тандалтаас ковид илэрч байна, энэ бол аюул. Та бидний хаа нэгтээ халдвартай хүн явж байна гэсэн үг, уг нь энэ оныг дуустал УБд хөл хориогоо үрэгжлүүлэх ёстой байсым, орилж шүүмжилж байгаад сулрууллаа. Одоо бол хувь хүн өөрийгөө хамгаалж маск зүүж, зайгаа барин гаоаа угаах л үлдлээ, аль болох гадуур тэнэлгүй гэртээ байж байсан нь дээр дээ. Арай эрт сулрууллаа, одоо өөрсдөө өөрийгөө бод, амиа бод гэсэн үг
Иргэн [66.181.180.10] 2020-12-11 02:46:46
Ажил хийсэн хүн ам тостдог биш ажил хийвэл алийгаа алдаж дампуурдаг тогтолцоо монголд байна.Би өнгөрсөн зун ногоо тарьж зунжин ажиллаад намар хурааж уутлаад зарахад бараг алдагдалд орлх шахаж байна лээ.40 кг тай 1 уут лууванг 8000-10000-д өгсөн. Хуваагаад бодохоор 1кг лууван 200-250 төгрөг болж байна.Гэтэл ченжүүд аваад одоо 1кг ыг нь 2000 -аар зарж байна.Ингээд бодохоор ажил хийгээгүйг нь дэмжсэн тогтолцоо манайд байгаа биз дээ.Ийм байдлаар ажил хийгээгүй нь хийснээ шулж байдаг.Одоо янз бүрийн груп халамжид орох талаар арга бодвол дээр юм шиг байна..
Зочин [202.55.188.103] 2020-12-11 05:34:34
Jijigleed kg-r ni zah zeeliin hanshaar zarahgui dee, hen ch urtug zardal ashgaa bodoj businees hiideg biz dee
Зочин [202.9.46.207] 2020-12-11 03:16:40
Монголчууд бизнес хийж сураагүй чадахгүй гэдгийг харуулж байна
Зочин [64.119.25.180] 2020-12-11 02:23:01
Өвнөөр далимдуулаад чацарганы үнээ 2 дахин тариаланчид нэисэн.Хөл хорио гээд түүхиы эдээ татаж чадахгүй таг зогссон.Түрээс буугаагүй зэргээс шалтгаалан жижиг үйлдвэрлэл минь дампуурч байна.Төрөөс гадна манайхны хэт шунал олон хүнийг алж байна даа.Новшийн ард түмэнтэй новшийн улс хэзээ ч өөдлөхгүй нь дээ.