Монголын их утга зохиолын төлөө Мориндоо !!!
Нэгэн зүйл
Дэлхий нийтээр цар тахлын хөлд нэрвэгдсэн 2021 он гараад удаагүй байна, энэ бол ардын хувьсгал хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн онцгой үйл явдлын нэгэн зуун сүүдэр таширласны их ойн жил билээ. Энэхүү түүхэн ойтой манай салбарын (монгол хэл-уран зохиол) түүх намтар ч холбогдох бөгөөд тэртээ 1921 оноо өнөөгийн “Шинжлэх ухааны академи”-ийн үндэс суурь болсон “Судар бичгийн хүрээлэн” үүдээ нээж өрхөө татжээ. Шинэ тулгар байгуулагдcан төр засгаа төвхнүүлэх, тусгаар тогтнолоо дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлэх, цаашдын хөгжлийн замаа тодорхойлох.., гээд дуусаж дундаршгүй их ажилтай, яг үнэндээ амь нас нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж асан тухайн үеийн төр засгийн удирдлагууд ийм хүрээлэн байгуулах сөхөөтэй байсан нь нэгийг хэлж, хоёрыг бодогдуулдаг билээ.
Гэтэл саявтархан манай монгол хэл уран зохиолын салбарт ацаг татаж, ам нээдэг хүмүүсийн нэгэн болох доктор Ч.Чимэгбаатар ШУА-ийн “Хэл зохиолын хүрээлэн” нэр хаягнаасаа зохиолын гэдэг үгийг хасах гэж байна, МУБИС-ийн “Утга зохиолын тэнхим”-ийг татан буулгах гэж байна гэх мэтээр цахим сүлжээгээр мэдэгдэж дуулиан шуугианы жим гаргав. Доктор Ч.Чимэгбаатар гуайг хонгиогүй сумарч байна хэмээн шоолоод өнгөрч болно , гэвч яриад байгаа асуудалд нь үнэний хувь бий төдийгүй алдар цол, албан тушаал, амин хувийн өчүүхэн шунал хүсэл тэргүүтэндээ дөрлүүлсэн манай нэр хүнд бүхий зарим нэгэн ахмад эрдэмтэдийн зүгээс БШУЯ болон Боловсролын Хүрээлэн, ШУА гэх мэт байгууллагуудын бодлого боловсруулдаг эрх бүхий хүмүүсийн дунд сүүлийн 20-иод жилийн турш явуулсан “улс төр”-ийн болон “оператив” үйл ажиллагааных нь бодит “ололт амжилт” -ын үр дүн гарч эхэлж байгааг харуулж байгаа юм. Тэрчлэн тэдний маань боловсролгүй, хоцрогдсон, муйхар мунхаг, харалган бодлогынх нь байнгын эрмэлзэл тэмүүллээс шууд улбаатайгаар манай өнөөгийн төрөлх хэл бичиг, утга зохиолын сургалт, судалгаа, нийгмийн амьдрал дээрх практик үр дүн, ач холбогдол, хэмжигдэхүйц байдал тэргүүтэн бүрэн уналтад орж “холион бантан” болсонд л хамаг учир, сумны гичир байгаа юм !!!
Юуны учир ийнхүү ахас ихэс, ахмад алдартнуудаа буруушааж, буруутгаад эхлэв? Товч тодорхой байхыг эрхэмлэе ! 1 – рт : Чухам энэ хүмүүс Монгол Улсын төрийн хэлний бодлогыг санаатай гэхээсээ илүүтэй амин хувийн алдар цол, албан тушаал, хэргэм зэргийнхээ ахиж дэвших, үгүйдээ хадгалан үлдэх гэсэн мэргэжлийн явцуу эрх ашгийн үүднээс самууруулан будлиантуулж, ЕБС-иудад төрөлх хэл уран зохиолын боловсролыг заан сургаж буй өнөөгийн бодлого, тогтолцоо, хичээлийн бүтэц, нэршил зэргийг эвдэн сүйтгэсэн. ! 2 – рт: Монгол Улсын нийгмийн хөгжил боловсролын өнөө ба ирээдүйн анхдагч платформ болох ЕБС-ийн сургалт, хүмүүжил, боловсролын систем дэх суурь үнэт зүйлсийг эвдлэн нурааж хаоса орон зай үүсгэсэн ! Энэ бол сайн дурын үндсэн дээр, сонгон суралцах кредит цуглуулах зарчимаар уламжлалт бичгийн соёлоо хадгалан хөгжүүлэхийн оронд монгол бичигт хүчээр шилжиж, хос бичигтэн гэгч болох сүүлийн 30 жилийн төрийн бодлого !
Асуудал холоос эхтэй. 2015 онд батлагдсан “Монгол хэлний тухай” хуулийн 7-р дугаар бүлгийн 22.1-т «Монгол Улсын Шинжлэх ухааны академийн бүтцэд монгол хэл, түүний хэрэглээ, хөгжлийг судлах, монгол хэлний хэм хэмжээ, үгийн сангийн өөрчлөлттэй холбоотой санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий монгол хэл шинжлэлийн хүрээлэн /цаашид “эрх бүхий судалгааны байгууллага” гэх/ ажиллана» гэсэн заалт орсон байдаг. Хуулийн энэхүү модон заалтыг “улс төр”- ийн болоод “орон нутаг”- ийн үзэмжээр мушгин ашиглаж улмаар Ч.Чимэгбаатар докторын хэлээд байгаа шиг “Хэл зохиолын хүрээлэн” гэдэг нэрнээс зохиолын гэдэг үгийг нь хасах шалтаг болгох үндэстэй төдийгүй “алсын” зорилготой хүмүүс бий! Чухам энэ л алс хэтийн “мэргэн” зорилгын үүднээс “Хэл зохиолын хүрээлэн” -ийн судалгаа, танин мэдэхүйн амин чухал академик чиглэл болох “Төвд хэлт утга зохиол”-ын секторыг /академич Ц.Дамдинсүрэн гуайн нэршил – С.Э, Г.Б/ хөөн тараахыг завдсан 10-аад жилийн өмнөх үйл ажиллагаа ч мартагдаагүй байна ! 2012 – 2016 онд БСШУСЯ-ны /тэр үеийн/ нэг мүүнчин авгай ЕБС-ийн хичээлийн бүтцээс уран зохиолын хичээлийг хасах санал гаргаж, МҮОНТ-ийн мэдээнний оргил цагаар эфирт цацагдсаны дараа олон нийтийн эсэргүүцэл бухимдал хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээнд өрнөсний үр дүнд “... телевизээр би тэгж яриагүй, буруу ойлголт төрүүлсэн байна...” гэж булзаж бултасны хүчинд албан тушаал, ажил албан дээрээ тогтож үлдсэн ойрхи цагийн түүхийг ч олон түмэн мартаагүй байгаа ! Нэр хаяг солих, ганц нэг үг үсэг гээх гэх мэт нь өчүүхэн мэт харагдавч Ардын, Гавьяат багш нарын маань “алсын мэргэн бодлого”- ынх нь эцсийн зорилго нь ЕБС -иудын эх хэл утга зохиолын сургалтаас мянганаар тоологдох буурал түүхийн улбаатай Монгол үгийн урлаг буюу уран зохиолын ертөнцийг хасаж хяхах “хүйтэн цэвдэг” новшийн хүсэл эрмэлзэл, зөөлөн хэлбэл дээр олонтаа дурдсан мэргэжлийн явцуу эрх ашиг нь, зэлмэгхэн хэлбэл “Ардын багш” болон “Гавьяат багш” гэх мэт сэтэрхий тэвнэ, сэмэрхий хадагных нь үнэ төлөөс юм ! Иймээс өгүүлэн буй хуульд нэн даруй өөрчлөлт оруулах шаардлага байгааг бид баримт түшиж ярихыг хүсэж байна.
Нэгэн зүйл
1921 оны 11-р сарын 19-ны өдрийн Ардын Засгийн Газрын тогтоолоор “Судар бичгийн хүрээлэн” байгуулах шийдвэр гарчээ. Энэхүү хүрээлэн нь хожмоо гүрэн улсын “Шинжлэх ухааны академи”-ийн үндэс суурь болсон түүхтэй. “Судар бичгийн хүрээлэн”-гийн дэргэд “Дуун ухааны тасаг” байгуулагдсан ба 1930 онд “Хэлбичгийн кабинет”, 1957 онд “Хэл бичиг утга зохиол судлах газар” нэртэй байсан бол 1961 онд “Шинжлэх ухааны академи” өргөжин байгуулагдахад “Хэл зохиолын хүрээлэн” үндсэн нэгж нь болон зохион байгуулагдаж өнөөг хүртэл сайн муу хэлэгдэн ажиллаж ирсэн намтар баян. Мөнхүү хүрээлэнгийн тэргүүнээр “Судар бичгийн хүрээлэн”-гийн анхны дарга, Ардыг гэгээрүүлэх яамны сайд Онход Сангажавын Жамъян өтгөсөөс эхлээд хожмын ерөнхий сайд, нэрт түүхч Агданбуугийн Амар, нэрт эрдэмтэн Жамсрангийн Цэвээн, ОҮМУЗ-ын үндэслэгч гэж хүндлэгддэг, их зохиолч Дашдоржийн Нацагдорж нар ажиллаж байсан бөгөөд ойрхи 20-р зууны Монголын түүх, соёл, оюун санааны амьдралын өвөрмөц сэргэн мандалтын нэр нүүр, алдар сууг түүчээлсэн Еншөөбү Бямбын Ринчен, Хатагин Цэндийн Дамдинсүрэн, Пүрэвийн Хорлоо, Дандарын Ёндон, Хорлоогийн Сампилдэндэв нар үргэлжлүүлж дэлхийн ууган үндэстнүүдийн нэг болох монголчуудын түүх, соёл, хэл, утга зохиолыг сурвалжлан цуглуулж, судлан нийтлүүлж, орчин цагийн шинжлэх ухааны эргэлтэд оруулж ирсэн бөлгөө. Өгүүлэн буй хүрээлэнг тэргүүлж ирсэн үе үеийн удирдлагууд хийгээд нэр нөлөө бүхий эрдэмтэд нь ихэвчлэн утга зохиол судлалын хүмүүс байсан нь ч санамсаргүй хэрэг биш бөгөөд энэ нь тухайн үндэстний хэл гэгч нь зөвхөн харилцааны хэрэглүүр төдий явцуу зүйл биш харин тэрхүү улс үндэстний оршин тогтнох үндсэн болзол нь, соёл нь, сэтгэлгээ нь, ёс суртахууны болон гоозүйн, танин мэдэхүйн суурь үнэт зүйлс нь тэрхүү ард түмэн гэгч өвөрмөц тусгаар олонлогийн ахуй нь байдагтай шууд холбоотой гэж хэлж болно. Учир нь хэлний орших ахуй нь хэл шинжлэл биш харин хэлний хэрэглээ буюу хүн байдаг, гэтэл тэрхүү хэлний хэрэглээ буюу хүний - хэл - соёл - сэтгэлгээний хамгийн төгс төгөлдөр татах хүч нь үгийн урлаг хэмээх уран зохиолын ертөнц билээ.
Нэгэн зүйл
Амран суухын чөлөө үгүй арсалдаж асан 1921 онд мөн хүрээлэнг байгуулсан нь нэгийг хэлж хоёрыг бодуулдгийг дээр дурдсан. Тийн хэлэх, бодуулахын учир нь гагц бүрэн бүтэн улс байхын тухайтад гэсэн нэгэн учигт тулан тайлагдах буйзаа. Ийн тайлагдахын учир нь үндэстэн оршин байхын амин сүнс нь ард түмнийх нь хэл, харин хэлний амин сүнс нь харилцааны хэрэглүүр хэмээх явцуу ойлголт бус утга зохиол буюу текст хэмээх орчин цагийн бичгийн соёл болсон бөгөөд чухам энэ л утга зохиолын амин сүнс нь аман болон бичгийн уран зохиол байдаг нь нотлох албагүй үнэн, хүлээн зөвшөөрөгдсөн постулат үзэгдэл. Харин манайд хэлний судлал нь хэл оршин байхын үндэс хэмээн андуу санагчид цөөнгүй, хамгийн харамсалтай тийн санагчид нь мөнөөхөн хэлний мэргэжилтнүүд байдаг нь нэн сэжигтэй.
Өөрөөр хэлбэл үндэстэн оршин байхын амин сүнс нь мэдээж хүн гэгч оюун ухаант бодгаль, тэрхүү хүн хэмээгч нөхдүүд нэгэн нийтлэгт буюу ард түмэн гэгчид харьяалагдан нэгэн өвөрмөц олонлог болохын тулд нэг нийтлэгт хамаарах нэгдмэл шинжтэй хил хязгаар, газар нутаг, хэл соёлын тусгаар байдал үүсгэх явдал гэнэм. Чухам тэр л хэл соёлын нэгдмэл олонлогийг үүсгэх нөхцөл суурь нь тухайн ард түмний оршихуйн буюу ахуйн шууд тусгал илэрхийлэл болох хэл болон сэтгэлгээний нэгдэл бөгөөд энэ нэгдэл биежиж, ахуй болдог тэр “хэлбэр” нь буюу “дүрс “ нь утга зохиол буюу бичгийн соёл юм. Жак Деррида зэрэг тэргүүлэх философичдын томьёолдогоор орчин цагийн хорвоо ертөнц, хүмүүний нийгэм болоод нийгмийн харилцаа буюу оршин тогтнохуй бол ердөө текст болсон. Өөр юу ч биш. Жишээ нь өнөөдөр digital technology буюу тоон технологи үгүйгээр эдүгээ 21-р зууныг төсөөлж болох уу даа!?? Хөгжил, дэвшилийн хурд, өөрчлөлт ийм байна. Гэтэл өнөөдөр Монголын хэл шинжээчид нэртэй дээдсүүд маань 10-р зууны Монгол бичигтээ эргэж орно энэ тэр гэж эргүүтээд л 21 – р зуун гарчихаад байхад бичиг үсгийн нэгдсэн бодлогогүй, бүхэл бүтэн нэг үеийг золиосонд гаргаж байна.
Манай хэл шинжээчдийн хийдэг ажил нь өөрсөндөө ашиг хонжоо хайх, нэр төр, алдар гавьяа горилох ! Ганцхан жишээ хэлэхэд л ардын болон гавьяат хэмээх хүн саваад уначихмаар их цол гуншинтай, манай өнөөгийн тэргүүлэх хэл шинжээчид, судлаачид нэртэй хэдэн нөхдүүд өгүүлбэр гэдэг зөвхөн ганцхан үгийг гэхэд л гурван өөр өөрөөр бичдэг. Нэг ардын багш нь өгүүлбэр гэж бичих ёстой гэж “номлодог” бол нөгөө гавьяат багш нь үгүүлбэр гэж бичих ёстой хэмээн “дүрэмдэнэ” харин гуравдах академич абугай маань бүр байчихаад үгэлбэр гэж бичих ёстой гэн “сурталддаг” !!! Эрхэм хайрт гавьяатай гавьяагүй багш нар минь ээ, энэ чинь “Ариун явдал уу ? Уг нь бол нийгэм хэмээгч иймэрхүү чөлөөт мэтгэлцээний талбар болсон хавтгай дээр нийтээр дагаж мөрдөх дүрэм журам гэж юмыг зохиочихоод л цааш төгөлдөржүүлээд явдаг нь хүний нийгмийн хууль ! Зохицуулалт шаардсан тохиолдол болгонд нийгмийн консенсус гэдэг зарчим аяндаа үйлчилдэг. Жамаараа буюу аяндаа цэгцрэх онол гэж байдгийг бүгд мэднэ, гэвч басхүү иймэрхүү дарагдахаа байсан амбиц ихтэй үед ердийн л арга хэмжээ авдаг нь журамлах онол. Зохицоод л улаан гэрлээр явахаа больчихоё, ногоон гэрэл асахаар явдаг болоё гэдэг маань зүгээр л дүрэм журам. Үүнтэй адил 700 – хан үг журамлах гээд яаж балайтаж, эргэж буцаж, амь амиа өмгөөлж хамгаалж, хэрэлдэж уралдаж, хөгөө чирсэн билээ дээ! Гэтэл “Болор дуран” -г программчилсан хэдхэн банди нар монголын хэл шинжээчдын бүтэн зуун жил маргасан, хэмлэлдсэн, нэр төр хөөцөлдсөн хилэнцэт амбицыг ганцхан товчоор устгаж шинжлэх ухаан гэж юу байдгийг, байх ёстойг жишээлж өгсөн билээ. Утга зохиол буюу бичгийн соёлын түрэмгийлэл нь өнөөгийн ахуйн мөн чанар юм. Ийм учраас орчин цагийн оршихуй буюу ахуй нь текст өөрөөр хэлбэл текстийн соёл мөн. Модернистууд болон постмодернистуудын тайлбар хийх болсоноор “хэл бол өөрөө ахуй мөн”. Энэ “хэл” гэгч зөвхөн харилцааны хэрэглүүр төдий зүйл бишээ, энэ бол хүний өөрийнх нь ахуй, өөрийнх нь оршихуй, оюун сэтгэлгээний илрэх илрэл нь бөгөөд энэ бүх оршихуй, ахуй, бодит биежил нь орчин цагт текстэд болон тоон технологид хувирчихаад байнаа. Ийм учраас бидний ахуй бол текст гэж сургаад байна. Академич Д.Төмөртогоо багш аа, академич Д.Болд ахаа, Ардын багш Чоймоо гуай, Ардын багш Ц. Өнөрбаян багш аа, Гавьяат багш Ц.Базаррагчаа багш аа, яагаад эрхэм Та нарынхаа нэрийг дуудав гэхээр өндөр дээд хэргэм зэрэг, алдар цолоо ганц ч билээ сайн юманд ашиглаач ! Миний нүүр рүү харчихаад “... үнэн үнэн монгол бичигт шилжинэ гэж юу байх вэ, бүтэхгүй ...” гэж хэлэх мөртлөө телевизийн эфирт гарах болохоороо монгол бичигт шилжихгүй бол үхлээ хатлаа гэж хоёр нүүрлээд байдгаа болиоч ! Уйгаржин монгол бичигт бүх нийтээр шилжин орно гэдэг энэ утга учиргүй, хийрхсэн, балай, популист бодлогод битгий нэгд л дээ ! Хэрвээ бурхан багш хүнгүй газар та нарын хэн нэгнээс аминчлан асуувал та нар бүгд болохгүй гэж хэлнэ гэдгийг бид мэдэж байна, гэвч Та нар алдах юм ихтэй болохоороо айж байна, ичиж байна, хоёр нүүр гаргаж байна, шинжлэх ухааны ямар ч ёс зүйгүй авирлаж байна !!! Өмнөөс чинь ичмээр ! Та нар чинь Ардын уран зохиолч манай нэрт зохиолч Т.Галсан гуай биш шүү дээ! Та нар чинь бичиг үсэгт ч тайлагдаагүй шахуу манай зарим улс төрийн намын дарга даамлууд биш шүү дээ ! Тэр хүмүүс яах вэ, нэг нь эх хэл соёлоо хайрласан зохиолч хүн, нөгөө нь сонгууль нүдэнд нь харагдсан улс төрч хүмүүс, өөр өөрсдийн “ажилаа” л хийж байна. Тэр хүмүүсийн буруу ч биш байж магадгүй, ер нь ч монгол бичиг надад болоод бидэнд муу юм хийчихээд үзэн ядаад байгаа юм биш, харин энэ бичиг соёл манай улс үндэстний бахархалт түүх, гайхамшигт соёл хэвээр байгаасай, гагцхүү улс үндэстэний маань ирээдүй хойч үе, энэ цагийн нэг чөдөр тушаа, хөгжил дэвшлийн нэг саад бүү болоосой гэдэг үүднээс л Та нарт хандаж байгаа юм. Уг нь бол юуны өмнө Та нар, эрхэм алдар цолтонгууд Та нар, эрхэм гавьяатууд Та нар л тэргүүлж хэлэх ёстой юм, үнэний өмнөөс эгцэлж харж сур л даа !
хх хх хх
Ард түмэн гэдэг олонлогийг бүрдүүлж буй хэлний нийтлэг нь утга зохиолын тогтворжсон хэлэнд байдаг, энэ тогтворт төлөв нь уран сайхны хэл буюу аман болон бичгийн уран зохиолын өв сан, өөрчлөлт хувиралд нь агуулагдаж, дагаж хувирч “оршиж” буюу “амьд” байдаг гэдэг нь өнөө цагт нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн постулат ойлголт болсон ! Гэтэл манайд хэлний судлал нь хэл оршин байхын үндэс хэмээн андуу санагчид цөөнгүй, өөрөөр хэлбэл авиа зүй, үг зүй, өгүүлбэр зүйг судлаад л, тодорхойлоод л, хэвлүүлээд л байвал, хэл хөгжөөд үндэстэн батжина хэмээн санавал үүн шиг эндүүрэл байхгүй. Тодруулбал монгол улс газар нутаггүйгээр оршин байх аргагүй шиг монгол хэлийг уран зохиол ашиглахгүйгээр заах ямар ч боломжгүй. Гэтэл ЕБС-иудад уран зохиолын хичээл гэдэг судлагдахууныг байхгүй болгох гэдэг “ариун санаа” Та нараас л гардаг, туурга тусгаар Монгол улсын ШУА-ийн тулгын чулуу болж үүссэн “Хэл Зохиолын Хүрээлэн” – ийн нэршилээс “зохиол” гэдэг үгийг нь хасаж байж сая сэтгэл нь амардаг “ариун санаа” хэл шинжлэлийнхэн Та нараас л гардаг, “Уран зохиол” гэдэг хичээлийг байхгүй болгоод “Иргэний боловсрол” гэдэг нэр өгөөд “Иргэний ёс зүйн боловсрол” гэж “төгөлдөржүүлэн” төөрүүлээд ичих ч үгүй нөгөө муу хэлж нүд үзүүрлэдэг уран зохиолоосоо буюу зүйр цэцэн үг, сургаал, магтаал, ерөөл, билиг дэмбэрэлийн үгс, ихэсгэл багасгал, адилтгал зүйрлэл, ертөнцийн гурав гэх мэт ардын аман зохиолын төрөл зүйлүүдийг тэр чигээр нь хуулж тавиад зохиомжилж, өмчлөөд 60 сая төгрөг авч идэх “ариун санаа” Та нараас л гардаг ! Та нарын тэр бурхан чинь юу гэж сургадаг билээ? Ердөө л шударга бай, амин хувиа битгий хичээ гэж сургадаг биздээ? Гэтэл ичдэггүй ! Монгол бичигт шилжих нэрээр монгол улсын бүхэл бүтэн нэг үеийг харанхуй болгосон ! Тогтворжиж, дэлхийн жишигт хүрсэн, бүх нийтээр бичиг үсэгтэн болгосон боловсролын системийг унагасан ! Тусгаар тогтнолыг авчирж баталгаажуулсан, кирилл бичгийн аугаа их соёлыг эрэмдэглэсэн. Ичих нүүргүй Та нараас өнөөгийн тэнэг монголчууд биш хойч үе Бурхан хоёр ял асуух цаг ирнэ !
Ер нь тэгээд хэл бол харилцааны хэрэглүүр хэмээн үздэг байсан марксист хэл шинжлэлийн хоцрогдсон онолын сүүлчийн орогнох газар нь монгол улсын хэл шинжлэлийн салбар болоод байгааг одоо хэлсэн нь дээр болж. Дахиад хэлье, хэл гэгч нь зөвхөн харилцааны хэрэглүүр төдий зүйл бишээ харин хэл гэгч бол үндэстний ахуй мөн! Чухам энэ л “ахуй” хэмээх суурь онтолог ойлголтонд өнөөх та бүгдийн хасаж хайрах гээд үзэн ядаад байгаа уран зохиол гэгч юм чинь орж байж орчин цагийн 21-р зууны та бидний амьдарч аж төрж буй үеийн хүн гэгч амьтаны оршихуйн /экзистенци/ учир шалтгааны шүтэн барилдахуйг /ахуй/ бүрдүүлж байгаа юм шүү дээ ! Энийг өчүүхэн бид ч хэлээд байгаа юм биш, орчин цагийн тэргүүлэх хэл шинжээчид болох танай тэр А.Н.Хомский, модернизмын нэрт төлөөлөгч Жак Деррида, түрүү үеийн гүн ухаантан М.Хайдеггер нар хэлээд анхааруулаад байна.
Өнөөдөр хүний тухай асуудлыг авч үзэхүйд эргэлт гарч ХХ зууны сүүл үеэс бүр тодруулбал 1988 оны 8-р сарын 21-27-ны өдрүүдэд Их Британид болсон дэлхийн философичдын XYIII конгрессоор хүний тухай асуудлыг чухалчлан авч үзсэн бөгөөд уг конгрессийн гол сэдэв нь “Хүнийг философийн түвшинд ойлгох” тухай асуудал байв. Конгресст 70 гаруй орны 2000-аад философич оролцон 4 нэгдсэн, 50 гаруй салбар хуралдаанаар асуудлаа авч хэлэлцсэн гэдэг. “Сонгодог философи”-ийн үед S(субъект) → O(объект) гэсэн танин мэдэхүйн хандлага буюу хүн юмыг танин мэдэх асуудал чухлаар тавигдаж байсан бол “Сонгодог бус философи”-долтын үед S(субъект) → O(объект) гэсэн хандлага өөрчлөгдөж хүн юмыг танин мэдэх → (арга хэрэгсэл)-ийн тухай асуудал чухал болж ирсэн байдаг. Гэтэл өнөөдөр буюу “Сонгодог бусын дараах философи”-ийн үед S(субъект)↔S(субъект)-ын харилцаа буюу хүн хүнээ танин мэдэх асуудал чухлаар тавигдах болов. Өөрөөр хэлбэл шинжлэх ухааны судалгааны төв байрыг хүн эзлэв. Үүнтэй уялдаад модерн, постмодерн философидолт дахь хэлний үүрэг, угтаа хэл гэдэг ойлголтыг авч үзэх үзэл эрс өөр боллоо. Учир нь хүнд эцсийн эцэст хэл л байдаг. Г.Фреге, Б.Рассел, эхэн ба хожуу үеийн Л.Витгенштейн, М.Хайдеггер, Ж.Деррида, Ж.Ф.Лиотар, Ж.Лакан, Ж.Делёз, Ф.Гваттари, Ю.Кристева, Ж.Бодрийяр, Ж.Уиздом, Г.Райл, Ж.Остин, М.Шлик, А.Айер.., нарын философи үзлүүд хүлээн зөвшөөрөгдөж аналитик философи, лингвистик философи тэдгээрт үзүүлсэн неопозитивизмын бататгал нэгэнт төлөвшлөө. Гэтэл манай хэл шинжлэлийнхэн хэл гэгч энэ ахуйг тодорхойлогч суурь ойлголтоо зөвхөн хэл шинжлэлийн сурах бичиг бичих гээд ойлгочихсон нөгөө хэлний ахуйг бүрдүүлэгч салшгүй нэг хэсэг болсон үгийн урлаг болох уран зохиолыг ад үзэж суух нь нэн өрөвдөлтэй. Монгол бичигт шилжихгүй бол улс сөнөлөө хэмээн сүүлийн 30 жил донгоссон элий балай юмсаа зурагтын суваг болгоноор шүлсээ үсчүүлэн чалчигч монгол хэл шинжлэлийн эрдэмтэн нэрт хэдэн нөхдүүдийг “За яах вэ төсөл нэрээр хэдэн цаас аваад л чимээгүй болчихдог юм” хэмээн үл тоомсорлоод хаячихаж болно. Харин сурвалж гүн, агуулга өргөн туурга тусгаар үндэстний нэг амь сүнс - ахуй - оршихуй болсон монголын аман болон бичгийн уран зохиолыг нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах болгохыг хүлцэн харж суух гэж үү?! Ёстой ҮГҮЙ ШҮҮ !
Нэгэн зүйл
Өдгөө манай улс хүмүүнлэг нийгэм байгуулна гэсэн уриа дэвшүүлээд 30 оны нүүр үзэв. Тэгвэл хүмүүнлэг нийгмийн тулгуур нь хүн, хүн хүндээ хүмүүнлэгийн боловсролтой хүн байх учиртай. Манай ерөнхий боловсролын сургуулиудад үздэг хичээлүүдийг:
-Хүн болгох хичээл
-Мэдлэг олгох хичээл хэмээн зааглан үзэж болно. Мэдлэгтэй болгох хичээлүүдэд эх хэл, гадаад хэл, математик, хими, физик, биологи, газар зүй.., гээд байгалийн ухааны чиглэлийн болон хүүхдэд мэдлэг өгдөг хичээлүүдийг оруулан үзэж болох юм. Харин хүн болгодог хичээлүүдэд уран зохиол, дуу хөгжим, зураг, хөдөлмөр, иргэний боловсрол, биеийн тамир.., гээд хичээлүүдийг оруулан үзэж болно. Тэгвэл бидний тунхаглаад байдаг хүмүүнлэг ардчилсан нийгмийн гишүүдийг толгой дараалан математикч, физикч, химич, биологич, хэл шинжээч болгох нь нэн чухал юм уу? Ийм хүмүүс нэн тэргүүнд хэрэгтэй юм уу? Эсвэл худал хэлдэггүй, хүн алдаггүй, хүүхэн хүчинддэггүй, хулгай хийдэггүй, хувиа хичээдэггүй, нөхрөөсөө урвадаггүй, эхнэрээ зоддоггүй, хүнийг хайрлаж чаддаг, нэгнийхээ баяр хөөрийг ойлгон баярладаг, нөгөөгийнхөө зовлон гунигийг хуваалцан нулимс унагаж чаддаг хүн шиг хүн хэрэгтэй юм уу? Мэдээж хүн шиг хүн хэрэгтэй. Үүнтэй маргах хэн ч үгүй байх. Тэгвэл энэхүү зорилтыг буюу бидний алсын харааг, хүнийг хүн болгох хичээлүүдээр л төлөвшүүлнэ, тэр хичээлүүд дотроос хүнийг жинхэнэ хүн болгох асуудлыг тээж явдаг суурь гурван урлаг хэмээгдэх уран зохиол, уран зураг, хөгжим түүн дотроос хүний тухай асуудлыг хамгийн нухацтайгаар цаг хугацаа, орон зайн уудам огторгуйд тунгаадаг нь гагцхүү УРАН ЗОХИОЛ. Учир нь уран зохиол хүнийг амьдралд хайртай байхад сургадаг билээ.
Харин үсгийн дүрмээр хүнийг нийгэмшүүлэх уу?, Зөв бичих дүрэм үзээд иргэншсэн хүн байна уу?, Авиа зүйн, үг зүйн задлал хийгээд, өгүүлбэрийн гишүүдийг ялган зурсаар байгаад амьдралын ухаантай болсон хүн байдаг юм уу? ҮГҮЙ, мянга дахин ҮГҮЙ гэдгийг бүх хүн, түүн дотроос хэл шинжээчид хамгийн сайн мэдэж байгаа. Яг нөгөө Адмон компаний захирал Р.Энхбат гуайн “Монгол бичигт шилжих боломжгүй гэдгийг хамгийн сайн мэдэж байгаа мөртөө монгол бичигт л шилжих ёстой гэж байнга ярьдаг хүн бол Ш.Чоймаа багш” гэдэг шиг. Тэгэхээр хүнийг хүн, монгол хүнийг монгол хүн болгох эрхэм үүргийг зурагтын дэлгэцээр тэнгэргүй оодорсоор байгаад мал туугчийн шагнал авчихдаг хэл шинжлэлийн олон эрдэмтэдэд найдах гэж үү! Үгүй дээ! Учир нь хэлний тэнгэр чинь уран зохиол юм шүү дээ, эрхэм хүндэт малчид, хөдөлмөрчид өө !
Гэтэл өнөөдөр ЕБС-д монгол хэл, монгол бичиг судлах цаг ойролцоогоор 70 % байгаа бол уран зохиолын хичээлд суралцах нийт цаг 30 % байна! ЕБС-ийн төгсөлтийн улсын шалгалтын нэрнээс уран зохиол гэдэг үгийг шууд хасаад “Монгол хэл бичгийн шалгалт” хэмээн нэрлэсэн бол 12 – р анги төгсөгчдөөс монгол хэл – уран зохиолын мэргэжлийн чиглэлээр их дээд сургуульд элсэлт авах ЭЕШ-ын тестийн 87 % нь монгол хэл шинжлэлийн асуулт /тест/, харин 13 % нь уран зохиолын мэдлэг шалгах асуулт /тест/ байна. Энэ бол хэл шинжлэлийн Та нарын маань олон жилийн “оператив” үйл ажиллагааны “амжилттай” үр дүн !
Тиймээс үгийн урлагийн суу билэгтнүүдээ, эгэл жирийн иргэд ээ, эрхэм уран бүтээлчдээ, зохиолчид оо, сэтгүүлчдээ! Монгол хэл, монголын уран зохиол, үр хүүхэд, ирээдүй хойч үеийнхээ хүмүүжил боловсролын төлөө санаа сэтгэлээ гэгэлзүүлж явдаг хэн бүхэн эрхэм нөхөд өө! Монголын их утга зохиол, уран сайхны боловсролыг жинхэнэ монгол хүмүүнийг төлөвшүүлэх ажлын цөм болгох асуудлаар нэгдэцгээе! Мориндоо мордох цаг боллоо хэмээх Монголчуудын нэн дуртай ойворгон сагсуу үгийг /хэдийгээр ичмээр ч гэлээ – С.Э, Г.Б/ арга тасран хэлэх цаг болж байх шиг байна! Мориндоо !!!
Төгсгөл
“Утга зохиол гэдэг бол хүрээлэн буй ертөнцөө ойлгож, илэрхийлэх чадварын оргилд хүрсэн билигт хүмүүсийн оюун санаа юм. Утга зохиолын талаарх хамгийн оновчтой хариулт энэ л байхаа. Зохиолд гарсан зүйлтэйгээ тэр болгон санал нийлдэггүй ч гэсэн уншсаар байдаг үе хүнд бий. Иймэрхүү үе буюу аливаад шүүмжлэлтэй хандах чадвар суух хүртэл бидний оюуныг тэлж, мэдрэхүйг хурцалдаг зүйл бол утга зохиол. Хүмүүс яагаад утга зохиол уншдаг вэ гэж үү? Бидний амьдралыг өөр юутай ч зүйрлэшгүйгээр баяжуулдаг учраас л тэр. Биднийг илүү хүмүүнлэг болгодог. Уншиж танихын хэрээр илүү хүмүүнлэг болгоно л гэсэн үг” хэмээсэн ИБУИНВУ-ын Лондоны их сургуулийн англи хэлний коллежийн профессор Жон Сатерланд абугайн боловсрол үнэртсэн зөнч мэргэн үгээр энэхүү бяцхан тэмдэглэлээ өндөрлөе.
С.Энхбаяр /МУБИС/
Г.Батсуурь /МУБИС/
2021
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:25:49
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:25:49
Кирилл үсгээ баримталж цаашид хөгжье. Агуулга ГОЛ. [202.131.225.53] 2021-03-11 06:05:03
Кирилл үсэг, уйгаржин монгол гэж маргаж, ХЭЛБЭР хөөсөөр 30 гаруй жил боллоо. Гэтэл энэ 30 жилд өөдтэй монгол уран зохиолын АГУУЛГА бүхий бүтээл гарахаа больчихлоо. Иймд ХЭЛБЭРЭЭ хөөхөө больж АГУУЛГАД илүү анхаарах ёстой болсон юм биш үү? Монгол бичгийг хуучны монгол бичигт оруулснаар ӨНӨӨГИЙН МОНГОЛЧУУД ямар давуу тал олж авах юм бэ? Монголынхоо уран зохиолын АГУУЛГАА баяжуулж чадахгүй юм бол бидний цаашдын сэтгэлгээ ЯДУУРЧ ДОРОЙТОЖ ДОРДЛОО шүү.
Зочин [122.201.21.19] 2021-03-11 05:19:27
Юун ИХ утга зохиол гэж? Тогтсон онолгүй, соц реализм гэх мэт цаг үедээ тохируулсан онолтой, судлагч нь санаанд орсоноо ярьдаг... ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнг үргэжлүүж уран зохиолых хүнээр удирдуулж монгол хэлний асуудлыг орхигдуулах гэсэн санаархал үнэртэж байна:
Зочин [64.119.26.248] 2021-03-10 23:03:59
МУБИС улам л дордоод, яана да
Бууны ноход [88.103.231.157] 2021-03-10 15:26:46
Энхбаёр Батсууёр гэж китэдийн 2 бууны нохаа өвөрмонгол хэл бичгийг барьж идчикээд одаа бас ар монголын хэлбичгийг барьж залгихаар шүлэсийг сабируулж айсуй. МУБИС мундаг 2 баагий бульдогийг тэжээсэн байнаа, Аймшигтай.
Зочин [195.46.106.44] 2021-03-10 10:30:08
Таныг дэмжиж байна. Энэ Монгол хэлний дүрмийг өөрийн дураар засагчид 100 жилд хэвлэгдсэн бүх номыг засаарай. Нэг өглөө босоход л нэг дүрэм гаргадагаа болицгоогоорой. Манай шинэ үеийн сэхээтнүүд уран зохиолын ачаар "Хүн" төрхтэй болцгоосон юм. Уран зохиол сайн уншиж байж ертөнцийг таньж, амьдралд суралцана шүү Залуучууд аа.
Зочин [122.201.21.19] 2021-03-11 06:53:06
Ингэж буруу зөрзз бичдэг чинь Багшийн их сургуулийн монгол хэлний багш нараар заалгаж монгол хэлний анги төгсөж, монгол хэлний багш болсон Та нарын торгон шавь нарын чинь ажлын үр дүн. Шинэ үсэгт ороогүй, их гүрнүүдийн үгүй хийх зорилго болсон монгол бичигтэй байсан бол ингэж будлихгүй байсан байх даа.
зочин [66.181.182.218] 2021-03-10 09:36:39
хоорондоо алалцаад дуусцгаа.ийм л нийгмийн үндэс суурийн 30жилд тависаан.хэн хүн алж,хулгай хийж, худал хэлж,зали,мэх ,матаас хийж чаднав.тэр л үлдэх ёстой нийгэм юм шүү дээ.
Зочин [66.181.161.41] 2021-03-10 09:12:32
Бачр хүргэе , сургуульд маань - тэх тусмаа монгол хэл - зохиолын салбарт ертөнцийг үзэх үзэл буюу философлог \ шинжлэх ухаанлаг ч гэмээр юм уу \ үзэл хандлагатай залуус төрөн гарч байгаад огшиж байна , уг нь цаг нь аль хэдийнээ болсон л доо . Овоодоо - " хуучин балараа орхиё - хувьсгалт ажилд оролцьё " гэсэн өгүүлэмж \ хэллэг \ санаанд буучихлаа ...