Нийгмийн даатгалын шимтгэлийн хоёр хувийг хассан гэх жүжиг

Aдмин / Хууль

Нийгмийн даатгалын тухай хуульд 2017 оны дөрөвдүгээр сарын 14-нд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Уг өөрчлөлтөөр 2017 онд Тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ ажил олгогч болон даатгуулагчийнх тус бүр долоон хувь байсныг 9.5 хувь болгон нэмэгдүүлсэн. Ингэхдээ хуулийн дагуу ажил олгогч болон даатгуулагчийн шимтгэлийг тус бүр 2018 оноос нэг хувь, 2019 оноос 0.5 хувь, 2020 онд мөн нэг хувиар буюу гурван жилийн хугацаанд 2.5 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Цар тахалтай холбоотойгоор 2020 онд хэрэгжих нэмэгдлийг нэг жилээр хойшлуулсан. Ингээд 2021 оны нэгдүгээр сараас эхлэн нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ хоёр хувиар (ажил олгогч нэг хувь, даатгуулагч нэг хувь) нэмэгдэж байгаа. Энэ нь ажил олгогч болон ажил хийдэг хүмүүсийн дургүйцлийг хүргэсэн. Аль аль нь одоо байгаа шүлс шиг жоохон цалингаа юу ч үгүй болгох нь гэж дургүйцэв. Үүнтэй уялдуулж өнгөрсөн пүрэв гаригийн чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын шимтгэлийн дээрх хоёр хувийг бууруулахыг хэлэлцэж олонх дэмжсэн. Угтаа хоёр хувиар бууруулж байгаа хэрэг огт биш. НДШ-ийг таван хувиар нэмэх гэж байгаад гурвыг нь нэмчихсэн. Үлдсэн хоёр хувийг нь цар тахлаас болоод нэмэхээ больё л гэж байгаа юм. НДШ-ийг хоёр хувиар бууруулчихлаа гэж хөөрцөглөөд ярьж байгаа бүхэн шоу. Шоу хийгээд байгаагаа НДШ-ийг хасч байна гэж яриад байх юм. Бүх зүйл хуучнаараа л байгаа. Иргэд ч энэ бүхнийг чинь мэдэж байгаа.

Нэгэнт нийгмийн даатгалын тухай бичсэнийх манай тэтгэвэр яагаад ийм бага байдаг, даатгалын мөнгө нь яагаад арвиждаггүй тухай хэдэн зүйл эргэцүүлье гэсэн юм. Манай улсын нийгмийн даатгалын шимтгэлийн тогтолцоо харьцангуй залууд тооцогдох ч ижил хугацаанд, манайхаас сүүлд энэ системийг эхлүүлсэн улс орнуудад энэхүү салбар нь аль хэдийнэ туршлагажин тогтворжчихсон жишээ олонтаа. Харин манай Нийгмийн даатгалын сан, тэтгэврийн даатгалын сан хөгжиж өөдлөх бүү хэл, сангийн сав нь хоосорч дампуурахад ойрхон байна. Иргэд шимтгэл төлсөөр байтал даатгалын сан нь хоосорч, улсаас шууд татаас авах замаар үйл ажиллагаа явуулдаг нь хачирхалтай. Иргэд бүх насаараа хөдөлмөрлөөд шударгаар шимтгэлээ төлөөд явсан байтал нэг л мэдэхэд сан нь хоосорч, хэн нэгэн ялсан намын томилогдож ирсэн дарга хумсалж, бүр алдагдалтай ажилладаг. Түүнийгээ нөхөхийн тулд бүх ачааг ажил хөдөлмөр эрхлэгчдийн нуруун дээр үүрүүлдэг. Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын тоо-цоолсноор сая орчим цалинтай хүний 34.7 хувь нь бүх төрлийн татвар шимтгэлд зарцуулагдаж байна гэсэн тооцоо байна. Энэ нь хүмүүсийн гар дээр тун бага мөнгө үлдэж байна гэсэн үг. Сүүлийн дөрвөн жилийн дотор НДШ таван хувиар нэмэгдсэнээр иргэдийн орлого 10 хувиар буурч. Татвар нэмэгдсэн ч тэр нь үр ашигтай зарцуулагдсан бол иргэд нь дургүйцдэггүй. Харин манайд татвар үр ашиггүй зарцуулагдаж байгаад л иргэд туйлын дургүйцдэг. Манай улсын хувьд цалингаас суутгах татвар шимтгэл зэрэгт маш болгоомжтой хандах ёстой. Ялангуяа ирээдүйгээ даатгаж байгаа гэсэн итгэлээр Нийгмийн даатгалын шимтгэл төлж буй иргэдийнхээ итгэл үнэмшлийг алдах, сөрөг байлгах маш хортой гэж шинжээчид үздэг.

Нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч 50, 50 хувиар төлдөг. ААН үүнийг төлөөгүй бол асар их дарамт ирдэг. Гүйлгээг нь зогсоож, дансыг нь хаадаг, ингээд дампууруулах зүйл рүүгээ явдаг. Тэр ажил олгогч өөрийнхөө тавин хувийг төлөхөөс гадна өөрийн байгууллагад ажиллагч хувь иргэний мөнгийг хурааж төлүүлж байх ёстой гэсэн хууль байдаг. Социализмаас салаад ардчилсан нийгэмд 30 жил амьдарчихаад ААН хувь хүнд яагаад санаа зовох ёстой гэж. Хувь хүн өөрөө өөрийнхөө төлөө санаа зовох ёстой. Тэр хүн тэтгэвэрт яаж гарах нь өөрийх нь л санаа тавих ётой зүйл баймаар юм. Ажил олгоод ажилласан хөлсөнд нь ажил олгогчийн өгөх ёстой төлбөрөө төлөөд дахиад хувь хүний өгөх татварыг заавал хурааж авч нийгмийн даатгалд төлж байх үүрэг бол ямар ч хэрэггүй дэмий үүрэг юм. Зүгээр үүрэг байдагсан бол ч яах вэ гэхсэн. Үүнийгээ биелүүлээгүй бол тухайн ажил олгогч шууд шоронд явах хүртэл хатуу хуулийн заалттай байдаг.

Цалингийн 30 хувийг НДШ нэрийдлээр татчихдаг. Энэ нь ААН-үүдэд мөн л дарамт болж ирдэг. Өгч байгаа жаахан цалингийн гучаад хувийг аваад явчихаар тэр хүнд юу үлдэх юм бэ. Тэгээд цалин багатай гэсэн муу нэр ажил олгогчдод очдог. Тэднийг шулаач, харамч, зарж байна гэх зэргээр нийгэм даяараа харааж байдаг. Нийгмийн даатгалын шимтгэлийн өгөөжийг ажилтан ч, компани ч яваандаа хүртэхгүй болчихоод байгаад гол учир бий. Ажиллаж ажиллачихаад тэтгэвэртээ гарахдаа дөнгөж гурван зуухан мянган төгрөгөөр л гарцгаадаг. Тэгэхлээр энэ салбар дахь тогтолцоо, зохицуулалтын бурууг дан ганц шимтгэл нэмэх хэлбэрээр аврах боломжгүй. Шимтгэл хураамж дээд цэгтээ тулчихаад байна. Үүнээс цааш нэмэх юм бол ажил олгогч ч ажил хийж яваа хүмүүс ч тэсэхгүй. Нийгмийн даатгалын одоо байгаа үрэлгэн тогтолцоог өөрчлөх хэрэгтэй болоод удаж байна. Дор хаяж иргэдэд өөрсдөд нь сонголтыг өгөх хууль гаргамаар байна. Нийгмийн даатгал төлж байгаа хүмүүст ямар давуу тал бий болж байгаа нь тодорхойгүй. 20 хэдтэй залуу ажилд ороод, тэтгэвэрт гартлаа НДШ төлөөд өнөөдрийн тэтгэвэр авч байгаа хүмүүс шиг амьдарна гэвэл үнэхээр хэцүү.

Ер нь Нийгмийн даатгалын ерөнхий газар гэж нүсэр том энэ байгууллага байх шаардлага байна уу. Орчин үед бүх зүйл цахимжсан байхад баахан хүн ажиллуулж татвар төлөгчдийн мөнгийг үрж байх хэрэг байна уу. Хагас цэрэгжсэн форм цолтой бараг цагдаа, цэргээсээ том энэ байгууллага юу хийдэг юм бэ. НДЕГ гэж аймаг, сум бүрт салбартай энэ байгууллагад хийх ажил байдаг юм уу. Энэ олон мянган орон тоог цөөлөх хэрэгтэй. Иргэдэд цар тахлын үед улсаас олгосон 300 мянган төгрөг, 50 мянган төгрөгийг иргэдийн данс руу шилжүүлэхэд ганц ч хүний хэрэг байсангүй. Тийм байхад эдний хэрэг байна уу. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл гэж хаалттай байгууллага байдаг, хэн юу хийдэг нь тодорхойгүй. Гаргаж байгаа шийдвэр нь хариуцлагагүй. НДШ төлөгч бидний мөнгийг системийн бус эрсдэлтэй банкинд байршуулаад алдсан. НДШ-д хуримтлуулсан мөнгийг удирдаж буй сайд нь үрээд л дуусдаг. Ийм л жишиг одоо хүртэл явлаа. УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн Капитал банк дампуурахын өмнөх өдөр тухайн үеийн ХНХ-ын сайд байсан С.Чинзориг 300 тэрбумыг шилжүүлсэн байсан. Нийгмийн даатгалын мөнгийг үрэн таран хийчихээд С.Чинзориг гишүүн сайхан сайхан зүйл яриад одоо УИХ-д сууж байна. Ийм жишээ бүх эрх барьж байсан намд байгаа. Нийгмийн даатгалын мөнгийг өсгөж байна гэдэг нэрийдлээр хүүг нь хулгай хийдэг. Огтхон ч өсдөггүй. Нийгмийн даатгалд хуримтлагдаж байгаа мөнгө гэж байдаггүй. НДШ-ийн мөнгө гэж байхгүй явсаар өдийг хүрсэн. Нүсэр том бүтэцтэй энэ үрэлгэн байгууллагыг татан буулгах хэрэгтэй. Гэтэл гадны улсад нийгмийн даатгалын мөнгө нь тоо томшгүй өсч байдаг. Нийгмийн даатгал нь ашигтай ажиллаад ирэхээр эргээд тэтгэвэр авагчдадаа сайнаар нөлөөлдөг.

Өссөн мөнгөний ашгаас тэтгэврийнхэндээ олгодог жишээ олон байдаг. Мөн өөр маягаар ч тэтгэвэр олгодог аргууд энэ дэлхийгээр нэг байгаа биз ээ. Хамгийн ойрын жишээ гэхэд бидний өдөр бүр үздэг солонгос сериал дээр тэтгэвэрт гарах болохоор нь бүх төлсөн нийгмийн даатгалаас нь хувиар бодоод нэг дор мөнгийг нь өгчихдөг бололтой юм билээ. Энэ бол байж болох л жишиг. Шударга л санагдаж байна. Хүн амын насжилт тийм ч өндөр биш манай улсын хувьд Нийгмийн даатгалын сан алдагдалтай, ямар ч нөөцгүй байна гэдэг нь энэ сангийн менежмэнт буруу, тэнд намаас очсон луйварчид л хагартлаа баяжиж ирснийг харуулж байгаа юм. Тиймээс бид гадны улсын туршлагаас судлах хэрэгтэй.

Бас нэг инээдэмтэй ч юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг шийдвэр саяхан гарсан. Монгол эрэгтэйчүүдийн дундаж наслалт 66. Гэтэл тэтгэврийн насыг 65 болгосон. Тэтгэвэрт гараад нэг жил болоод бурхан болсон тохиолдолд насаараа төлсөн тэтгэврийн даатгалын шимтгэл шууд л улсын орлого болдог. Үр хүүхдэдээ өвлүүлэх, үр шимийг нь хүртдэггүй тогтолцоо манайд хэрэгждэг. Энэ бүгдээс харахад, Нийгмийн даатгалын ерөнхий газар гэгч байгууллага иргэдийг мөлжих байгууллага юм уу. Хуруу хумсаа хугалан байж хөдөлмөрлөж олсон мөнгөнөөсөө шимтгэл төлөх хэрэг байна уу гэх зүйл иргэдийн дунд яригддаг.

Ер нь нийгмийн даатгалыг улс төрөөс хол байлгах ёстой. Аливаа зүйл улс төртэй хутгалдаад ирэхээрээ л явдаггүй, хөгждөггүй. Улстөржсөн шийдвэрүүд хэрхэн хохирол, алдагдал учруулдаг жишээ энэ салбараас тод харагддаг. Даатгуулагч иргэд, ажил олгогчдод ачаалал үүрүүлдэггүй зөв системд оруулах шийдэл өнөөдөр үгүйлэгдэж байна. Хувийн даатгалын ажил эхлэл төдий байгаа, сайн хөгжиж өгөхгүй л байна. Энэ арга цаашид хөгжинө гэхэд бас хэцүү. Яагаад гэвэл хувийн даатгал хийж байгаа байгууллага цаашид 80 жил байж чадах уу гэдэгт хэн ч баталгаа гаргаж чадахгүй. Дээр нь бидний хэн нь ч зуун жил бизнес хийж үзээгүй, монголчууд бүүр нэг газар, нэг ажил удаан хийх дэмий гэж үздэг. Тэгэхлээр энэ хувийн байгууллага гучин жилийн дараа байх уу гэдэгт хэн маань ч итгэхгүй байна. Мөнгө хурааж байгаад л хулхидаад, дампуурсан гэж хуураад л арилна гэх айх айдас бидний ясанд шингэсэн. Хувийн тэтгэврийн байгууллагууд төртөй хамтарвал бас арай итгэл төрүүлэхүйц юм даа. Эрхбиш улс байх байлгүй дээ.

ӨДРИЙН СОНИН БАЗАРРАГЧААГИЙН НОМИН-ЭРДЭНЭ

image


Сэтгэгдэл

зочин [122.201.21.112] 2021-05-19 08:37:51

Тэтгэвэрийн зөрүү гэхээр хамгийн бага тэтгэвэрийг өсгөх юм ярих юм. Чинзориг гишүүн дуугараа ч.1995оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэвэр багш гэхэд ижил жилтэй ижил цалинтай байсан хүмүүсийн тэтгэвэр 200000 төг зөрүүтэй байна гэсэн юм шүү дээ. Үүнээс болж хамгийн бага тэтгэвэртэнгүүд төрсөн түүхтэй. Төр буруутай зүйлээ зас гэхээр хөдөлдөггүй.

zochin [66.181.164.214] 2021-05-19 05:12:31

yg unen bichjee.

Зочин [202.9.46.227] 2021-05-19 03:35:02

Тэтгэврийн насыг бас бууруулах шаардлагатай,

зочин [59.153.114.17] 2021-05-19 02:16:27

маш их хүмүүс хохирол амсана.,хувийн улсынх али алин ни хэрэггүй.зөвхөн олон нийтийн ндш төлөх сантайгаа байх хэрэгтэй.ндгазрыг цахимжуулах ,орон тоог цөөрүүлж ,улстөрөөс хол байлгаж,нийтийн хяналтанд оруулж,үндэсний даатгалын зөвлөл гэгчийг татна буулга.улстөрийнхөнөөс хол ,ундармаа,эрдэнэ,чинзориг,сүхбаатар нарын олон хулгайч нарыг шоронд хий.мөнгөө энэ хулгайч нараас авч байж хүн амынхаа хохиролыг барагдуул.хувийн ндш гэдэг чини мөн л ялгаагүй хулгайч нар л үүрэлчихсэн газар бгаа.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.