Улс төрч ба бизнес эрхлэгч хоорондын харилцаа хамаарлын харанхуй хэвлий: ҮҮНИЙГ ЭВДЭЖ БОЛОХ УУ?

Aдмин / Гадаад мэдээ

Улс төрийн нам болон хувийн хэвшлийн хоорондын хор хөнөөлтэй хэлэлцээрийг шалгах эрх бүхий төрийн байгууллага одоогоор байхгүй байна. Үүний үр дүнд, танил талаа албан тушаалд томилох(кронизм) болон төрийн эрх мэдлийг ашиглан ашиг олох үйл ажиллагаа нь бидний системийн салшгүй нэг хэсэг болжээ.

2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 200 гаруй бизнес эрхлэгчид Балба Улсын Коммунист намд элссэн. Энэ нь улс төрийн намд хувийн хэвшлийнхэн бүлэглэн нэг дор элссэн анхны үзэгдэл болж тус улсын түүхэнд үлдсэн юм.

Тэд Коммунист намын дарга, Ерөнхий сайд асан К.П. Шарма Оли болон намын бусад удирдлах албан хаагчдын нөлөөлөлд орж ийнхүү тус намд элсжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж буйгаар Олигийн кабинетэд Үйлдвэр, худалдаа, хангамжийн сайдаар ажиллаж байгаад Ерөнхий сайд К.П. Олигийн Эдийн засгийн тусгай зөвлөхөөр томилогдсон Моти Лал Дугар нь тус хувийн хэвшлийнхний дэмжлэгийг авахад ихээхэн нөлөөлөл үзүүлжээ.

Тэдгээр бизнес эрхлэгчдийн зарим хэсэг нь ирээдүйд тус намыг удирдах сонирхолтой байсан бол зарим хэсэг нь өөрсдийн зорилгыг нийтэд мэдээлэхээс татгалзсан байна. Балбын Худалдаа аж үйлдвэрийн танхимын холбоо, Балжийн Аж үйлдвэрүүдийн холбоо зэрэг хувийн хэвшлийн холбоод хүртэл энэхүү асуудлын талаар чимээгүй байгаа юм.

Хагас жил хүрэхгүй хугацааны дотор Балбын Конгресс (өмнө нь сөрөг хүчин байсан, одоогоор эрх баригч нам) хувийн хэвшлийн бизнес эрхлэгчийг сайдын албан тушаалаар шагнах нь ямар нэгэн өөрчлөлт авчрахгүй гэдгийг харуулсан. Хувийн боловсролын бизнесийн магнат Умеш Шрестаг сайдын албан тушаалд томилсон үйлдэл нь олон хүний гайхшралыг төрүүлсэн юм.

2017 онд Коммунист намаас гарсны дараагаар Конгрессын гишүүн болсон ам.долларын тэрбумтан Бинод Чаудхари нь мөн сайдын албан тушаалд томилогдохоор эрэлхийлж байгаа гэдэгт олон хүмүүс итгэлтэй байгаа юм.

ИЛ ТОД НУУЦ

Өнөөдөр Балба Улсад хувийн хэвшлийнхэн бизнесийн дүрэм, ёс зүйг дагах бус тодорхой нэг улс төрчийг дагаж үйл ажиллагаагаа эрхэлж байна. Бизнес, улс төр хоорондын харилцан хамаарал хэтэрхий гүнзгий байна. Энэхүү мэдээлэл нь ил тод нээлттэй боловч нууц юм. Улс төрчид бизнес эрхлэгчдийг ил тод нээлттэйгээр дэмжиж байгаа явдал нь нээлттэй байдал юм.

Гэвч тус бизнес эрхлэгчдээс улс төрчдөд өгч буй мөнгөн дэмжлэг, энэхүү дэмжлэгийн эх сурвалж нь нууц билээ. Бизнес эрхлэгчид улс төрчдөд үзүүлсэн дэмжлэгийн хариуд юу авах вэ? Томоохон бизнес эрхлэгчид өөрсдийн хүмүүсийг улс төрийн намд байршуулснаар ямар ашигтай вэ?

Дээр дурдсан улс төрд орсон бизнес эрхлэгчид өөрсдийн буруутай үйл ажиллагаанд ямар нэгэн хариуцлага хүлээдэггүй гэдэг нь мөн адил нээлттэй нууц юм. Бизнес эрхлэгч болон улс төрчдийн хоорондын хуйвалдаан нь энэхүү нууцад мөн хамаарна. Балба Улсад 2011 онд нэмэгдсэн өртгийн албан татвартай холбогдох хувийн хэвшлийн 518 байгууллагын залилан, болон бусад гэмт хэргийн үйлдлийг мөрдөн шалгаж илрүүлсэн бөгөөд үүнээс хойш дахин бизнес эрхлэгчдийг хамруулсан томоохон мөрдөн шалгах ажиллагааг гүйцэтгээгүй юм.

Хувийн хэвшлийн болон төрийн байгууллагын хууль бус үйлдлийг мөрдөн шалгаж таслан зогсоох эрх бүхий засгийн газрын агентлагуудын үйл ажиллагаа зогсонги байдалд орсон. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах эрх бүхий байгууллагууд болох Мөнгө угаах гэмт хэргийг мөрдөн шалгах газар, Орлого хянан шалгах газар, Хүнсний технологи, чанарын хяналтын газар, Балба Улсын Стандарт, хэмжил зүйн товчоо зэрэг байгууллагууд нь арав гаруй жилийн турш дорвитой үйл ажиллагаа гүйцэтгэлгүй зогсонги байдалд оржээ.

Үл хөдлөх хөрөнгийн салбар нь бизнес эрхлэгчид болон улс төрчдийн харилцаа хамаарлыг хамгийн ихээр харах боломжтой салбарын нэг юм. Үл хөдлөх хөрөнгийн салбарт хийгдэж буй мөнгө угаах, татвараас зайлсхийх үйлдлийн талаар агентуудаас удаа дараа мэдээлж байгаа боловч засгийн газраас тус гомдлыг үл тоомсорлож, мөрдөн шалгах ажиллагаа хийхээс татгалзаж байгаа юм.

Мөнгө угаах гэмт хэргийг мөрдөн шалгаж газрын нэрээ нууцалсан албан хаагчийн мэдээлж буйгаар улс төрчид үл тоомсорлох замаар тус салбарт мөнгө угаах ажиллагааг дэмждэг бөгөөд зарим тохиолдолд татвараас зайлсхийх, мөнгө угаах үйлдэл болон бусад хууль бус үйлдлийг эрчимжүүлдэг байна. “Бизнес эрхлэгчид их хэмжээний хөрөнгийг хүчирхэг улс төрчид болон тэдний хамаарал бүхий этгээдэд өгч засгийн газраас бодлогын түвшинд дэмжлэг авдаг. ” хэмээн тус албан хаагч мэдээлжээ.

Үл хөдлөх хөрөнгийн агентын мэдээлснээр улс төрчид тус салбарт хөрөнгө оруулж, үр ашгийг нь өөрсдийн түншүүдээр дамжуулан авдаг байна. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Гер Бахадур Деубын Эрүүл мэндийн сайдаар томилсон Умеш Шреста нь Катманду хотын хойд хэсэгт тосгоны иргэдийг хуурч мэхлэн газар авсан гэх үйлдэл нь олны анхаарлыг татах болсон.

Өөр нэгэн анхаарал хандуулах шаардлагатай салбар нь бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээнд тавих хяналт юм. Хэдэн сарын өмнө цагдаагийн албан хаагчид шоколад дүүрэн байшинд гэнэтийн шалгалт хийсэн тухай мэдээ олон нийтэд цацагдсан боловч энэхүү хэрэг мөн л хэрхэн шийдвэрлэгдсэн нь тодорхойгүй намжсан байна. Төрийн байгууллагууд чанарын шаардлага хангахгүй байгаа бараа бүтээгдэхүүнтэй холбогдох арга хэмжээг төдийлөн хэрэгжүүлэхгүй байгаа юм.

Үүнтэй адилаар, засгийн газраас хувийн хэвшлийг бүлэглэл байгуулж үнийн хөөрөгдөл үүсгэхийг зөвшөөрчээ. Агаарын тээврээс барилгын материалын үнэ хүртэл хувийн хэвшлийн бүлэглэлийн үйл ажиллагаанаас хамаарч үнийн хөөрөгдөл үүсэж байна. Хэдийгээр хувийн хэвшлийн бүлэглэлийн аль ч төрөл нь чөлөөт, өрсөлдөөнт зах зээлийн үндсэн зарчимд үл нийцэх боловч засгийн газраас үүнтэй тэмцэх ямар нэгэн арга хэмжээ авсангүй.

Харилцаа хамаарлын сөрөг тал энд хүрээд дууссангүй. Зарим томоохон корпорацууд хувийн хэвшлийн салбарыг бүхлээр нь удирдаж байна. Тэд мөн банк болон даатгалын компаниудыг ч тойрон өнгөрсөнгүй. Гэсэн хэдий ч засгийн газраас хувийн хэвшлийн компани нэг салбарыг, тэр тусмаа банк болон даатгалын үйлчилгээг дангаар удирдаж байгаа энэхүү үйлдлийг зогсоох тухай бодсонгүй. “Банкны удирдлага улс төрчидтэй сөргөөцөлдөхөөс эмээж байна.” хэмээн Балба Растра банкны албан хаагч мэдээлжээ.

Өмнө нь, Балба Расрта банкны албан хаагчид одоогийн нөхцөл байдалтай харьцуулахад ур чадвар өндөртэй байсан, одоо улс төрийн шалтгаанаар томилогдсон албан хаагчид тус улс төрчдөөс зөвшөөрөл авахгүйгээр ямар ч шийдвэр гаргаж чадахгүй байгаа талаар тус албан хаагч мөн хэлжээ.

ХУВИЙН ХЭВШИЛТЭЙ АДИЛГҮЙ

Балба Улсад үйл ажиллагаа эрхэлж буй томоохон бизнесүүд “тоглоомын дүрэм”-ээр тоглохоос татгалзаж байна. Учир нь тус хувийн хэвшлийн байгууллагууд зах зээлд шинэ өрсөлдөгч гарч ирж тэдний бизнесийн үйл ажиллагаатай өрсөлдөхийг хүсэхгүй байгаа юм.

Энэ хүрээнд, тэд өндөр түвшний улс төрчид болон улс төрийн намтай адил шинж чанартай юм. Улс төрчид шинэ өрсөлдөгчтэй нүүр тулж, өөрсдийн олж авсан статусыг алдахаас сэргийлж тус салбарт шударга өрсөлдөөн бий болгохоос зайлсхийдэг. Иймээс байр сууриа олж авсан улс төрчдийн талд зогсож тэдэнд санхүүгийн дэмжлэг үзүүлснээр бизнес эрхлэгчид өөрсдийн үйл ажиллагааг төрийн бодлогын түвшинд дэмжих боломжтой гэж Бишну Тимилсина, Балба Улсын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах форумын Ерөнхий нарийн бичгийн дарга хэлжээ.

Байр сууриа тогтоосон бизнес эрхлэгчдийн хувьд шударга өрсөлдөөн гэдэг нь ердөө л олон нийтэд хэлдэг сурталчилгааны үг болсон билээ. Тэд төрийн шийдвэр гаргах түвшний албан хаагчдад хандив, дэмжлэг үзүүлэх замаар өөрсдийн талд тоглоомын дүрмийг өөрчлөх боломжтой учраас эдийн засгийн энэхүү зарчим хэрэгжихийг хүсэхгүй байна.

“Улс төрийн намууд сонгуульд ялахын тулд их хэмжээний мөнгө хэрэгтэй гэдгийг мэддэг бөгөөд бизнес эрхлэгчид тэдний санхүүгийн гол эх сурвалж байсаар ирсэн.” хэмээн Тимилсина хэлжээ. Тэрээр мөн бизнес эрхлэгчид ба улс төрчдийн хоорондын харилцаа хамаарал эцэс төгсгөлгүй гинжин сүлжээ болсон талаар дурджээ.

Жишээлбэл, “2016 онд алдартай эм худалдаалагч этгээд засгийн газрын тогтоосон үнээс хэт өндөр үнээр эм худалдаалсан хэргээр ял сонссон юм. Гэвч тус этгээдийг бизнес эрхлэгчдийн дарамт шахалтын улмаас тэр даруй сулласан байна.” гэж тэрээр мөн мэдээлжээ.

ЯМАР ҮР ДҮНД ХҮРГЭХ ВЭ?

Улс төрчид хүчин чармайлт гаргахгүйгээр их хэмжээний мөнгө олж байгаа бөгөөд энэхүү нөхцөл байдал нь бизнес эрхлэгчдийн хувьд мөн адил таатай байна. Учир нь бизнес эрхлэгчид ард түмэн болон тогтолцооны өмнө хариуцлага хүлээх шаардлагагүй бөгөөд төрийн хяналтгүйгээр ёс зүйтэй болон ёс зүйгүй бизнес эрхлэх боломжтой юм.

Иймээс энэхүү нөхцөл байдал олон нийтийн дарамт шахалт болон бодлогын шинэчлэлт хийхээс өмнө өөрчлөгдөхгүй талаар Тара Натх Дахал, улс төрийн шинжээч мэдээлжээ.

Танил талаа албан тушаалд томилох болон төрийн эрх мэдлийг ашиглан ашиг олох ажиллагаа нь зуршил болсон байна. Бизнес эрхлэгчид ба улс төрчдийн харилцаа хамаарал нь холбооны тогтолцоо болон ардчилалд шууд нөлөөлдөг. Учир нь ард иргэд тус хууль бус үйл ажиллагааг тогтолцооны гажуудлын үр дүн гэж хардаг билээ. Мэргэжилтнүүдийн санал нийлж байгаагаар ардчилалд итгэдэг удирдагчид болон ард иргэд улс төрчдийн хөрөнгө орлогыг нягтлан шалгахыг шаардах ёстой.

Бизнес эрхлэгчид улс төрийн намд элсэх хандлага нь Үндсэн хуулийн хоёр дахь Чуулганы сонгуулийн өмнөөс эхэлжээ. “Улс төрчид сонгуульд мөнгө хэрэгтэй гэдгийг мэддэг. Иймээс зар сурталчилгаанд маш олон бизнес эрхлэгчид оролцдог юм.” хэмээн Дахал нэмжээ. Түүнчлэн өмнө нь бизнес эрхлэгчид парламентын гишүүнээр сонгогддог байсан бол одоо сайдын албан тушаалд томилогддог болсон талаар тэрээр мөн мэдээлсэн байна.

Тара Натх Дахалын итгэж буйгаар бизнес эрхлэгчид ба улс төрчдийн хоорондын харилцан хамаарлыг хатуу чанга зохицуулалттай хуулийг баталж тус хуулийг бүх хүнд тэгш хэрэгжүүлснээр таслан зогсоох боломжтой юм.

Эх сурвалж


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.